Friday, April 30, 2010

МОНГОЛЧУУДАА, ИХИЙГ ХУЛГАЙЛЦГААЯ

 Нэт ухаж байтал сонирхолтой нийтлэл олсноо шууд хуулаад оруулчихлаа. Миний хувьд ч гэсэн энэ хүнтэй санал нэг байдгийн хувьд энэ тал дээр дор бүрнээ хичээгээсэй гэж боддог. Жишээлбэл: Солонгост ажиллаж буй олон мянган залуучууд маань зөвхөн олгогдсон ажлаа хийж хэдэн төгрөг олохоо биш цаашдаа нутагтаа очоод үүнийг яаж нэвтрүүлэх бэ гэдэг тал дээр толгой ажиллуулаасай. Ингэж чадвал буцаад очихоор ажил олдохгүй мөнгөний их үүсвэргүй байна гээд эргээд барууны аль нэг оронруу цагаачиллах хэрэггүй эх нутагтаа тайван сайхан амьдрах боломж бүрэн байгаа. Мөн над шиг гадаадад сурч байгаа олон оюутнууд  энэ тал дээр дор бүрнээ анхаарч байж улс орноо хөгжүүлнэ. Ингээд та бүхэн нэгийг тунгаан бодож үзээрэй.

imp_group2004@yahoo.com

Хэдхэн жилийн дотор төрж өссөн Монгол улсынхаа хөгжил, амжиргааны түвшинг Япон, Швецарь, Израйль шиг болгох бүрэн бололцоо бидэнд байна гэвэл та эсэргүүцэх үү? Тэгвэл шатаар өгсөж буй мэт түргэн хөгжлийн нууцын нэгийг таны өмнө дэлгэж байна. Энэ бол маркетинг, менежмент гэх мэт нийтийн сургууль курсуудээр ил заадаг, номон дээр улиглан бичдэг тэрхүү залхуутай онол ердөө ч биш. Энэ бол ердийн л хулгай. Эдийн засгийн гайхамшгийг илбэ мэт бүтээдэг энэ тогтоц өнөөг хүртэл манай зэлүүд нутаг дээр байгуулагдах нь байтугай төсөөлөгдөө ч үгүй л явж байна. Гэтэл ахар богино хугацаанд хөгжиж хүчирхэгжсэн улс гүрнүүдийн оньс түлхүүр нь үүнд л нуугдаж байдаг юм шүү дээ.

Тэгвэл энэхүү гайхамшигт хулгайн бай нь чухам юу юм бэ? Энэ бол шууд хэлэхэд технологийн хулгай юм. Бид технологийн зуунд амьдарч байна. Ерөөсөө ч өнгөрсөн бүх эриний хөгжлийн жор технологийн нууцад л оршиж байлаа. Ирээдүйд энэ хамаарал улам бүр ихэснэ.

...Технологийн хөгжлийн зүгээс нь манай гариг дээрх улс орнуудыг гурван хэсэгт хувааж болмоор.

1. Технологийг бүтээгчид

2. Түүнийг нь хулгайлж завшигчид

3. Бэлэн бүтээгдэхүүн хэрэглэгчид.

Гэтэл амьдрал дээр технологийг бүтээгч улс орнууд хөгжлийнхөө хурдаар тэгтлээ манлайлж гайхуулаад байдаггүй. Учир нь тэдний бүх хөрөнгө баялаг, оюуны эрчим хүч нь чухамхүү бүтээх үйл ажиллагаанд л хамаг нөөцөө шавхаж орхидог. Гэтэл түүнийг нь хэний ч санаанд оромгүй замаар хулгайлан завших тогтолцоог бий болгочихсон улсууд нэгэнт олон зууны туршид асар их хөлс хүчээр бий болгосон нууцыг нь завшиж олоод, өөрийн бүх нөөц бололцоогоо түүнийг үйлдвэрлэл, худалдаа, мөнгө болгоход зарцуулдгаараа асар их давуу байр суурь эзэлдэг ажээ.

Илүү суурь мэдлэг, соёлтой нь бүтээдэг. Харин илүү сайн хулгайчтай нь түүнийг завшиж түрүүлэн хөгждөг. Нөгөөх хэрэглэгч хэмээх гуравдахь ангиллын улс орнууд түүнийг нь худалдан авагчид тул тэд бусдаас шууд хамааралтай хамгийн буурай, хоцрогдонгүй хэсэг болдог. өнөөгийн байдлаар манай улс энэ гурав дахь анилалд хамаарна. Тэгвэл бид яаж хамгийн үр ашигтай буюу хоёр дахь ангилалын улс болох вэ?

Технологийн завшигч болох энэ тогтолцоог хэрхэн бий болгодог вэ? Энэ нь ердөө л цагаачид, хямд ажиллах хүч нэртэй технологийн тагнуулчдыг сурган бэлтгэж, зохих нүхэнд нь шургуулах явдал юм. Япон, Хятад, Израйлийн цагаачид, ажиллах хүч, оюутнууд дунд технологийн тагнуулын армийн цэргүүд олноор шургалсан байдаг. Тэдгээр улсууд тагнуулуудаа тодорхой нэг технологид тусгайлан сургаад юу ч мэддэггүй ажлын хар хүч маягаар зохих үйлдвэрт нь ажилд шургуулдаг ажээ. Очих газарт нь урьдаас замыг нь бэлдсэн нөлөө бүхий хүмүүс, элчингийн ажилтнууд нь тусгайлан бэлтгэгдсэн тагнуулуудыг ажилчин, үйлчлэгч гэх мэт эгэл дүрээр зохих ажлын байранд нь зуучлан шургуулах үүрэг гүйцэтгэдэг.

....өөрөөр хэлбэл тагнуулууд нь сор болсон технологи, жорыг дэлсэх аргаа, улс төр, олон нийтийн бүтцийнхэн тэднийг хэрэгтэй газарт нь шургуулах замаа гаргууд сайн мэддэг, чаддаг байх ёстой гэсэн үг. Ийм арга замаар Японы гадаадад амьдрах суурин иргэд АНУ болон Недерландаас электрон ба цахилгаан техникийн нууцыг, Хятад цагаачид, ажилчид нь Герман, Чехээс шар айраг, Францаас дарс болоод үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний нууцыг, Швейцариас чихэр, шоколад, хүнсний бүтээгдэхүүний нь технологийг гэмгүй царайлан дэлссээр байна.

...Еврейчүүд очсон газар бүрийнхээ хамгийн ашигтай, хамгийн шилдэг бүхнийг олж мэдээд тэрхүү нууцаа төрөлх Израйлруугаа ямар нэг замаар дамжуулдаг. Тухайн үедээ хөнөөх чадвар, тусгалаараа тэргүүлж байсан АКА-автомат бууны технологийг Израйлчууд хэрхэн дэлсэж АКА-аас аль ч талаараа дутахгүй, харин ч илүү авсаархан, хэрэглэхэд тохиромжтой ИҮЗИ-автомат бууг Израйльд үйлдвэрлэн АНУ, баруун европыг зэвсэглэж эхэлсэнийг та бүхэн бишгүй сонсоо л биз. Цагаач еврейчүүдийн илгээсэн хамгийн өндөр үр ашигтай жимс ногоо болон тариалах аргыг нь манай ганцхан сумтай тэнцэх нутаг дэвсгэрийнхээ бүр өчүүхэн алга дарамхан хэсэг цөл дээр Израйлчууд тариалаад ургацынхаа 30 хувиар хүн ардаа жимс ногоогоор элбэг хангалуун хангаж 70 хувийг нь экспортлож эргэн тойрныхоо цөлийн арабуудыг хангаж байна. Хятад цагаачид, оюутнууд Чех улсад очлоо гэхэд тэндхийн хамгийн шилдэг бүхний технологи, нууцыг олж мэдээд төрөлх Нанхиаддаа өвөрлөн очно. Тухайлбал Чехийн дэлхийд амт чанараараа гайхуулдаг Пэльзень шар айрагны технологийг ийм замаар Хятадууд мэдэж авснаас хэсэг хугацааны дараа уг айргийг Хятад, Чех хоёр л үйлдвэрлэдэг болжээ. Гэтэл тэнд ажиллаж суралцдаг манайхан уг шар айргийг нь ердөө л ууж сурахаас цааш ахидаггүй.

ХХ зууны эхээр гэл үү дээ, хэсэг хятадууд зам тавих аргад суралцахаар Англид очжээ. Цаад хэд нь ч гол чухал биш зүйлсээр аргацааж чөмгийг нь биш хальсыг нь үмхүүлээд буцааж гэнэ. Гэтэл хэдхэн сарын дараа Английн бахархал болсон цахилгаан дамжуулах арга Хятaдад нэвтэрч, тэр ч байтугай том хотуудаа өндөр хүчдэлээр холбоод эхэлжээ. Учрыг олоод орхитол Англичуудын өнөөх юм мэдэхгүй хэдэн юманд чөмгий нь биш хальсыг нь үмхүүлээд буцаачихав хэмээн шоолоод байсан замчин Хятадууд хэргийн эзэд болж хувирав. Тэдний зорилго нь eрөөсөө зам тавих аргад суралцах бус цахилгаан дамжуулдаг нууцыг мэдэх явдал байжээ. Мэдээж гайхуулах ганц нууцыг нь суръя гэвэл Англичууд зааж өгнө гэж гонж. Тэгэхээр өөр тийш нь анхаарлыг нь татах замаар авдартай алтыг нь хулгайлжээ.

Англичууд

- Чөмгөө сайн нууж үлдлээ. Хэдэн муу тэнэгүүдийг ёстой догь аргалав… гэж онгироод байсан чинь өөрсдөө толгойгоо эргэтэл аргалуулаад авдартай алтаа алдаад хоцорчээ. Энэ бол Хятадуудын буруу биш. Харин ч тэдний эх орноо гэсэн алт шиг сэтгэлийг бахдууштай. Чи тариан талбайгаа үл хамгаалбал шувууд түүн дээр чинь суухдаа л сууна. өөрөөр хэлбэл чи өөрт байгаа юмаа үл нуувал Хятад хүн нүдээ дардаггүй. Ер нуусан байсан ч тэд ольё гэснээ таг чимээгүй байсаар олж чаддаг улс.

... Би бас ийм нэг яриа сонссон юм. АНУ-ын цөмийн технологийн маш нууц лаборатид нэгэн япон бүсгүй овжин арга хэрэглэж байгаад үйлчлэгчийн ажилд оржээ. Мөнөөх бүсгүй ажил тарсан хойно цэвэрлэгээ хийхдээ хамгийн гол чухал файл, программууд руу чадамгай нэвтэрч, тэр бүхнээ бичил төхөөрөмжид хуулж авдаг байв. Гэвч энэхүү төхөөрөмжөө хил давуулан гаргах ямар ч арга байсангүй.

Бүсгүй хагалгаа хийлгэж бие дотроо бичил төхөөрөмжөө нуугаад эцэст нь амиа хороож үхэв. Түүний гэрээслэлд

- Миний сүүлчийн хүсэлт болгон шарилыг минь төрсөн нутаг дахь өвгөдийн минь талбайд оршуулж өгнө үү… гэж бичжээ. Эх орондоо очсон түүнийг шарилыг хичээнгүйлэн задалж төхөөрөмжийг авсны дараа Японы бүлээн наран дор хүндэтгэл төгс оршуулжээ. Эх орныхоо төлөө хулгай гэж байдаггүй. Чин сэтгэлийн зүтгэл л гэж бий. Иргэд нь эх орноо гэсэн ийм сэтгэл, зүрх зоригтой улс орон гайхамшигийг бүтээхээс ч яах вэ. Тэд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эх нутагтаа ийнхүү эрдэнэ өвөрлөн очдог юм. Тэр эрдэнэ нь манайхны хөлсөө цувуулж, мөнгөө юүлэн байж зөөж ирдэг энгэсэг үнэртэн, виски, тамхи, хувцас, тоглоом биш харин түүнийг хийж бүтээх технологи юм шүү дээ.

Гэтэл манайд айргаа аль Модун Шанъюгийн бүлж байсан гэмээр тэр жороороо л бүлж байдаг. Энд жор технологийн дэвшилийн тухай яриа ч байхгүй. Япончууд илд хийдэг технологио улам боловсруулахын тулд нэгэн гэр бүлийг насаар нь хүнд ажилтай Дамаскад цөлж, тэд нь ердөө ганцхан хольцыг эх орондоо аваачихийн тулд амиа өгч байсан тухай яриа бий.

....Ингэж л Дамаскийн илд ирээрээ гайхуулж, Хятадууд гангар шаазан, цай хоолныхоо жороор, Япон керамик эдлэл болон электрон техник, автомашин, ган, хөлөг онгоцоороо дэлхийг бишрүүлж байна. Бургунд дарс, Шотланд виски, Швейцарь цаг, Чех шар айраг, Америк жийнс, пуужин гээд л дурьдаад байвал барагдахгүй. Цай гэж огт мэдэхгүй байсан Англичууд Цейлон, Энэтхэгээс цайг нь зөөж жор технологийг нь улам нарийсгаж жасминь, бергамоттой хольж найруулаад өнөөдөр цайгаараа өнөөх Цейлон, Энэтхэгээсээ хол тасраад байна. Дэлхий дахин баян тансагийн үндэс болсон технологийн хөгжилөөрөө өрсөлдөж байхад бид малынхаа товарлаг чанарыг бус зөвхөн тоо толгойг нь эрхэмлэж, айргаа хүрэл зэвсгийн үеийн технологоороо эсгэж, ааруул цагаагаа нутаг бүрт хамгийн бүдүүлэг нэг л аргаараа шахаж, ногоо цагаагаа ч шороонд булж азотоор бордож, усаар услахаас өөр технологийн хөгжил үл хийжээ. Жирийн төмс хүртэл аманд оронгуутаа шаржигнан уусдаг болтлоо технологи нь хөгжиж, генетикийн ухаан эд эсийг хувилан хүн амьтаныг коопиийдож байгаа мэт олшруулж, шавар керамикаар шил зүсч, ган хайчилж, үхрийн ширийг торго шиг нимгэн мяндаслаг болгож, ердийн оньсон хүрднээс комьпютер интернэт хүртэл хөгжичихөөд байхад бид гахайн тэжээлийн төмсийг газар булсаар суухуу.

Үгүй ээ. өндөр хөгжил, баялгийг өөр лүүгээ юүлж цувуулдаг энэхүү зам гүүрийг бид эх орноосоо тал тал тийш тавих хэрэгтэй. Тэгвэл хээрийн шувуу нисэн үл хүрэх газраас манай иргэд технологи өвөрлөн ирцгээх болно. Францаас эх орондоо ирсэн Монголчууд эхнэртээ Шампани мужийн амтат дарс, Шанелийн анхилуун сүрчиг авчирдаг. Гэтэл Хятадууд тэр үнэртэн, дарсыг хийх ухааныг эх орондоо авч очдог. Тэд бэлэн бүтээгдэхүүнийг нь шохоорхон авч мөнгөө үрэх биш, харин түүнийг бүтээж мөнгө олох ухааныг эрхэмлэдэг.

Бид АНУ-аас тамхи, ундаа, Японоос ган боловсруулалт, радио техник, бүс нэхмэлийн технологийг, Хятадаас торго шаазан, Даниас сүүн бүтээгдэхүүнийг нь Францаас дарс, гоо сайхны бүтээгдэхүүнийг нь, Швейцариас чихэр шоколад, хүнс, эмийг нь Италиас шир, ноолуур боловсруулах технологийг нь, Австриас гутал, Герман Чехээс шар айрагных нь технологийг гэх мэтээр дэлсэх боломж нээлттэй байна. Сургуулийн сурагч бүхний мэддэг маркетинг, менежмент улиглан ярьж, улс төрийн түүхий болоод илжирсэн нам хүчнүүдийн гар харсаар бид юугаараа гайхуулж, юу бүтээж чадаж байгаа юм бэ. Технологийн тэмцлийн эринд бид юугаа хүлээж, юундаа найдаад байгаа юм бэ?

Гэтэл бид өөрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд хөл тавин алхаж, тэдний долларын таатай үнэрээр цээж дүүрэн амьсгалах боломж нээлттэй байна шүү дээ. Бид адаглаад л өөрийн алтаар зоос гоёл шиг үлбэгэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэдэн авгайчуул, малчдаа хуурах биш Картей шиг сор болсон бүтээгдэхүүн гаргаж, дэлхийг тэднээс хямд хангах түмэн боломж дээр сууж байна шүү дээ.

Үүний тулд Картейд сайн мэргэжсэн нэг технологийн ангуучыг жирийн ажилчны дүрээр шургуулж, үүний хамт гадны гангачуулын хэрэгцээ сонирхолынх нь сэтгэлзүйг тандан судалж, түүн дээр нь үндэслэн зураг дизайныг нь бүтээх хоёр сайн дизайнер, загварыг нь хийх ганц сайн барималч байхад л хангалттай. Гэтэл бид эндээ бүдүүн тоймоор цээжээ дэлдэн зүтгээд, Чавганц дарханы гайхамшиг, Монгол шир гэж хоолойгоо хорстол хашгичаад юу хожсон бэ? Гагцхүү бидний орлого, улс орны минь хөгжлийг өндөр технологи хэмээх зүйл л шийдэж байгааг ойлгож, түүнийг олзлох аян дайнд алгуурлалгүй мордох хэрэгтэй биш үү. Монголчууд бид даян дэлхийг ахин эзэгнэхийн тулд эрэлхэг харваачдаа бэлтгэх бус технологийн байлдан дагуулагчдаа даян дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд руу үдэж мордуулах цаг хэдий нь болжээ. Үүний тулд манай шинжлэх ухааны хүрээлэнгийн нэгэн хэсгийг технологи, үр ашгийн судалгаа, боловсруулалтын газар болгож, тэндээ манайд хөгжүүлж болох бүх салбаруудын чиглэлээр авъяас чадвартай залуусыг сонгон тодорхой нэг технологийн мэргэжлээр боловсруулж бэлдээд, элчин консулаараа дамжуулж тэднийг зохих нүхэнд нь шургуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр эх орондоо хөгжүүлэх тэр салбарынхаа дагуу ерөнхий боловсролын сургуулиудыг бүсчлэн хувааж ажиллах хүчийг сурган бэлтгэх нь хойшлуулшгүй чухал үйл хэрэг юм. ...

....Ингэвэл тухайн сургууль соёл төгссөн ажиллах тодорхой чадавхтай сурагчдыг ажлын байр нь ч бэлэн хүлээж байх болно.

Ингээд л гүйцээ. Тэд ч ингэж л ашиг олдог. Бид ч дутахгүй. Асар их ашиг, хөгжлийн цаана ийм л зүйл нуугдаж байдаг. Манай геологчид зөвхөн Сэлэнгэ аймгийн хүдэртэй сумын нутаг дэвсгэрт 368 сая тонн төмрийн хүдрийн нөөц байгааг тогтоожээ. Тэгвэл бид юу хийх ёстой байсан бэ? Бөөн сүр болж зардлаасаа ч давахгүй үнээр шахагдах болхи муу бүтээгдэхүүн үйлдвэрлэж шившиг болох, эсвэл сурснаараа түүхий эд чигээр нь гадагш хямд худалдаж бусдад завшуулах хоёр уламжлалт зам л манайд байдаг. Үүнээс тухайн компанид болоод улс оронд ямар ашиг гарах нь ойлгомжтой. Иймдээ ч бид өдгөө ийм дорой амь зууцгааж байна.

Хятадын газар нутаг дээр ямар нэг нөөц тогтоогдлоо гэхэд л тэд тэр дор нь технологийн тагнуулуудаа тухайн нөөцөөс урган гарах бүх салбар чиглэлийн дагуу бэлтгэдэг. Үүний дараа Хятадаас гадагш цуврах цагаач, ажилчид, оюутнуудын тоо эрс нэмэгдэнэ. Энэ үед гадаадын улс орнуудад суугаа дундад улсын нөлөөтэй бизнесмэнүүд, элчингийнхэн, олон нийтийн байгууллагынхны зуучлах ажил ихэсч зав чөлөө нь багасдаг. Удалгүй харийн газар одсон технологийн тагнуулын арми арвин олз ашиг тээн эх орон луугаа бэлчнэ. Ийнхүү Хятадад тухайн түүхий эдээр хийж болох бүх үйлдвэрлэл шил шилээ даран цувардаг.

Ветьнамд л гэхэд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах нэрийдлээр засгийн газар нь гадаадад ажилчин гаргах асуудлыг дэмжиж 2000 онд 31000, 2001 онд 37000 ажилчидыг гадаад ажиллуулахаар гаргажээ. өнгөрсөн жилд энэ тоо 50000-д хүрсэн юм. Цаашдаа ч нэмэгдэх болно. Энэ сүргүүд дотор хэдэн технологийн хулгайч цохиж яваа бол.

Гэтэл манайд таг чиг. ...

Хэдийгээр Японы эдийн засаг ерээд оноос хямралд орж Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэнч тэд гол алдаагаа ойлгосон. Энэ алдаа нь юу вэ гэвэл өмнө нь эрчимтэй хөгжиж байсан технологийн хөгжил нь хоцорч цөөхөн аварга корпорациуд эдийн засгийг атгаж төр засгийн бодлогод ч нөлөөлөх болсоноор овойж оцойгоод байх шинэ юм гарахаа больсон. Тэгээд ч шинэ технологид болон үйлдвэрлэлд бус үнэт цаасны зах зээлд илүү хомхойрох болсонтой холбоотой.

Япон урьд өмнө нь суга хөгжсөний нэгэн гол шалтгаан нь тэр үеийн ган үйлдвэрлэлийн мангасууд болох Англи, Герман, Орос руу технологийн тагнуулчдаа илгээж тэр бүхний давуу талыг нийлүүлж боловсруулаад хамгийн шилдэг сайн ганг бүтээжээ. өдгөө бид цаг, хутга, ахуйн хэрэглэлийн дээрээс бэлхнээ мэдэх болсон “Стэнлс Стийл” гэх нэртэй тэрхүү ган дэлхийд ноёрхож, Соломон хааны эрдэнэсийн сангаас хэдэн мянга дахин баялагийг Японы 4 трилеон хүрсэн агуу төсөвт нэмэрлэдэг билээ. өдгөө зөвхөн Ниппон Стил компаний жилийн худалдаа 30 тэрбум давж байна. Төмрийн хүдэргүй орон гэхэд шүү дээ. Тэд ган хийх хүдрээ хаа холын Бразил, Перу, Австралиас далай гатлан нийлүүлдэг.

Гэтэл бид хөрс шороогоо ухаад л авчихна шүү дээ. Ингэхээр бид чухамдаа алтан дээр суусан гуйлагчид л юм. Бид бусдын түүхий эд нийлүүлэх хямдхан бааз болчихоод алгаа тосон сууж, улам бүр хоосорч ядуурсаар байхад бусад нь ердөө л технологийн хулгайгаар урагш хөгжсөөр байна. Хятад улс төрийн тогтолцоогоороо шалтаглаж, Израйль шашны зөрөлдөөнөөр шалтаглаж цагаач тагнуулчдаа дэлхий дахинд илгээсээр. Шашны болон улс төрийн шалтгаанаар аль ч улс цагаачдыг орогнуулах давуу боломж олгодог. Тэгэхээр дээрх хоёр улсын дотоод нөхцөл нь ч тагнан туршуул хийхэд таатай шалтаг болдог юм. Япон бол дэлхийгээр нэг тарж суурьшсан өөрийн суурин иргэд, оюутнууд, гадаад судалаачид, мэргэжилтнүүдээрээ дамжуулаад л техник технологийг газрын мухраас ч болов олзлоод авчихна. Тэд манай гаригийн аль өгөөжтэй, хөгжилтэй, газар бүхэнд шигдэж байдаг. Тэд суурьшсан газартаа жүүдүүд шиг ялгарч ихэрхэлгүй даруухан аж төрж, ертөнцийн соёлын сор дээж бүхнийг шимэгчилэн сороод эх оронлуугаа зөөж байдаг. Үүн дээр якуза буюу мафийн бүлэглэл чамгүй үүрэг гүйцэтгэдэг. Тэд эх орондоо зориулж өндөр технологийг нийлүүлэх болон гадаадын технологийн өрсөлдөгчдөд саад хийх үүргийг чадамгай гүйцэтгэдэг ажээ.

...өчүүхэн шоргоолжнууд үүр лүүгээ ямар нэг зүйлийг зогсоо зайгүй зөөдөг шиг тэд очсон газар бүрийнхээ шилдэг дээж болгоныг чимх чимхээр зөөсөөр дуслаас далай болох адил агуу ихийг бүтээдэг.

...Канадууд өндөр үр ашигтай технологиор нэг үнээнээс жилд 20000 гаруй литр сүү сааж байхад манайх 2000 литр хүрэхтэй үгүйг л саадаг. Яг л адилхан хүнс, тэжээл, арчилгаа шаардах хэрнээ тэд манайхаас даруй арав дахин илүү ашиг олдог ажээ.
Тухайлбал манай 200 үнээтэй нэг аж ахуй жилд 80 сая орчим төгрөгийн орлоготой гэж тооцвол үр ашигтай үүлдэр технологийг ашигласнаар хоёрхон зуун үнээний зөвхөн сүүнээс л 800 сая гаруй төгрөгийн ашиг олох боломжтой. Дээр нь Канадууд өндөр технологийг аж ахуйдаа нэвтрүүлсэнээр нэг үнээнээс амьдрах хугацаанд нь 50-60 тугал гаргаж өсгөдөг бол манайх дөнгөж 5-6 тугалтай л хоцордог. Түүнчлэн нэг га газраас бид 7 центнер ургац авдаг бол өндөр технологийг нэвтрүүлсэнээр 70 центнер ургац авах боломжтой болно.
Жирийн нэг өрх нэг бутнаас 3 орчим килограмм улаан лооль авдаг бол өндөр технологи аж ахуйдаа ашигласанаар ердөө л ганцхан бутнаас 20 гаруй килограмм лооль авна. Ийнхүү бид өндөр технологийн сэтгэлгээг ашигласны үр дүнд зөвхөн ургацаасаа авах ашигаа даруй 8-10 дахин нэмэгдүүлж чадах юм. Тийм өрхүүдийн хашаа, цонхны тавцан, ер нь сул зай бүхэн нь тэдэнд мөнгө өгнө. Гэхдээ бүр асар их мөнгө өгч, тэд хэнээс ч илүү баян тансаг хангалуун амьдрах бололцоотой болох юм. Үүнийг л иргэдийнхээ амьдралд нэвтрүүлэх нь манай төр засгийн зорилго байх ёстой.

Ингэж л элбэг баян иргэд, элбэг баян улс орон бий болно.
... Одоо дээр өгүүлснээ нэгтгээд дүгнэе. Монгол Улсын эдийн засгийг тэргүүн технологи, өндөр үр ашигтай систем болгох, улс орон болон ард түмний амьдрал амжиргааг богино хугацаанд өөд татахын тулд бид доорх үйл ажиллагааг цаг алдалгүй хийх ёстой.
А. Технологийн тагнуулын далд сүлжээг бий болгох.

Үүний тулд:
1. Манай орны онцлог, чадамж, түүхий эдийн нөөцийг харилцаа, тээвэр болон татварын хувьд боломжтой гэж үзсэн гадаадын улс орнуудын хэрэгцээтэй хавсарган тооцоолсоны үндсэн дээр нэн түрүүнд шаардлагатай чиглэлүүдээр технологийн тагнуулчдыг сурган бэлтгэх.
2. Нэгэнт бэлтгэгдсэн тагнуулуудыг ажилчин, цагаач, оюутан гэх мэт өнгөлөн далдалсан дүрээр элчин, консулуудаар, эсвэл гадаадад амьдарч, ажиллаж буй албаны болон хувь хүмүүс, ажилчин гаргадаг компаниудаар дамжуулж зохих нүхэнд нь шургуулах,
3. Олж ирсэн технологт өөрийн нөхцөлд тохируулан нэмэлт боловсруулалт хийх, үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд ШУА-ийн нөөц бололцоонд тулгуурлан технологи, өндөр үр ашгийн судалгаа шинжилгээний хүрээлэн байгуулах,
Б. өндөр үр ашигт тулгуурласан технологийн дэвшилт сэтгэлгээ болон хүмүүжлийг олон нийтийн ухамсарт төлөвшүүлж, ахуй амьдралыг нь богино хугацаанд элбэг хангалуун болгох.

Үүний тулд:
1. өрхийн хүмүүжил, ухамсрын тогтолцоог өнөөгийн нөхцөлд тохируулан сэргээж бий болгох
2. Технологийн дэвшилттэй өрхийн аж ахуйг хөгжүүлж, өрхүүдэд таниулж нэвтрүүлэх.
Ингэснээр бид өөрийн ахуй амьдрал, улс орныхоо хөгжил баялгийн шавхагдашгүй ундаргыг оргилуулж чадах юм. Бид технологийн эринд амьдарч байгааг өглөө бүр санах учиртай. Хөгжлийнхөө хурдаар манлайлж буй улс орнуудын хөгжлийн нууц энд л хадгалагдаж байдаг. өдгөө тэдний технологийн тагнагчид газар бүрт суурин болоод авчээ. өрхийн уламжлал чанд хүмүүжлээрээ уугуул эх нутагтайгаа гагнагдсан тэдний үр удам суурин тагнуулын бяцхан төвүүд болж хүрээгээ тэлсээр байна. Гэхдээ энэ нь ямар ч улс төрийн бодлогод хамаарахгүй. Цэвэр үр ашиг, өндөр технологийн мэдээлэгчид.
Гэтэл бид. Эх оронч гэж цээжээ дэлдэх хэнээнээс цаашгүй сууж байдаг. Чадах хэрнээ тэр эх орныхоо, адаглаад өөрсдийнхөө төлөө гавьтай юу ч хийж чадахгүй. Гадаадад ажиллаж, сурч буй монголчууд жилд жар далан сая доллар эх оронлуугаа юүлж манийг тэжээж байна гээд л гайхуулаад байдаг. Тэжээх нэг хэрэг. Хөгжүүлчихнэ гэдэг өөр хэрэг. Би ноднин Солонгост ажиллаж байсан хэсэг нөхөдтэй ярилцсанаа санаж байна. Тэднийхээр бол манай Монголчууд хулгайг ёстой үзүүлж өгдөг юм гэсэн. Дэлсэх л юм байвал гар нь сул өнгөрч чаддаггүй. Тиймээс ч амьдардаг байр нь хог новшоор хөглөрч байдаг байх нь. Үйлдвэрт ажиллаад гарахдаа өөрт нь огт хэрэггүй зүйлийг ч шуугаад л гардаг гэнэлээ. Тэгэхээр овоо хулгайд дөртэй улс байх нь ээ. Харин мань улсууд хулгайгаа арай өөр чанарын түвшинд хүргэлтэй. Хүнд загас өгвөл өдрийн хоол, харин загас барих аргыг нь зааж өгвөл насны хоол гэдэг дээ. Бид нэг жинсэн өмд авчирлаа гэхэд нэг л жинсэн өмд. Харин түүнийг хийх аргыг нь хулгайлаад ирвэл бөөн баялаг л байхгүй юу.

...Эцэст нь би хэдэн жишээ дурьдахыг хүсэж байна. Бидний өнөөдөр дагаж дууриагаад байгаа Солонгос 1961 онд ДНБ-ээр дэлхийн хамгийн буурай оронд тооцогдож байсан. Япон дэлхийн 2-р дайны дараа цул балгас болж, үйлдвэрлэл нь сүйрч дайны өмнөх үеийнхээ 10%-д ч хүрэхээ больжээ. ... Ийм орныг өөд татна гэж хэний санаанд ч багтахгүй. Гэвч тэд бараг л ид шид үзүүлсэн юм.
Бүх сургуульд хүүхдийн мэргэжлийн болон технологийн талын мэдлэгийг хөгжүүлж шинэ санаа гаргах нь бүх ард түмний шинжтэй хөдөлгөөн болсон. Тэнд хүн бүр оюуны болоод биеийнхээ бүх нөөц бололцоог шавхаж хаана ямар дэвшил гарнав түүнийг шүүрч даруй ажил болгож эхэлсэн.
1949-өөс 1954 он хүртэлх 5 жилд тэд шинэ технологийн хойноос улайрсаныхаа шанд хүн амд ногдох орлого, үйлдвэрлэлээрээ дайны өмнөх түвшингээсээ хол давж эдийн засгийн хувьд бие дааж чаджээ. Дараагийн зорилт нь хөгжингүй орны түвшинд хүрэх явдал болон тавигдсан билээ.

Одоо тэр үеийн ХБНГУ-ын тухай хэдэн үг нэмье. Мөн л дайны дараа балгас болсон, хүн амд хүнсний болон өргөн хэрэглээний бараа хүрэлцээгүй учир картын системд орсон. 12 хүний дунд 1 гутал, 50 хүний дунд 1 костюм ноогдож байсан. өр нь 377 тэрбум маркад, инфиляци нь 600% хүрсэн энэ улсад аврах юм юу ч үлдээгүй байв. Эдгээр өлсгөлөн Германчуудад Людвиг Эрхардын үсрэнгүй хөгжилийн төлөвлөгөө тохуу мэт сонсогдож байлаа. Гэвч тэд Япон шиг эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гайхамшигийг үзүүлж ямар болсоныг бид бэлхэнээ мэднэ. Тайван л гэхэд манай багахан аймаг шиг газар нутагтай, байгалийн баялаг гэх юм юу ч үгүй. Дэлхийн 2–р дайны дараах дүр зураг нь гэвэл ядуу дорой, өлсгөлөн, гадаад валютын ямар ч нөөцгүй, төсөв нь тэр чигээрээ алдагдал, экспортлох зүйл юу ч үгүй, бүхнийг гаднаас авдаг байв. Тэд өндөр технологийг нэвтрүүлж хөдөлмөрлөснөөр валютын нөөцөө 150 тэрбум долларт хүргэж дэлхийд 3-т орж чаджээ. Гэтэл манайд бүх юм бэлэн байна. Нэг өрхөд 60 толгой мал ноогдож, урьдчилан тооцсоноор 100 гаруй тэрбум доллар хөрсөндөө агуулсан улс. Япон, Тайван шиг гахай нүцгэн биш. Ганцхан чадах хэрээрээ сайн технологи хулгайлж, түүнээ чулуу болгохын төлөө хөдөлмөрлөх л үлджээ.
Ухаалаг нь бүтээж, овжин нь завшдаг гэдэг энэ. Бид бусдын түүхий эдийг хямдаар нийлүүлдэг бааз байснаар хэзээ ч урагшлан хөгжихгүй, баяжихгүй. Зөвхөн завшуулсаар байгаад эцэстээ тэдэнд нийлүүлэх юу ч үгүй хоцорч мухардан дуусах тавилантай. Эцсийн үр ашгийг эцсийн бүтээгдэхүүн гаргасан нь л завшдаг. Хэн сайн технологи эзэмшиж байна, тэр хөгжин хүчирхэгжиж бусдыг манлайлна. Хэн түүнийг нь хэрэглэж байна тэр эдийн засгийн хувьд түүхий эд нийлүүлэгч төдий хараат, колоний хувь заяаг эдэлнэ. өндөр технологи бол эрин зууны хамгийн хүчирхэг зэвсэг юм. Иймээс өндөр технологи манай улсын стратегийн гол нөөц болох ёстой. Ямар ч онцгой баялаг, нефт, алт өндөр технологийг орлож чадахгүй. Энэ бол Монголчуудыг ирээдүй, хөгжил хүчирхэгжилтэй холбох гүүр.

No comments: