Та бидний ухаант дээдсээс марталгүй санаж, мөнхөд бодож явахаар захиж үлдээсэн, “Эвлүүлбэл эвэр туурай ч нийлнэ. Эвгүйтвэл элэг бөөр ч нийлэхгүй” гэх чухлаас чухал нэг сургаал бий. Энэ сургаалийг бие сэтгэлээрээ мэдэрч илүү ихээр ухаж ойлгох цаг үе ирлээ. Эвгүйтэх үе элгэн садны хооронд ч, эхнэр нөхөр хоёрын хооронд ч, эх орон нэгтний дунд ч тохиож болох. Эвгүйтлийг гэтэлж, эвлэн зохицож чадах эсэх нь уужуу бодол, ухаалаг алхам, учрыг олж, хужрыг тунгаах чадвараас шууд хамаарна.
Хэн хэн нь хэзээ хэзээнээс илүү уужуу бөгөөд ухаалаг байцгаая. Малын толгойн төгсгөлд эвэр, хөлийн адагт туруу байж, хоёр туйл болон оршдог ч нэгэн биений эд эс, эрхтэн бүтэц мөн билээ. Түүнтэй нэгэн адил монгол хүмүүс хоорондоо зөрөлдөж хоёр туйлд очин холдох үе ирэх ч нэг үндэстний эд эсийн хувьд нэгдмэл нэг цогц мөн гэдгээ ухаарах ёстой. Эвлүүлбэл малын хоёр туйлд байгаа эвэр туурай ч нийлж болдог юм чинь эвлүүлбэл хоёр туйлд зогсох ухаант хүмүүс нийлж л таарна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Хоёр туйлд, хэрсэн бух шиг шороо цацлан урамдаж зогсоод эвлэн нийлнэ гэж үгүй. Холын зайгаа ойртуулж, хоёр биенээ ойлголцож хэл амаа олж, хэрэлдэн маргалдаж, хэдэрлэн зогсох биш, хэлэлцэн зохицож, хэрэг явдлаа шийдэж байж нэгэн зүгт явах өргөн дардан зам дээр нэгэн зэрэг гарч ирнэ.
“Эх орондоо учирсан шархыг бидний хэн нь ч зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг”. Эдүгээ монгол хүн бүр эх орондоо учирсан шархыг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч, сэтгэл зовнин, амар тайван бус байна. Сэтгэлийн шарх удаан эдгэдэг ч тэсвэр тэвчээртэй уужуу, ухаалаг байж шархыг сэдрээхгүй, дайран дээр нь давс үрэхгүйгээр анагаан илааршуулж бүрэн болно. Аль ч улс үндэстнийг эх орноо хайрлах эх оронч үзэл нэгтгэж байдаг. Би эх оронч хүн гэж цээжээ дэлдэн хашгирах нь эх оронч байхын үндсэн шалгуур хараахан биш. Эх оронч байхаа үг хэлээрээ ч, үйл хөдлөлөөрөө ч, үзэл санаагаараа ч ил харуулах ёстой. Эх орноо, элгэн түмнээ хайрлах хайраараа харуулах учиртай. Гэхдээ “эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй салшгүй хамтдаа сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ”. Монгол орон бидний хэн нэгэнгүйгээр байж, оршин тогтнож чадаж л таарна. Харин бидний хэн нь ч Монгол эх оронгүйгээр ингэхэд юу юм бэ?
Эрхтэн дархтан, хаад ноёд хэн боловч явж одно, харин ард түмэн хэзээд үлдэнэ. Эрх мэдлийг биш, эх орноо хайрлацгаая. Бүл цөөтэй бидний монголчууд өөр хоорондоо толхилцон, эвдрэлцэн, эвгүйтвэл хорвоогийн хүн зоны шившиг, элэг тохуу болоод зогсохгүй элэг буруутны идэш зууш болох осолтойг хожимдоогүй дээрээ ухаарая.
“Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ёслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг” юм байна. Энэ үг ялангуяа шийдвэр гаргадаг, эрх дархтай хүмүүст илүү хамааралтай. “Эх оронч үзэл биднийг сохлох ёсгүй. Эх орондоо хайртай байх нь сохор тэчьядал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг” гэдгийг тун нухацтай бодож тунгаах цаг. Хүн бүр өөрийн ухаан бодолтой байж, дүйвээнээр бус алив асуудлын зөв бурууг ялгаж салгах саруул ухаан бодлоор хандаж сурах хэрэгтэй. Ер нь ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос биш, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос хөөцөлддөг юм гэсэн шүү. Хүнд зөвхөн ухаалаг биш үйлдэл хийж байгааг нь ухааруулахын тулд бус хүнийг ухаалаг үйлдэл хийж, ухаалаг амьдруулахын тулд ухаан заяадаг. Хүний ухаан хорслоор нэвчих юм бол тэрхүү саруул ухаан бүх сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлээ алдан, хаяж гээдэг гэдгийг мартаж болохгүй. Хорслыг дарах ухаан хэрэгтэй. Хэтийн гал өчүүхэн боловч түймэр асаах чадалтай байдгийн адилаар бага ч гэсэн хор хорсол нийлэн хуримтлагдаж бөөгнөсөөр эрүүл саруул ухааныг дийлж, энэ нийгмийг түймэрдэх аюул дагуулахыг сана. Хэлэх ярихаа цэнэж нягтал. Хэлээр бүдрэхээс хөлөөр бүдрэх нь аюул осол багатайг бод. Өрөөлийн хэлсэн үгний үнэн худлыг өөрийн ухаанаар тунгаа. Эвийг эвдэх үгийг чихний хажуугаар өнгөрөө. Эвдэх хялбар, эвлүүлэх бэрх гэдэг нь амьдралаар батлагдсан үнэн билээ. Эвдрэлийн эхэнд хэрүүл явдгийг, хэрүүл тэмцэл ихэдвэл хишиг буян доройтдогийг эгнэгт марталгүй санаж явъя. Ардчилал, эрх чөлөө, эв нэгдэл зэрэг нь ард түмний мэргэн ухаанаар бий болон цогцолсон, нүдний цөцгий мэт хайрлан дээдэлж явах учиртай үнэт зүйлс билээ. Булт олноороо бий болгосон үнэтэй бүхнээ буруу үйлдлээрээ эвдэн сүйтгэнэ гэдэг ухаангүйн цаадах ухаангүй явдал. Эрх чөлөөтэй байя гэж хүсвэл дэг журамтай байцгаая. “Эцсийн дүнд дэг журам, гагцхүү дэг журам л эрх чөлөөг буй болгодог. Дэг журамгүй байдал боолчлолыг буй болгодог”. Эрх чөлөөт эх орондоо боолчлолыг буй болгохгүйн тулд бид дээд зэргийн дэг журамтай байх ёстой. Ардчилалтай байя гэвэл хуулиа дээдэлж, хууль тогтоомжоо сахья. Хуулийг уландаа гишгэвэл ардчилалын амин сүнсийг уландаа гишгэлээ гэсэн үг. Ээдсэн хойно сүү болохгүй, эвдэрсэн хойно бүтэн болохгүй болохоор эв эеэ эвдэхгүй хадгалж, элэг бөөрөө нийлэхгүйгээр эвгүйтэлгүй эвтэй найртай, элэгсэг журамтай амьдарцгаая.
Эвлэвэл бүтнэ гэх дээдсийн сургаал хэзээ хэзээнээс илүү үнэ цэнэтэй байна. Хичээцгээе.
Нацагийн Багабанди
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment