Sunday, April 25, 2010

ТЭД БИДНИЙГ АВНА ГЭЖ ОДОО Ч ХАРСААР БАЙДАГ

-Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдүгээ тэдний үр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зүүн
 гарын чуулган болон, 29 хошуунд харьяалагдан монгол ёс заншил, бичиг соёл, өв уламжлалаа хадгалан Чинхай мужид төвлөрөн суурьшиж байна. Дээд Монголчуудын тухай түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичиж үлдээсэн байдаг.

Манайхны хамгийн том алдаа нь Хятад улсад байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол гээд ойлгочихдог.
Тэгтэл Шиньжаны монгол, Кордогийн монгол, Дээд монгол, Дэлхийн монгол, Цагаан монгол, Цастын монгол гээд ийм олон монгол үндэстэн байна. Дээд монголчууд манай монголчуудыг үнэхээр дээдэлдэг. Монгол бичиг, хэл соёл нь үлдсэн болохоор түүх сурвалжаа их судалсан байдаг. Дээд монголын айл болгон гэртэй гэр дотроо эргэнэг, гуулин шанага, домбо, тулга гээд бүгд байдаг. Хөсөг тэрэг бүгд бий. Тэнд очоод удаан хугацаагаар амьдарсан эрдэмтэд цөөхөн. Буурал эрдэмтэд маань ерөнхийдөө арлаар нь маш сайн мэддэг. Хятадаар бичигдсэн сурвалж бичгүүд их байдаг. Өвөрмонголоос хоёр мужийн цаана амьдардаг, 350 жилийн өмнө очсон үндэстэн гэхэд Өвөрмонголчуудын түүхийн эрэл галавын үеэс шал өөр үндэстэн байдаг. Дээд монголд биднийг галт тэрэгнээс буухад цагаан эсгий дэвсэж, хадаг сүү бариад угтдаг. Хэнтэй ч холбоо бариагүй байхад тэгж хүлээж авч байгаа юм. Тэд биднээс илүү ахуй амьдрал, зан заншлаа хадгалаад үлдсэн, үргэлж биднийг ахан дүүсээ гэж бодож суудаг юм билээ.
-Өөр ямар үндэстэн хаана байна вэ?

-Тархан суурьшсан монголчуудын тухай ярихаар нийгмийн хоёр лагер зайлшгүй холбогдож байгаа юм. Нэгдүгээрт нь коммунист дэглэмтэй, хоёрдугаарт нь лалын шашинтай. Оросд байгаа монголчууд бол ойлгомжтой. Буриад, Тува, Халимаг гээд тэртээ тэргүй монголчууд ярих, судлах дуртай учраас ойлгомжтой сэдэв рүү орохыг бид хүсдэггүй. Хүмүүсийн хүрч чадахгүй байгаа, мэдэхгүй тэр алслагдсан үндэстнүүдийг судлахыг зорьж ажиллаж байна. Афганистаны "Хазара" гэж монгол үндэстэн бий. Энэ нь "мянган морьтон" гэсэн үг. Афганистаны түүхийн ямар ч зохиолд Чингис хааны байлдан дагууллын тухай дурдсан байдаг.Эдүгээ зургаан саяар тоологддог "Хазара" үндэстэн ч мөн энэ л дайны халуун мөр бөлгөө. Цухас дурдахад энэ их дайнд Иран, Ирак, Афганистаны гурван сая гаруй хүн амь үрэгдсэн нь тухайн үедээ тэдгээр улсын хүн амын 30 хувь нь байжээ. Хазара үндэстэн үнэхээр дарамтлагдсан, гологдсон ард түмэн юм билээ. Монголчуудын байлдан дагууллаас хойш нэг ч удаа сэргэн мандалт явагдаагүй. Дайны хөл тасраагүй гэж Хазарачууд одоо ч ярьдаг. Ер нь ажиглагчид ч тэгж дүгнэдэг. Мэдээж лалын шашинтай дайн байлдаантай газар очиж судалгаа хийнэ гэдэг бол эмэгтэй хүний хувьд нэлээд хүнд байсан.
-Судалгааны ажлаар Афганистан руу явахдаа айж байгаагүй юу, таныг хэн нэгэн ивээн тэтгэдэг үү?

-Мэдээж дайн байлдаантай, лалын шашинтан улс руу ганцаараа явахад эвгүй байсан. Тэнд байдаг Монгол эмэгтэй надад их тус болсон. Ямар нэгэн ивээн тэтгэгч байдаггүй. Би өөрийн сайн дурын үндсэнд судалгаагаа хийж явдаг. Афганистаны дөрвөн хотод очиж судалгаа хийсэн. Кабул, Хираф, Домняан, Газник гэж. Афганд ганц эмэгтэй очоод зураг аваад судалгааны ажил хийнэ гэдэг бас л зориг шаардсан ажил байлаа. Энэ бол монгол хүний давуу тал юм болов уу гэж бодогдсон шүү. Яагаад гэвэл барууны дүр төрхтэй хүн камер бариад "Хазара" айлд очиж зураг авна гэж байхгүй. Харин Монгол хүн байнаа гээд айлд ороход тэр дундаа эмэгтэй хүнд илүү ойр дотно хандаж байсан. Орчуулагч маань ари хэлнээс орчуулга хийж өгч байсан, үнэхээр сайхан байлаа. Айлуудаар очиход Домнян мужийн Монголын "Хашгираа"-ны хот гэдэгт очсон. Чингисийн довтолгооны дараа ийнхүү нэрлэдэг болсон юм билээ. Тэнд очиход хаа сайгүй яс, эвдэрч сүйрсэн ваар сав,төмрийн сэг зэв яг л тэр чигээрээ. Балих гэдэг хотыг эзлээд хэнийг ч үлдээлгүй хүйс тэмтэрсэн гэж хөгшчүүл ярьж байсан. Тэнд нь очоод ярьж байхад нутгийн угуул иргэд энэ довтолгооноос хойш Балых гэдэг хот дахин сэргэн мандаагүй. Энэ хотын туурь дотор гадаад хүн орж байгаагүй. Довтолгооноос хойш дахин хэн ч ийшээ зүглээгүй. "Хараагдсан" хот гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан. Тэр дүр зургийг баримтжуулж авсан. Удахгүй телевизээр үзэгч түмэндээ хүргэнэ.
-Та өөрийн судалгааны ажлаа цуврал маягтай хийж байгаа гэж ойлгож болохуу? Дахиад хаашаа зорих бол?
-Тийм цуврал. Цагаан монголчуудын тухай "Тунтрахиймаа" гэж баримтат кино бүтээсэн. Энэ бол нөгөө дээр ярьсан эргэж ирээд аваад явна гэсэн хүлээлтийн 35 бадаг дууны нэр байгаа. Хазара үндэстний тухай хийсэн киногоо "Хайртай гэж хэлж өгөөч" гэж нэрлэсэн. Долоо, найман зуун жилийн өмнө хүчирхэг байсан Хазарчууд өнөөдөр хамгийн доод үндэстэн хэмээн гологдож дарамтлагдаж амьдарч байна. Яагаад бид элэг нэгт үндэстнүүддээ хайртай гэж хэлж болохгүй гэж хэмээн ярьж басан Хазара хүний үгээр нэрлэсэн. Кабулын онгоцонд суугаад 30 минут орчим болж байтал бөмбөг дэлбэрч байсан. Мэдээж надад аймаар санагдаж байсан. Дээд монголчуудын тухай "Монголын төлөөхи зүрх бүхэнд" зориулав гэж нэвтрүүлэг хийсэн. Дээд монголчууд үнэхээр гайхамшигтай 90 мянган хүнтэй мөртлөө. Бичиг, соёлоо авч үлдсэн үндэстэн. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Монгол бичгээ хэрэглэдэггүй бидний хувьд ичмээр санагдаж байсныг нуух юун. Дээд монголчууд сонины хороо, сургууль, радио бүгд монгол бичиг, хэлээрээ ярьж бичнэ. Уртын дуу, хөсөг тэрэг, монгол гэртэйгээ үлдэж чадсан. Цагаан монголчуудыг бодвол Дээд монголчуудын амьдрал боломжийн хангалуун бас боловсролтой. Тэдний ганц хүсэл нь монголдоо очиж үзэх юмсан гэж ярьдаг. Бид нэг малчин эгчийнд очоод юм ярьж суутал, тэр эмэгтэй энэ насны амьдрал маань ингээд өнгөрлөө. Хойд насандаа Монголдоо төрж монголынхоо агаарыг нэг амьсгалах юмсан хэмээн ярьж байсан. Үнэхээр үндэсний үзэл, монголоо гэсэн чин сэтгэл дээд зэргээр оршсон үндэстнүүд биднийг хүлээж харж байдаг гэдгийг хүмүүст мэдрүүлхийг хичээж байна.
Өнөөдөр манайхан Монголд амьдрал хэцүү боломжгүй гээд яриад байдаг. Гэтэл тэр Лалын шашинтай улс оронтой харьцуулахад монголд бүх боломж байна. Энэ олон аяллын дараа надад өөрийн эрхгүй тэгж бодогдсон.Монголд дэндүү эрх чөлөө байгааг харсан даа.
-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ, Яг өөрийн тань судалгааны эцсийн зорилго юу вэ? Монголчуудыг нэтгэх гэсэн бодол уу?

-Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хот байсан. Хархориноос байлдан дагуулал эхэлж байсан бол яагаад Хархориноос судалгааны ажлаа эхэлж болохгүй гэж бодож байна. Хархорин монголын нийслэл байсан шиг. Монголын баруун нийслэл Ираны Таблиц хот байсан гэдгийг тэр болгон Монголчууд мэддэг болов уу, Иран руу явах гэж олон удаа оролдсон. Үймээнтэй байгаа учраас аялал маань нэлээд хэдэн удаа хойшилсон. Хэдхэн хоногийн дараа Иран явахаар болоод байгаа. Иранд хэдэн мянгаар биш цөөхөн монголчууд байдаг. Иракт ч монгол үндэстэн бий.
-Судалгаа хийгээд явж байхад чинь дээрх Монгол үндэстнүүдээс хамгийн их бидэнд элэгтэй. Монголд ирэх юмсан. Нэгдэх юмсан гэсэн санаатай нь ямар үндэстэн байна вэ?

-Хазара хүмүүстэй уулзаад би монгол байна гэхээр би ч монгол. Бид хаадын удам гэж ярих их дуртай юм билээ. Зарим нь болохоор та нараас болоод өнөөдрийн өдрийг хүртэл пашту хүмүүст дарамтлуул амьдарч байна гээд хялайх хүн ч таарсан. Үнэхээр хамгийн ажилгүй, ядуу, боловсролгүй нь Хазарачууд байдаг юм билээ. Зарим нь монгол гэдэг үндэстнийг мэдэхгүй гэдэг юм. Хамгийн анх таван жилийн өмнө Цагаан монголд очиход нэг настай эмэгтэй биднийг дагаад явахаар шийдсэн л дээ.Тэгээд бид паспорт, виз гэж байдаг. Шууд ингээд явж болохгүй хэмээн учирласан чинь бүр уйлаад дагаад байсан. Зарим үндэстнүүд өрөвдмөөр бараг Бээжин рүү ороход визтэй шахуу юм билээ. Дунсиань үндэстнүүдийн дунд 4-5 сар хамт амьдарсан. Настай хүмүүс нь дунсианаар яриад түүх яриад гэр орныг нь цэвэрлээд тариа тарилцаад цуг байхаар их дотнож бидний мах цусны тасархай гээд уйлаад л хамаг домог, мэддэг бүхнээ ярьж өгдөг. Дан ялангуяа настай эрэгтэйчүүд нь монголд их элэгтэй. Дунсиань хэл нь алтай язгуурын хэл л дээ. Гэхдээ шашнаар дамжаад хэл соёл их өөрчлөгддөг юм билээ.
-Хамгийн түүх, соёлоо авч үлдсэн үндэстэн ямар үндэстэн вэ?

-Дээд монголчууд хятадад уусах боломж байсан. Тэгтэл тэд бичиг соёлоо хадгалаад үлдсэн учраас үнэхээр үндэстнээрээ үлдэж чадсан. Нэг сургуульд зочлоход л монголчуудаа харна гээд бүр цувчихдаг. Монгол хүнийг харах гэж л ирж байгаа юм. Дээд монголчууд Монголын талаарх мэдээллийг сайн авдаг юм билээ. Монголын сонгууль, Ерөнхийлөгч нь хэн юм бэ, яруу найрагч Пүрэвдорж, Цоодол, Хулан, Лхагвасүрэн, дуучин Сосорбарам, Жавхлан гээд сайн мэддэг. Дээд монголчуудын хувьд "Нүүдэл суудал" романыг монгол бичгээр буулгачихсан гэртээ залдаг. "Монголын нууц товчоо", "Хар чоно" орсон айл болгоны хойморт харагдсан. Чингис хааны хөргийг залаагүй монгол айл бараг байхгүй. Монголд Чингис хаанаар тамхи хийчихсэн гэсэн тиймээ гэж асууж байсан. Нэг жишээ хэлье л дээ. Дээд монгол багш залуугийнд Ар монголын нэг хүн Чингисийн зурагтай тамхи бэлэглэж л дээ. Тэгсэн тамхийг нь татаж дуусаад Чингисийн зурагтай хайрцгийг нь бурханы хажуудаа залах гэсэн нэг л зохимжгүй. Шатаах гэхээр Чингисийн зургийг шатаамааргүй байдаг гээд нэлээд олон жил хадгалсан гэж ярьж байсан. Тийм үнэн сэтгэлээсээ үнэмшилтэй хүндэлдэг юм билээ. Ерөөл, магтаал, зан заншил, хувцас хэрэглэл үнэхээр гайхамшигтай. Монгол ахуйг биднээс илүү хадгалж үлдсэн. Улааны шашин, Шарын шашин хоёр 350 жилийн өмнө Хөхнуурт мөргөлдөж л дээ. Цогт хунтайж улааны шашинтай, Гүүш хаан шарын шашинтай. Мөргөлдөөн болоход Тавдугаар далай ламын байр суурь ганхаж эхэлсэн. Тавдугаар далай ламын урилгаар хөх нуурт очиж нэлээд том мөргөлдөөн болж Гүүш хааны ялалтаар дууссан. Дээд монголд Хошууд, Цорс, Ойрад, Халх гэсэн дөрвөн үндэстэн байдаг. Зарим нь 800 жилийн өмнөөс үлдсэн, зарим нь ХХ зууны эхэн үед эсэргүү бослогын үеэр монголоос нэлээд олон лам хувраг очсон байдаг. Гарлыг нь ингэж тайлбарладаг юм билээ.
-Таны судалгааны хамгийн сүүлийн гол үр дүн, зорилго юу вэ, Монголчуудыг нэгтгэх гэсэн санаа юу, Дээрх үндэстнүүдийг монголд авч ирэх гэсэн юмуу?

-Энэ сэдвээр дугараад ирэнгүүт хүмүүс нийлүүлэх гэж байна гэж ихэнх нь ойлгож байна лээ.Зарим нь клуб байгуулья гэж яриад байдаг. Миний гол зорилго бол Манай тусгаар улс монголчууд маань дэлхий даяар тархан суурьшсан монголчуудын талаар мэдлэгтэй байгаасай. Тэднийг мэдэж байгаасай. Байлдан дагуулал, Чингис хаан гэж бахархаад байдаг. Дараа нь юу болсон юм бэ. Дараа нь түүх үргэлжилсэн. Үүнийг үнэнээр нь мэдрээсэй гэж хүсэж байгаа юм. Эргэж ирээд аваад явна гэсэн тийм бодолтой биднийг ахан дүүс минл гэж хүндэлж бахархаж байдаг үндэстнүүд байна шүү гэдгийг мэдүүлхийг хүслээ.
Өнөөдөр манай монголчуудын ихэнх нь өөрсдийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй. Хямралтай, ажилгүй, ядуу байна гээд л. Тэгвэл лалын шашинтай, коммунист дэглэмтэй, мэдээлэлгүй хаагдмал амьдарч байгаа монгол үндэстнүүдээ хараад өөрийн улс орондоо эрх чөлөөтэй, сайхан амьдрах боломж байгааг илүү их хараасай гэж хүссэн. Америк, Солонгост ажил хийнэ сайхан амьдарна гээд яваад байдаг. Тэгвэл тэр тусгаарлагдсан үндэстнүүдэд бидний эх орон диваажин мэт санагдаж байна шүү дээ. Монгол гэдэг энэ орондоо сэтгэл хангалуун, боломжоороо баялаг бүтээж амьдарч болохгүй гэж үү. Улс төрийн тухай дурьдахыг хүсээгүй. Зарим хүмүүс хятадуудыг сурталчилж байна гэж шүүмжилж байна лээ. Энэ бол тэр хүмүүсийн мэдлэггүй байгаагийнх нь илрэл. Чи өөрөө хятадын эрлийз үү ч гэх шиг. Монголоо гэсэн сэтгэлтэй үндсэрхэг үзэлтэй байхын тод жишээг харуулхыг зорьсон минь биелэлээ олж байх шиг байна.

Д.Догсмаа /MONTSAME/

No comments: