Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун. Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.
Утга учиргүй аялдан дагалдсаар байх аваас гэмгүй нэгэн салбадай байснаа бялдууч, бялангач аюулт этгээд болон хувирахад холгүй. Хүн шиг байж болох хүний хүн төрх, мөн чанарыг алдуулагч - бялдуучлал гэх албин нэн аюултай. “Бялангач зан, зусардалт, аялдан зохицох байдал зэрэг нь томоос том гай хорлол юм”. Алба тушаал, алдар хүнд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст гол төлөв бялдуучлана. Бялдууч болгон тэднийг хуруу гарын үзүүр, харц хөдөлгөөнөөрөө удирдаж байдаг “эзэдтэй” байна. Нэг тэнэг өөрийгөө магтуулахын тулд өөр нэг илүү тэнэгийг эрж хайж олдог. Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ. “Өөрөөрөө хэтэрхий бахархдаг хүн бялдуучлагчдад амархан автдаг” гэнэ. Бие тоосон сагсуу хүмүүс бялдуучдын хараанд амархан өртөнө. Айдаг хүндээ бялдуучлах нь тэдний хувьд ёс юм шиг үйлдэл нь. Бялдуучид эздийнхээ харц бүрийн хариуд боолын долигонолоор марсайн инээж байдаг. Бялдуучид эздийнхээ хэлсэн үг болгоныг туйлын үнэн мэтээр, уулга алдан хүлээн авна. Бялдуучид эздийнхээ зөв ч, буруу ч бүх үйл хөдлөлд хүлцэнгүйгээр алга ташиж суудаг юм. Эздээ утгагүй дуурайх нь бялдуучдын хамгийн үнэн нүүр царай. Эздийнхээ, бусад хүмүүст юуны түрүүн анзаарагддаг, төдийлөн таатай бус үйл хөдлөлийг нь хуулбарлан дуурайх аядана. Хуруу гарын хөдөлгөөн, үг ярианы өнгө, хоолойн шахалт, үсний засалт гээд дуурайхгүй юм байхгүй. Тэднийгээ дагалдан заримдаа инээд алдаж, заримдаа нулимс алдана.
“Бялдуучлал хэзээ ч аугаа их сэтгэлийн гүнээс гардаггүй, тэр нь хэн нэгэн том хүнд татагдаж, түүний амьдралын хүрээнд нэвтрэхийн тулд улам бүр жижгэрч чадах өчүүхэн сэтгэлийн хувь тавилан байдаг” гэж нэгэн их зохиолч бичсэн байна. Бялдуучлал тэнэг хүмүүсийн үмхлэх дуртай амтат мах, гэхдээ хэчнээн ухаалаг хүмүүс ч энэ махнаас огтлоход бэлэн байдаг. Тэгэхээр бялдуучлал гэдэг осолтой тоглоом байгаа биз. Хөдөлшгүй зарчимтай гэх, бусдын хүндлэл хүлээсэн, ухаалаг гэж үнэлэгдсэн хүмүүс хүртэл өчүүхэн жижиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрөөсөө томчуулд хөл алдан зулгуйдаж байхыг харахад нүд хорсом гунигтай. Зулгуйдахаа больчих л доо. Ямар амь биш, заяа биш.
“Зусардалт үзэн ядалтаас илүү аюултай”. Үзэн ядалтын аюул ил хөнөөлтэй байдаг бол зусрын аюул далд хөнөөлтэй. Ил аюулаас сэргийлэх боломжтой, далд аюулаас хамгаалахад бэрх. Хээрийн боохой, гэрийн нохойтой төстэй байдаг шиг бялдууч нар найз нөхөдтэй адил санагддаг. Гэхдээ тэд хэзээ ч найз нөхөд байж чаддаггүй юм. Үнэнч нөхрийн дүр эсгэн зусардан дагаж байсан эзнээ хамгийн эхний гарман дээр сийхгүй худалдаж дөнгөнө тэд. Бялдуучлал сайхан байсан хүнийг хайрын хүн болтол нь эвддэг. Зусарчид өөрийн гэх нүүр байхгүй. Тэд орчиндоо зохицох хиймэл багийг нүүрэндээ солин сэлгэн зүүж явдаг юм.
Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадахын муухайгаар чадаж дөнгөнө. “Бялдуучилж чаддаг хүн гүтгэж чаддаг”. Гүжир гүтгэлгээр мандаж байсан нэр төрийг шавартай хутган буртаглан бохирлоно. Бялдуучид нүүрэн дээр нь тэнгэрт тултал магтаад нүднээс далд газар дор ортол муулж чадна. Бялдуучид таахалзуур байдаг. Ивээлд нь байгаа эзнийхээ сүр хүчийг өөрийнх мэт бодон мунхаглаж, дээшээ долигонон бөхөлзөх мөртлөө доошоо чичлэн таахалзаж байх нь ичгэвтэр. Алба тушаал, эрх мэдэлтэй байхад нь алд алдын хадаг дэлгэн нахилздаг байсан бялдуучид алба тушаалыг орхисны дараа амар мэндийн зөрүүгүй сэлбэлзэнэ. “Бүх бялдуучид яахын аргагүй худалч байдаг”. Эзэндээ итгэл олж авахын тулд баруун солгойгүй худал хэлнэ. Ийм зусарч хүмүүст ариун гэгээн гэх юм нэг ч үлддэггүй. “Хамгаас бялангач зантай хүмүүс бусдаас илүү тэнэг байдаг” юм гэсэн шүү. Бусдаас илүү тэнэг хүмүүс юунаас ч илүү тэнэг үйлдлийг хийж магад. Эргэн тойронд чинь зусар бялдуучдын сүрэг багширч байна. “Бялдуучлал бол гэмт хэргийн шимт орчин” байдаг тул эргэн тойронд чинь багширч байгаа тэр аюулт сүргээс үргэлж болгоомжилж, өөрийгөө хамгаалах зөн билгээ зөв залан жолоод. Хэн нэгэнд зусардан бялдуучилснаар цаг зуурын ашиг хонжоо олж болох ч өр төлөөсөнд нь хүнээ алдаж, новшийн амьтан болон хоцорно. Бялдуучдыг ашиглаад хаях нь эздийн хувьд татсан тамхиныхаа ишийг хаяхтай адил хялбархан.
Зусар бялангач зангаас салж, холдох боломж хэзээд байгаа. Энэ бол чиний бие хийгээд сэтгэлд үүрд хадаан тамгалсан тамга биш. Ялих шалихгүйн манан дунд мунгинасаар энэ боломжийг алдсаар байх юм бол чи л хөөрхийлөлтэй. Зусар бялангач занг орхин хаяхгүй бол утга учраа алдаж өмхийрсөн сэтгэлгээний хог хаягдал дунд новшрон үлдэх вий. Зусар бялангач нарт хувь хүний цэцэглэх үндэс байхгүй. Үндэсгүй амьдралыг там гэдэг. Тамын амьдралд жаргал үгүй. Бялдуучид тамд тарчилж байгаа гэдгээ эрхбиш ойлгох ёстой. Тамын харанхуйг таних хурц саруул билгийн нүдээ нээх хэрэгтэй. Билгийн нүдээ нээхгүй бол бялдуучдын орогнон буй түнэр харанхуйд тэмтэчсэн хэвээр байх болно.
Бусдыг аялдан дагалдагч салбадай болчихгүй юм шүү гэж өөртөө хатуу шаардлага тавь, бусдад бялдуучлагч болчихгүй юм шүү гэж өөртөө хатуугаас хатуу андгай тангараг тавь!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment