“Хөдөлмөр бол аз жаргалын эцэг”. Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе.
Ажил хөдөлмөрт шунан дурлаж, ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа аз жаргал гэж үздэг тийм хүмүүс л жинхэнэ аз жаргалыг амсаж эдлэж байдаг юм. Хөгжил дэвшилд ч хөдөлмөрлөж байж хүрнэ, хүндрэл бэрхшээлийг ч хөдөлмөрлөж байж туулна. Шинэ онд өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, өргөн олон түмнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөцгөөе.
“Газар хагалах нь яруу найраг бичихтэй адил тийм нэр төртэй үйлс гэдгийг ухаараагүй ямар ч үндэстэн хөгжил цэцэглэлтэд хүрч чаддаггүй” гэнэ. Мал сүргээ маллаж, тариа ногоогоо тарьж, барилга байшингаа барьж, эрдэс баялгаа ашиглаж, оюуны баялгаа арвижуулж, яруу найраг, яруу тунгалаг хөгжмөө туурвин, нэр төртэй үйлс бүхнийг бүтээж, хөгжил цэцэглэлтийн өндөрлөг өөд итгэл төгс урагшилцгаая.
Өөр хоорондоо болон өөр улс үндэстэнтэй эв найр, эвлэрэл зохицлыг эрхэмлэе. Ямар ч хямрал бэрхшээл тулгарлаа гэсэн улс үндэстнээ гэх нэгэн үзүүрт сэтгэл Та биднийг бат бэх холбож байг. Хамгийн бат бэх холбоо уучлалаас болон найрамдлаас бүрддэг гэдэг. Уучлах нэгнээ уучилж, найрамдах нэгэнтэйгээ найрамдаж, өнгөрсөн гомдлыг мартан, өнийн баяраа хамтдаа хуваалцая.
Манай нийгмийн үндэс болсон гэр бүл амар амгалан, аз жаргалтай байг. Эмэгтэй хүнд зовлон учруулах замаар эрэгтэй хүн, улмаар гэр бүл аз жаргалтай байна гэж хэзээ ч үгүйг эрхбиш ухаарая. Бие биенээ чин сэтгэлээсээ хайрлацгаая. Хайрлах болон хайрлагдана гэдэг бол аз жаргалын охь манлай юм. “Гэртээ аз жаргалтай байдаг тэр хүн чухам аз жаргалтай”. Та бүхэндээ гэр бүлийн аз жаргалыг ерөөе!
Нацагийн Багабанди
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment