Friday, April 30, 2010

Соёлын Шок - Cultural Shock (2 хэсэг)

Соёлын шокоос гарах ямар арга замууд байна ?


 Үнэнийг хэлэхэд Соёлын Шокоос гарах эсэх зөвхөн ЧАМААС л шалтгаална. Зөвхөн "ЧИ" л энэ хямралаас гарах эерэг алхамуудыг хийх хүн. Эхний бичлэгийг оруулчаад би жаахан интернэтээр аялж энэхүү шокноос гарах арга замуудыг хайж үзлээ л дээ. Ганзага ч хоосонгүй шүү хэд хэдэн хэрэгтэй зөвлөгөөнүүд олж авлаа. Мөн номон дээрээсээ ч гэсэн зарим нэг арга ухааныг оллоо. Ингээд эдгээр арга замуудыг багцлан өөрийнхөө үгээр тайлбарлаж, мөн өөрийнхөө баримталдаг зарим зарчимтай хослуулан доор орууллаа.
1. Аливаа зүйлийг төгс хийх гэж битгий хичээ! Энэ бол жишээ нь Англиар ярьж сурж байгаа Монголчуудад их нийтлэг тулгардаг асуудал юм. Ихэнхи нь ярьж байхдаа дүрмийн алдаа хийчихвий, дуудлага маань ямар байгаа бол гээд л наян юм бодно шүү дээ. Энэ чинь нөгөө төгс ярих гээд байгаа оролдлого. Тэгэхээр алдаатай ч бай, дуудлагатай ч бай хамаагүй ярь. Тэр хэл гэдэг юм чинь ярьж байж, туршиж байж, давтаж байж, хэрэглэж байж, алдаж байж сайжирдаг юм.
2. Битгий дуурай, битгий хуул - Өөрийнхөөрөө л бай! - За энийг бол надад хамт ажилдаг нэг өвөө маань хэлж байсан. Ёстой толгойд ороод байгаа юм даа. Тэр өвөө уран барималч хүн юм байна л даа тэгээд яг өөрийнхөө бүтээлтэй холбож тайлбарлаж байгаа байхгүй юу.
Өвөө: Ах нь байна шүү дээ залуу байхдаа нэрд гарах гээд, хүмүүст танигдах гээд алдартай уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг яг ижилхнээр хуулаад, ёстой хамаг авьясаа гаргаад хийсэн ёрөөсөө ижилхэн болохгүй юм билээ.Тэгээд дараа нь яг өөрийнхөө бодол санааг шингээгээд, загвар шийдлийг хэнийг ч хуулалгүйгээр өөрөө зохиогоод нэг вар хийсэн чинь хүмүүсээс маш их өндөр үнэлгээ авсан юм гэж хэлж билээ. Тэгэхээр байна шүү дээ андуудаа хичээлийнхээ даалгаврыг хийхдээ ч тэр, ажилаа хийхдээ ч тэр, Англи хэлээр ярихдаа ч тэр яг л өөрийнхөө бодол санааг шингээж гүйцэтгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.
3. Өөрийнхөө хянаж чадах юманд л анхаарлаа хандуул! - Өөрөөр хэлэх юм бол хийж чадах зүйлээ, урдаа байгаа зүйлээ л хий, битгий өнгөрсөн эсвэл өөрчилж болохгүй эсвэл чадал хүрэхгүй зүйлийг оролдоод бай гэсэн санаа шиг байгаа юм. Тэр элий балай улс төр, улсын төсөв мөсөв-ийн талаар санаа зовох яахав. Ямар ч байсан энэ шокноосоо гараад ав.
4. Юу чухал, юу чухал биш гэдгээ ялгаж салгаж сурах хэрэгтэй! - Өөрөөр хэлэх юм бол битгий хэрэггүй зүйлд цаг хүчээ зарцуулаад бай гэсэн үг. За энэ ч гэсэн их чухал арга байна лээ. Надад нэг эгч маань хэлж байж билээ. Би чинь нэг хэсэг хичээлдээ түүртээд тэрнээсээ халшраад интернет-д хамаг цагаа үрээд байдаг байсан буруу юм билээ.
Тэртээ тэргүй хийхээс хойш битгий юмыг хойш нь тавь. Одоо хийчхээд дараа нь сэтгэл хангалуун өөрийгөө зугаацуулахгүй юу тээ. Юу чиний амьдралд чухал гэдгээ ялга гээд байгаа. Жишээ нь сурдаг оюутан байлаа гэж бодъё л доо. Тэгсэн ах баагий шиг хичээлээ хаячаад интернетэд суугаад байя гэж бодъё. Үнэндээ хэлэхэд тэр хүн юу чухал гэдгээ ойглохгүй л яваад байна гэсэн үг. Хичээл нь хамгийн чухал зүйл шүү дээ.
5. Бэрхшээлээс битгий зугтаад байгаачээ! - Зугтаад л, халшраад л, тойроод л, хойш нь тавиад л яваад байх тусам тэр бэрхшээл чинь цасан бөмбөг өнхрүүлдэг шиг улам томроод л араас чинь хөөгөөд байна гэсэн үг шүү дээ. Жишээ нь: Англи хэл сурахаас битгий халшраад бай. Амархан юм гэж байхгүй. Tэгэхээр өдөр бүр бага багаар сураад, давтаад, туршаад л бай. Энэ ирчээрээ хэдхэн сар явчихад л шал өөр болно шүү. Мөн энэ юм сурна гэдэг үнэхээр гайхамшигтай эд юмаа. Яагаад гэхээр хүн чинь сурсныхаа хирээр улам тэрнээсээ таашаал аваад амтшаад явчихдаг юм байна шүү дээ.
6. Хэн нэгэнд бэрхшээлээ ярь!- Өөрийгөө нээ, юу бодож санаж яваагаа нэгд нэгэнгүй хэл, битгий хав дараад, би ярих дургүй гээд яваад бай. Наад дотроо хадгалаад яваад байгаа юм чинь чиний дотор удах тусам чамайг улам идээд байгаа байхгүй юу? Гэр бүлийнхээ хүнд ч юм уу, Монголд байгаа аав ээждээ ч юм уу? (Би энийг хэрэглэж байгаа хэхэхэ), найздаа ч юм уу, эсвэл Сэтгэл судлаачид ч байсан болно шүү дээ.
7. Тусламж гуй! - Хүнээс юм гуйх дургүй чинь хамаагүй зүгээр л гуйх хэрэгтэй. Багшаа надад ийм бэрхшээл тулгараад байх шиг байна би яах вэ ? Ахаа, Эгчээ, Ааваа, Ээжээ, Миний ханиа надад ийм тулгараад байнаа яах вэ ? Надаа туслаач ?
8. Нэг газар бүгдийг нь бич! - За энийг би бас хэрэглэж байгаа ёстой дажгүй арга байна лээ. Чамд одоо ямар бэрхшээлүүд байна тэрийгээ бүгдийг нь жагсаагаад бичээрэй. Сэтгэхүйн ч бай, бодит амьдралын ч бай бүх бэрхшээлээ бичээд бай. Ганц хан бэрхшээл гэхгүй толгой дотор чинь юу л болж байна бүгдийг нь бичээд бай. Жишээ нь: миний сайн муу чанар, юунд дуртай, юунд дургүй гээд л. Энэ арга бол өөрийнхөө мэдрэмжийн илэрхийлэх хамгийн эрүүл үр дүнтэй арга юм.
9. Энэ гадаад соёл, гадныхны амьдралын хэв маяг энэ тэрийг битгий зүгээр л ажиглаад бай. Маргаашнаас шууд амьдралд нь биерээ оролц! Жишээ нь чи фитнесст яваx дуртай бол маргааш очоод шууд бүртгүүл, Конки-гоор гулгах дуртай бол каток ороод гулга, Гитар дарах дуртай бол гитар худалдаж ав. Америкийн хамгийн сайхан зүйл бол юу хүссэнээ авч болдог, юу дуртайгаа хийж болдог нь гоё доо. Ингээд ирэхлээр чинь хүн чинь дуртай юмаа хийж тэндээсээ таашаал аваад мөн хажуугаар нь нийгэм олон нийттэй бага багаар харьцаад эхэлж байгаа байхгүй юу.
10. Чалчаад бай чалчаад бай чалчаад бай! Хэнтэй ч хамаагүй. Чатанд ороод танихгүй хэн нэгэнтэй ч юм уу, ойр дотныхонтойгоо ч юм уу.
11. Өөрийгөө зоригжуулж сурах хэрэгтэй! Би л гэхэд өөрийгөө зоригжуулах хэдэн уриа үг гэх юм уу олж авсан. Жишээ нь:

- Be yourself! -Өөрийнхөөрөө л бай,

- Think positive! - Юумыг дандаа эерэг талаас нь бодож бай

- Never, never, never give up! - Хэзээ ч, Хэзээ ч, Хэзээ ч, битгий бууж өг

- Do it in your own way!- Өрийнхөө бодлоор аливаад ханд, Өөрийнхөө бодож байгаагаар юумыг хий.

- Define your things and action and decide which one is the most important thing in your life - Юу чухал юу чухал биш гэдгээ ялгаж сур.

- Look forward, Don’t look backward - Урагшаа ирээдүйгээ л хар битгий өнгөрсөнөө бодоод бай!

- Trust yourself/Be confident - Өөртөө итгэ, Өөртөө итгэлтэй бай

- Don’t worry too much, Just face the problem and act - Аливаад битгий их санаа зовоод бай. Зүгээр л бэрхшээлтэйгээ халз тул!
За ингээд тоочоод байх юм бол их л арга замууд байгаа биздээ. Тэгээд бас хүн болгон өөр өөрийн гэсэн аргуудтай байгаа байхаа. Хэрэв та бүхэн боломжтой бол энэ доор сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Та бидний бичсэн зүйлийг ганц ч гэсэн хүн амьдралдаа хэрэгжүүлвэл аштай юу даа. За ингээд энэхүү бичлэгээ нэгэн сайхан ерөөлөөр өндөрлье дөө.


Монгол ахан дүүсийн минь ухаан нь саруул мэлмий нь тунгалаг байх болтугай!!!

Цэгмээ

No comments: