Өчигдөр манай сургуулийн оюутнуудын дунд зохиогддог ээлжит илтгэл дээр нэгэн оюутны сонирхсон хүлэмжний хийн тухай ерөнхий мэдээлэл оруулхаар шийдлээ. Хичээл дээр заалгасан мэддэг асуудал хирнээ жирийн хүмүүст ойлгогдохоор хялбархаан тайлбарлах тал дээр бас л дутмаг хэвээрээ л байна даа. Доор оруулсан нийтлэлийг уншаад үзвэл тодорхой ойлголт авах байх гэж найдаж байна.
1997 онд Япон улсын Киото хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын гуравдугаар хуралдаан болсон. Тэр хурлаас гаргасан Киотогийн протоколоор үндсэн зургаан хий дэлхийн дулааралд нөлөөлдгийг тогтоосон. Тэр зургаагаас нүүрсхүчил, намгийн гэж нэрлэдэг метан, хөргөлтийн бодисын гэж нэрлэдэг нүүрстөрөгч гэсэн хий хамгийн их ялгардаг.Нарны цацрагийг дээрх хийнүүд өөртөө шингээх үйлчлэлтэд цацраг тодорхой хэмжээгээр агаар мандалд шингэнэ. Зарим нь газрын гадаргад хүрээд сансрын уудам руу ойдог. Ойх ёстой цацраг нь агаар мандалд энэ хийнүүдэд шингээд үлдчихэж байгаа юм. Нэг ёсондоо агаар мандалд хүлэмж шиг орчин үүсч байна гэсэн үг. Тэгээд дээрх метан, нүүрсхүчил зэргийг хүлэмжийн хий гэж нэрлэсэн юм. Үүсэх физик процесс нь хүлэмжтэй төстэй л дөө. Хүлэмж гэж шилэн ч юм уу, гялгар уутан ч юм уу бүрхүүлтэй савыг хэлдэг. Тэр нь нарны цацрагийг гадагшаа гаргахгүй дулаан үүсгэдэг шүү дээ. Дулаанд дуртай ургамлуудыг хүлэмжинд тарьдаг. Яг үүнтэй адилхан агаар мандал том хэмжээний хүлэмж болчихож байгаа гэсэн үг. Агаар мандлын гялгар уут, шилний үүргийг метан, нүүрсхүчлийн зэрэг хий гүйцэтгээд байна аа даа.
-Агаар мандлын хийн экологийнхоо тэнцвэрт балансыг барьдаг. Ялгарсан хий тодорхой хугацааны дараа өөр хийтэй урвалд орж устаад тэнцвэртэй байдлаа хадгалдаг. Гэтэл хүний үйл ажиллагаанаас болоод хүлэмжийн хий ихсээд байна. Нүүрсхүчлийн хийн байгалийн гарал нь галт уулын дэлбэрэлт юм уу, тоос шороо. Гэтэл хүмүүсийн үйл ажиллагаанаас хүлэмжийн хий улам нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, цахилгаан станц, автомашинаас нүүрсхүчлийн хий ялгардаг. Энэ маягаар агаар мандалд нүүрсхүчлийн хий их хэмжээгээр түгээд байгаа юм.Сибирийн намаг дотор их хэмжээний метан хий хөлдүүгээрээ байгаа. Дэлхий дулаараад ирвэл намгийн хий их хэмжээгээр нэмэгдэж, дулаарал улам нэмэгдэнэ гэж үзсэн.
Хүмүүсийн үйл ажилллагаагаар бий болсон дэлхийн дулаарал эргээд байгалийн хүчин зүйл үүсгэх нөхцөл бүрдүүлдэг. Намгийн хий ялгарвал дэлхийн дулаарал нэмэгдэнэ. Дэлхийн дулаарлыг хоёр хэмээс ихсээд ирвэл манай гарагийн экосистемийн тэнцвэрт харьцаа алдагдана гэж үздэг. Дэлхий халуун, дулаан, сэрүүн, хүйтэн гэсэн бүстэй. Хүйтэн бүсэд их хэмжээний мөс хадгалагдаж байгаа. Дэлхийн Өмнөд, Хойд мөсөн далай шүү дээ. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр мөсөн далай хайлсаар байна. Хайлах тусам далайн төвшин дээшилнэ. Үүнээс шалтгаалж нам дор газрын орнууд 100 жилийн дараа усанд автана гэж судлаачид үзэж байна. Тухайлбал, Хятадын зүүн өмнөд, Японы зарим хэсэг, Европт Голландын газар нутаг, Зүүн Азийн арлын орнууд усанд автах аюултай.
Дулааны тэнцвэр алдагдсанаас дундаж өргөргийн бүсэд багтдаг манай орон, Казахстан, Америкийн зарим газар нутгаар ган ажиглагдана. Давтамж нь нэмэгдэнэ. Үүнээс болоод ногоон бүрхүүлийн хэмжээ буурна. Ногоон бүрхүүл гэдэг нь манай малын бэлчээр шүү дээ. Ургамал хагдарна. Таримал ургамал ч сайн ургахгүй. Ийм сөрөг нөлөө үзүүлэх юм.
Хэрвээ ийм байдалд хүрвэл хүнсний хангамжид аюул учирна. Одоо уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох гэсэн хоёр асуудлыг дэлхийн нийтийн хэмжээнд ярьж байна. 1992 онд Рио Де Жаньеро хотод Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг баталж улс орнууд гарын үсэг зурж, нэгдэж орсон. Манай улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гар үсэг зурсан. Тус конвенцид нэгдэж орсон талууд хоёр жил тутамд хуралдаж, конвенцио хэрэгжүүлж байгаа. Мөн Киотогийн протоколоор дэлхийн улс орнуудад хүлэмжийн хийг бууруулах хувь хэмжээг тогтоож өгсөн. 1998-2012 онд дэлхийн хүлэмжийн хий ялгаруулалтыг таван хувь бууруулахаар тогтоосон. Хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг улсуудад бууруулах хувь хэмжээг өөр, өөр тогтоож өгсөн. Япон улс зургаан хувь бууруулахаар тогтсон байх жишээтэй.
-АНУ, Энэтхэг, Хятад зэрэг орон их хэмжээгээр хүлэмжийн хий ялгаруулдаг. Манайх бол нэг хүнд оногдох хүлэмжийн хий ялгаруулалтаараа Ази тивд тэргүүлдэг. Манай улс өвлийн хүйтнийг давахын тулд цахилгаан станцуудаа нүүрсээр галладаг. Цахилгаан станцуудаас их хэмжээний хүлэмжийн хий ялгарч байгаа л даа. Манай орны уур амьсгал 60 гаруй жилийн дотор 2.1 хэмээр дулаарсныг эрдэмтэд тогтоосон. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин их байгаа юм. Монголд уур амьсгалын өөрчлөлт айхтар хүчтэй илэрч байгаагийн шинж. Уур амьсгалын дулаарлаас болоод манай орны эдийн засаг, нийгэмд өөрчлөлт гарч магадгүй.
Манай эрдэмтэд олон төрлийн загвар ашиглаж хийсэн судалгаа ижил хандлагатай гарч байна. Тухайлбал, цөл, хуурайшлын бүс хойшоо тэлэх нь. 2020, 2040 онд цөлийн бүс хойшилсоор Богд ууланд тулж ирнэ гэсэн судалгаа ч хийсэн. Манай ойн бүс багасна. Сибирийн ойн өмнөд хэсэг бол манай ойн бүс шүү дээ. Цэвдэг хөрсөн дээр суурилдаг. Цэвдэг хөрс гэснэ. Манай шилмүүст шинэсэн ой цэвдэгтэй хөрсөнд ургасан байдаг. Тэгэхээр ой мод багасна гэсэн үг.
Манай орны хувьд хүлэмжийн хийг багасгахын тулд нүүрс түлдэг цахилгаан станцуудын технологийг сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, манайхан Шивээ-Овоод бас нийслэлд тавдугаар цахилгаан станц барина гээд яриад байна. Нүүрстөрөгч ялгаруулдаг станц баривал хүлэмжийн хий нэмэгдэнэ. Ингэснээр манай эдийн засагт сөрөг үр дагавар үүснэ. Аль болох хүлэмжийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүчний станц барьдаг ч юм уу, нар салхины сэргээгдэх эрчим хүчний технологи ашиглах хэрэгтэй. Малын хөлөөр газар талхлагдаж доройтолд орж байна. Малын тоо 40 гаруй сая боллоо. Үүнээс 30-аад сая нь хонь, ямаа байна. Бог мал бэлчээрийг их хэмжээгээр сүйтгэдэг. Үүн дээр зөв бодлого баримтлах хэрэгтэй. Малчдыг газрын төлбөрөөс чөлөөлсөн байдаг. Малчдад газрын төлбөр ногдуулах хэрэгтэй. Төлбөрийг нь бэлчээр сайжруулах, газар хамгаалах ажилд зарцуурахгүй бол Монголын мал аж ахуй ойрын 20 жилд үндсэндээ сүйрнэ. Малчид тогтвортой амьжиргаагүй болно. Малчдаас авсан төлбөрийг чөлөөлснөөр тус биш ус болж байгаа юм. УИХ ойрын үед зоригтой шийдвэр гаргаж малын хөлийн татварыг бий болгох хэрэгтэй. Төлбөрөө улсын төсөвт оруулахгүй, тухайн орон нутагтаа сан үүсгээд газар хамгаалалт, бэлчээрийн менежмент сайжруулахад ашиглавал сайн. Усгүй зэлүүд нутагт худаг гаргадаг ч юм уу. Хэрвээ бэлчээрээ хамгаалахгүй бол ирээдүйн газар чинь улаан шороо болно гэдгийг малчдад ойлгуулах нь зүйтэй.
Хүлэмжийн хийг ялгаруулдаг байхад, шингээдэг зүйл байна л даа. Автомашин, гэрийн зуух, цахилгаан станцаас хүлэмжийн хий ялгардаг. Гэтэл хүлэмжийн хий байгалийн ногоон ургамал шингээдэг. Далай тэнгис ус их хэмжээгээр шингээж авдаг. Дэлхийн хүлэмжийн хийг шингээдэг гол эх үүсвэрүүд нь Бразилийн Амазонк мөрний дагуух ой байгаа юм. Амазонк мөрний ойг их хэмжээгээр огтолж борлуулж байна. Мод байсан газарт нь ногоо тариад байгаа юм. Ингэснээс болж хүлэмжийн хийн ялгаруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Шингээдэг зүйл нь багасвал хүлэмжийн хий ихсэх нъ гарцаагүй шүү дээ. Манайд нуур, гол горхи ширгээд байна. Тэгэхээр хүлэмжийн хийг шингээх нь багасна гэсэн үг. Энэ болгоноос болоод хүлэмжийн хий ихсээд байна.
Эх суовалж: Байгаль орчин, менежментийн “ЭКО АЗИ” дээд сургуулийн ерөнхий захирал, Монголын цаг уурын нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Адъяасүрэнтэй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа. 2009,5,29
http://www.sonin.mn/
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment