Monday, May 3, 2010

Сайн гэр бүл

хэхэ. Энэ нийтлэлийн агуулга ч гэсэн миний хувьд хүлээн зөвшөрдөг асуудал гэх үү дээ. Юу ч гэсэн уншаад үзээрэй.
Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.

1. Гэр бүлийг чинь юу ч орлохгүй.

Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдлаар өөрийн бүсгүй хүн гэсэн төрх байдлаа дээд зэргээр хайрлах хэрэгтэй.

2. Сайн гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй

Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүний бүх л уран бүтээлийн адил асар их хүчин чадал, сэтгэл, хөдөлмөр, ухаан, ур чадвар шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү.

3. Санал зөрөлдөх, үг зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай.

Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд ч өөрийнхөө бурууг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Мэдээж бусдын буруу нүдний өмнө байдаг байхад хүн өөрийн бурууг ил гаргахыг боддоггүй шүү дээ. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг бүгдийг асгах гээд хэрэггүй. Эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал байдаг. Харин дараа нь зохих арга хэмжээг авч болох юм.

4. Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ

Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг бололцоот гарах үед нь хэлж байгаарай. Эр хүний өөртөө хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүч, сэтгэлтэй болдог. Бүр дотно, янагийн харилцаанд ч энэ нь бүсгүй хүнээс ихээхэн хамаарч байдаг. Хэдийгээр та сэтгэлдээ хэн нэгэн төгс эрийг мөрөөддөг байсан ч гэсэн өөрийн амьдралд учирсан ханиа “орондоо”, “секст” ч төгс байлгах эсэх нь танаас л хамаарна.

5. Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай

Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

6. Гэр бүлээ үймүүлэх хөндлөнгийн шалтгаас хамгаал.

Мэдээж та бүсгүй л хүн юм чинь өөр бусад эрчүүлд таалагдаж л байгаа. Хэрвээ танд өөр эр хүнтэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн тухай үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэж юу л бол. Тиймээс харьцангуй бага цагийг хамт өнгөрөөдөг түүнийг та нөхрөөсөө илүү сайн сайхан гэж бодохоо түр азнаарай. Хэрвээ та түүнтэй харьцангуй удаан хамт байдагсан бол нөхрийн чинь нэгэнт дасч танил болсон муу талуудаас хавьгүй олон муу зүйл байгаа.

7. Хүүхдүүдээ зөв сурга.

Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгээрэй.

8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ

Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?
9. Хардлагаа битгий хэтрүүл

Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Байх ч ёстой гэж үздэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

10. Бүх юм хэмжээтэй

Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдөн дагалаа гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Та өөрөө анхаар, бас нөхрөөсөө ч үүнийг ижил хэмжээнд шаард. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү.

No comments: