Алс холын Польш оронд “Монгол” хэмээх нэртэй тосгон бий. Польшууд “Монголица” гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин.
Тосгон үүссэн үүх түүх өрнө зүгт монголчуудын хийсэн их аян дайны түүхтэй холбогдоно. Байдар жанжины удирдсан монгол цэргүүд доод Силезийн Легницийн дэргэд Генрих вангийн польш-герман цэргийг бүрэн бут нэргэв. Дайн, тулаан болж байгаа болохоор аль аль талаас шархдаж алагдаж, баригдаж олзлогдож байсан нь мэдээж. Өгөөдэй хаан тэнгэрт хальсан тухай мэдээ Дорнод Европод тулалдаж явсан Бат хаанд 1241 оны арванхоёрдугаар сарын эцсээр ирэв. Их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Нутаг буцахын өмнө олзонд байсан монголчуудаа алтаар сольж авчээ. Польшийн нутагт олзонд байсан монголчуудыг сольж авах алт хүрэлцээгүйн улмаас хэсэг хүмүүс тэр нутагт үүрд суурьшин үлдэх гунигт хувь тавилантай учирсан байна. Улмаар уугуул нутгийнхаа соёл, зан заншилд аажим аажмаар уусч шингэсэн боловч эх нутгаа гэх бодол ухаанаа уусгалгүй үеэс үед дамжуулж иржээ. Сүмд очиж мөргөл үйлдэхдээ эх нутагт минь буцааж өгөөч гэж бурхнаас гуйн наминчлан залбирдаг болж. Сүүл сүүлдээ сүмд очихдоо хүн бүр алтан бөгж зүүж очдог болсон гэдэг.
Түүний цаадах учир нь хэрэв тэр үед энэ алтан бөгж байсан бол бид эх орондоо харьж очиж чадах байсан юм гэсэн утга санааг илэрхийлдэг юм билээ гэж тэндэхийн учир мэдэх хүмүүс ярихыг сонссон. Эх орондоо эгэн ирж чадаагүй нь гунигтай боловч эх орноо гэх халуун сэтгэлээ хаяж гээгээгүй нь үнэхээр бахархалтай. Монгол хүн эх болсон газар нутагтайгаа хувь заяагаа шууд холбож, түүнтэй хүйн холбоотойгоо мэдэрч явдагийн, эх оронч үзэл мах цусанд нь шингээстэй байдгийн алс холын жишээ энэ яах аргагүй мөн.
Арваад жилийн өмнө Казахстаны нэгэн хотод суурьшихаар Хэнтий аймгийн Бэрх тосгоноос ирсэн арав гаруйхан настай хүүтэй уулзан ярилцаж билээ. “Бэрхээ санаад байх юм даа” гэж хэлээд санаа алдаж байсан нутгаа санасан тэр жаахан хүүгийн дүр төрх мартагддаггүй юм. Эх орон, унасан газар, угаасан ус нь хаана ч явсан зүрх сэтгэлд үүрд хадагдан үлддэгийн ойрын жишээ яах аргагүй мөн.
“Эх орныхоо төлөө үхэхэд баяртай бөгөөд нэр хүндтэй” гэж манай тооллын өмнөх аль эрт үед амьдарч байсан яруу найрагч шүлэглэсэн байх юм. Энэ шад шүлэг олон зууны туршид эх оронч үзлийн уриа дуудлага байсаар ирсэн гэдэгт хэн эргэлзэх билээ? Энх амгалан, амар тайван цаг үед эх орныхоо төлөө баяртайгаар үх гэж хэлбэл хачин жигтэйхэн, хамаа намаагүй сонсогдох нь мэдээж. Харин одоо цагт эх орондоо хэрэгтэй зүйлийг, хэрэгтэй үед нь хийх нь л иргэн бүрийн ариун үүрэг мөн.
“Эх оронч үзлийн хүч нь хувь хүний нэмэрлэсэн хүч хөдөлмөрийн хэмжээтэй ямагт хэр тэнцүү байдаг бөгөөд биеэ оторлогч нарт эх оронч сэтгэл ямагт харш байдаг.” гэнэ. Эх оронч байна гэдэг нь эх орондоо юу ч хийж бүтээлгүй биеэ оторлоод суугаад байхын нэр биш, эх орныхоо хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн, хувь нэмрээ оруулах гайхамшигт үйл хэрэг ажээ. Би эх оронч гэж цээжээ дэлдэгч болгон эх оронч байж чаддаггүй. “Эх оронд хамгийн хэцүү агшинд хамгийн хэцүү үйл хэргийг барьж авдаг хүн эх оронч байдаг”. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, гадаа гандаж, хөдөө хөхөрч, хүн ардаа тэжээж яваа малчид бүгд халуун эх оронч. Ган гачигтай тулалдан тариа ногоо ургуулж байгаа тариаланч ч эх орончид. Элс шороонд дарагдан цөлжин эзгүйрч байгаа нутагтаа мод, бут тарьж, тордон ургуулагч бүх хүн эх оронч. Эх орны манаанд зогсож байгаа дайчид, эх нутгийнхаа уул талаар соёлын үрийг цацаж яваа сэхээтнүүд бүгд эх оронч. Эд нар болон бусад эх орончид улс орныхоо ачааны хүндийг мөр дарж, нуруу хотойлгүй үүрч, алдар хүндэд санаархалгүйгээр асар гавьяат сайн үйлсийг цогцлоож байна. “Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ёслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам, цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг.”
Аливаа хүн төрүүлж өсгөсөн ээжийгээ баяр бахдалын харцаар тольдон харах өөрийн нүдээ хайрлан хамгаалдагийн адилаар төрж өссөн эх орноо нүдний цэцгий мэт хайрлах үүрэгтэй. Бид аз жаргал, бүхний ундраа, ариун гэгээн бүхний эх булаг болсон эх орноо зөвхөн аугаа их баатарлаг түүхтэйнх нь төлөө бус, бидний өөрийнх нь болохын хувьд хайрлах ёстой. “Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм” хэмээсэн нэрт зохиолчийн үгийг хүн бүр санаж яваг. АНУ-д дунд сургуульд сурдаг монгол охин ангийнхаа харь орны хүүтэй зодолдсон тухай хууч яриаг саяхан сонслоо. Тэр хүү “Танай Монгол орон чинь ядуу” гэж охиныг дайрч доромжилжээ. Эх орныхоо тухай доромж тохууг сонсоод хүлцэнгүй өнгөрч чадсангүй, хаанаас нь гараад ирэв гэмээр хүч чадал хуримтлагдаж, тэр хүүтэй зодолдон дийлсэн гэнэ. Миний эх орныг доромжилсон тэр үг зүрх рүү минь зүүгээр хатгах шиг болсон. Монгол орноо санаж санааширсан зүрх сэтгэл, хайрлаж явдаг хайр надад тийм их эрч хүч, чадал тэнхээг гэнэт өгсөн байх, тэр үйл явдлаас хойш миний эх орны тухай манай ангийн хэн нь ч таагүй үг цухуйлгахаа больсон гэж бахархалтайяа ярьж байна.
“Эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй хамтдаа салшгүй сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ.” Эх оронч байна гэдэг нь эх орноо хайрлах хийсвэр хайраа үе үе үгээр илэрхийлэх төдий үйлдэл биш. Эх орноо зүрх сэтгэлдээ хайрлахын зэрэгцээ эх орныхоо төлөө санаа зовох, эх орныхоо газар шороо, уул ус, ургамал амьтан бүхнийх нь төлөө санаа тавих учиртай бид. Өөрсдөө санаа зовж, өөрсдөө санаа тавихгүй бол өөр хэн бидний өмнөөс санаа зовж, сэтгэл гаргах билээ дээ. Хатаж ширгэж байгаа гол горхи, нуур цөөрөм, талхлагдан хожгорч байгаа бэлчээр, түймэрдүүлэн хяргуулж байгаа ой мод, сэндийчин сүйтгэж байгаа газар шороо, нүдэн дээр хорогдон цөөрч байгаа ан амьтан, араатан жигүүртний төлөө эх оронч хүн бүр санаа зовох учиртай. Хойч үеийнхээ өмнө гэмтэн буруутан гэгдэж, гомдол гоморхолын мөс шиг хүйтэн үгийг араасаа хэлүүлэхгүйн тулд хэт оройтоогүй дээр нь ухаарч сэхээрэн, алдсан эндсэнээ хожимдолгүй засч залруулах цаг нь болжээ.
Улс үндэстнийхээ гайхамшигт түүхээр, ард түмнийхээ баатарлаг үйлсээр бахархах нь зүй ёсны хэрэг. “Бахархалын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол үндэсний бахархал байдаг билээ.” Аугаа ихийг бүтээж чадсан ард түмэн дахин аугаа ихийг бүтээж чадна гэдэгт итгэл төгс байх учиртай бид. Эх нутгаа хайрлахдаа эх орон нэгт элгэн түмнээ хамт хайрлая. “Эх орноо болон хүмүүсийг хайрлах хайр нь эх оронч үзлийн хүчирхэг гол мөрнийг нийлэн үүсгэж байгаа түргэн урсгалт хоёр гол юм.” Байгаль эхийнхээ зовлон гамшигт санаа зовохдоо хүн ардынхаа зовлон зүдгүүрт хамт санаа зовъё. Дутуу хоолтой, дундуур ходоодтой зовж ядарсан хүмүүст сэтгэл гарган, санаа тавья. Тэд Монгол хэмээх өнөр гэр бүлийн ялгаж салгаж, тусад нь тусгаарлах аргагүй эд эс. “Гагцхүү эх орон л бүгдэд үнэ цэнэтэй зүйлийг өөртөө агуулж байдаг” бол биднийг нийлүүлэн нэгтгэж байгаа өөр нэг нийтлэг үнэт зүйл нь төрөлх хэл. “Хэл бол ард түмний асар том эрдэнэ. Төрөлх ард түмнээ үл хүндэтгэж болохгүйн адил төрөлх хэлийг хүндэтгэхгүй байж болохгүй. Төрөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түмнээ хүндэтгэдэггүй.” “Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ” хайрлаж хамгаалъя. Төрөлх хэлээ хайрлаж хамгаалах нь төрөлх эх орноо хайрлаж хамгаалахтай эн зэрэгцэх гавьяат үйлс. Эх оронч үзэл монгол хүн бүрийн мах цусанд шингээстэй бий гэж зөнд нь орхиж, сэтгэл амирлангуй байж болохгүй тийм цаг үе иржээ. Үр хүүхэддээ эх орноо хайрлах сэтгэл гүн суулгая. “Хүүхдүүддээ эх орноо хайрлах сэтгэл суулгах сайн арга хэрэгсэл бол эцгүүдэд нь энэ хайрыг буй болгоход оршино.” гэж их сэтгэгч хэлсэн байна.
Эх орноо хайрлах эх оронч сэтгэлийг туйлшруулан, буруу замаар муйхарлан залваас хайрлах бус хорлох үр дагаварт хүргэж болзошгүйг мэдье.
“Эх оронч үзэл биднийг сохлох ёсгүй, эх орондоо хайртай байх нь сохор тачьяадал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг”-ийг ухаарцгаая.
Нацагийн Багабанди
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment