Friday, April 30, 2010

Соёлын Шок - Cultural Shock (1 хэсэг)

Энэ тухай дээр үед уншиж байсан бөгөөд би болон миний эргэн тойронд байгаа залууст тохиолдож байсан одоо ч  тохиолдсоор байгаа асуудал юм. Бидний ихэнх маань соёлын шоконд орчихсоноо тэр бүр сайн мэдэхгүйн улмаас цагаа дэмий зүйлд үрэх ганцаараа шаналах зэрэг асуудлууд гардаг. Тиймээс Цэгмээ гээд залуугийн бичсэн бичлэгийг олж уншсанаа блогтоо орууллаа. Хэн нэгэнд нь тус болж юуны магад тиймээ?

Соёлын Шок гэж юу вэ ?

Соёлын шок гэдэг нь хоёр өөр соёл, ёс заншилтай хүмүүс хоорондоо харилцаанд ороход үүсдэг хямрал бөгөөд энэ нь зөвхөн бодит харилцаанаас үүсээд зогсохгүй, бас бодит бус харилцаанаас ч үүсэж болох юм л даа. Ганцхан хямралаар зогсохгүй энэ шоконд орсон хүнд айдас төрөх, үл ойлгогдох байдал, өөртөө итгэлгүй болох, өөрийгөө үнэлэх чадвар нь буурах зэрэг маш олон шинж тэмгийг нэрлэж болно. Бодит бус харилцаа гэж юу гэсэн үг вэ гэхээр хүн удаан байсан нэг орчиноосоо шилжиж нөгөө орчинд ороход ч гэсэн хэлж ярихгүйгээр шинэ орчны шинж чанаруудыг өөртөө тусгаж байдаг юм. Ер нь байна шүү дээ ярихаас бусад бүх эрхтэнүүдээрээ мэдэрдэг биет бус харилцаа гэх юм уу даа. Жишээ нь: шинэ орчинд ороход хүн чинь харна, үнэртэнэ, мэдрэнэ, хүрнэ, гээд л . Эдгээд харилцаануудыг л бодит бус харилцаа гээд байгаа юм.

Ямар хүчин зүйлүүд соёлын шоконд нөлөөлдөг вэ ?
За энэхүү шоконд их олон хүчин зүйлүүд нөлөөлж болох юм л даа. Энэ удаа ерөнхий нийтлэг хүчин зүйлүүдийг нь хэлэхийг хичээе.
1. Гадаад хэлний мэдлэг дутагдах - За энэ бол яалт ч үгүй 1 номерын бэрхшээл байгаа юм. Ягаад гэвэл харилцаанд орох хамгийн гол хэрэгсэл бол хэл.
2. Тухайн хүний дотоод зан чанар - Энд бол яг тухайн хувь хүн ер нь хэн бэ гэдгээс шалтгаалж шоконд орох эсэх нь харагдана л даа. Жишээ нь: Манай монгол залууст байдаг хамгийн нийтлэг чанар бол муу зүйлд их автамтгай, мөн өөртөө их итгэлгүй хүмүүс байдаг. Энэ ганц хан хувь хүний буруу биш маш олон зүйл нөлөөж байгаа юм л даа. Нийгэм, гэр бүлийн хүмүүжил гээд л.
3. Тухайн хүний харилцааны чадвар - За энэ бол манай Монголчуудад тохиолддог бас л нийтлэг шинждээ. Ер нь манайхан чинь нэг их яриад, өөрийнхөө бодол санааг илэрхийлээд байдаггүй хүмүүс шүү дээ. Энэ бол туйлын буруу зүйл юм. Хичнээн даруу дөлгөөн ч гэсэн ярьдаг байх хэрэгтэй. Хүн болгонд ярих гэж л ам заясан болохоор даруу ч бай, ноомой ч бай, ярих дургүй ч бай, яриа хүмүүст дургүй ч бай одоогийн нийгэмд тэр тусмаа гадаадад ярианы чадвар зайлшгүй хэрэгтэй.
4. Бие даах чадвар - Гадаадад суралцах гэж ирж байгаа ихэнхи залуус маань бие дааж сураагүй байх нь ойлгомжтой. Гадаад оронд чинь сурахын цаана чинь бас амьдрал гэж юм өрнөж байдаг болохоор яалтчгүй өөрийнхөө амьдралыг авч явах хэрэгцээ гарна даа. Нөгөө дайны хажуугаар дажин гэгчээр oрчиндоо дасаж ядаж байдаг, cурах гэж ядаж байдаг, бас дээрээс нь амьдралаа авч явна гээд маш их ачаалал ирж байгаа юм даа зайлуул. Тэгээд бас манайхан чинь ядуу орны хүмүүс болохоор Монголоос тэтгүүлээд ажил хийхгүй сургуульдаа явна гэж үлгэрийн далай.
5. Туршлага - энэ бас их нөлөөлнө. Ядаж л урьд өөр орон яваад үзсэн хүн чинь амьдрах арга ухаанаа олно шүү дээ. Харамсалтай нь Гадаадад ирж байгаа ихэнхи Монголчууд маань нутгаасаа ч гарч үзээгүй зарим нь зайлуул Улаанбаатар хотруугаа ч орж үзээгүй шууд нисээд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй энэ хүчин зүйл соёлын шоконд нөлөөлж байгаа юм.

Ямар хүмүүст соёлын шок тохиолдож болох вэ ?
Ер нь ямар ч хүмүүст тохиолдож болно доо. Гэхдээ ихэнхдээ оюун ухаан төлөвшөөгүй, өөрийгөө бүрэн удирдаж сураагүй, урьд өмнө энэ хямралыг мэдэрч үзээгүй залуу хүмүүст тулгардаг юм шиг байгаа юм. Хамгийн тод жишээ бол: одоо гадаадад сурж ажиллаж байгаа залууст ялангуя гадаад оюутнуудад маань нийтлэг тулгарч байгаа асуудал юм. Би ч гэсэн энэ шоконд орчихсон л явж байх шиг байна. Өөрийнхөө энэ асуудлаар энэ бичлэгийн төгсгөлд эсвэл дараагийн хэсэгт чадвал бичнээ.

Соёлын шоконд орсноо яаж мэдэх вэ ? Шинж тэмдгүүд

Дараах шинж тэмдгүүд илэрч болох юм.
1. Шүүмжлэгч - Тухайн байгаа орчин соёлоо их шүүмжилдэг болж магадгүй юм.
2. Гомдоллогч - Ямар нэгэн зүйлд их гомдолдог болох.
3. Ажлын үр бүтээмж буурах. Жишээ нь: сурж байгаа оюутан бол сурлагтаа муудах, сонирхол нь буурах, гэх мэт.
4. Гэрийн буга - гэрээс гарах хүсэлгүй болох.
5. Нийтэч бус - Шинэ орчны хүмүүстэй харилцаанд орохоос айдаг болох гэж бас болох юм. Жишээ нь: Америкт байдаг Mонгол залуу хэлнийхээ проблемоос болоод Америкчуудтай болон өөрийн эргэн тойронд байдаг хүмүүстэйгээ харилцаанд орохоо байх.
6.Өөртөө итгэлгүй болох - Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах гэж бас болох л юм. Өөрийгөө их голдог болох, өөрийнхөө хийсэн зүйл сэтгэл хангалуун бус, Өөрийгөө бусдаас доогуур гэж байнга боддог болох, гэх мэт.
7. Тухайн орны хэл сурахаас татгалзах, бууж өгөх, хаях
8. Өөрийгөө хамгаалах чадваргүй гэж бодох гэх юм уу даа - Тухайн амьдарч буй шинэ орчин, орондоо өөрийгээ аюулгүй гэж бодож чадахгүй байх. За байз feel unsafe, insecure гэдэг юмда.
9. Хэн нэгэн ухаантай хүнээс зөвлөгөө авахыг их хүсдэг, эрэлхийлдэг болох.
10. Гэрлүүгээ, эх оронлуугаа буцахыг байнга бодох. За энэ бол гадаадад байгаа манай залууст байнга тохиолддог шинж тэмдэг дээ. Ингэж л бодож байгаа бол соёлын шоконд л байгаад байна гэсэн үг.
Соёлын шок ямар хор уршигтай вэ ?

Би дээр зухас дурдаад өнгөрсөндөө энэ хямралаас болоод маш муу үр дагаварууд гарч болох юм.Гэхдээ илүүдэх юу байхав энд ч гэсэн бичлээ.

1. Гадаад орчин-д бол нэг их хор уршиг тариад байгаа анзаарагдахгүй байж болох юм. Гэхдээ л тодорхой хугацааны дараа гараад л ирэх ёстой. Нийтлэг гадаад орчинд тарих хор уршигыг энд тоочлоо.
- Ажлын бүтээмж муудах- Жишээ нь: Сургуулиа орхих, ажлаа хаях гэх мэт
- Бусадтай харилцах нь багасах - Бусдаас өөрийгөө тусгаарлах
- Найз нөхөдгүй болох

- Ямар нэгэн муу зуршилд автагдах (Архинд орох, хар тамхи татах, тамхинд орох гэх мэт) За ингээд тоочоод байвал их л хор уршиг гарч ирэх байхдаа.
2. Дотоод буюу яг тухайн хүний оюун ухаанд нөлөөлөх хор уршиг гэвэл

-Өөртөө итгэлгүй - Адаар зантай - Их шүүмжлэгч - Жожиг - Ганцаардмал - Өөрийгөө үнэлдгүй гэх мэт муу зан чанарууд гарч ирж болох юм.

No comments: