Saturday, June 16, 2012

Ном яагаад унших хэрэгтэй бэ?

Hом бидний амьдралд ямар ач тусаа өгдөг вэ гэдгийг хэдхэн жишээгээр залуусдаа хэлэхэд:
1. Номоос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж мэддэг. Хүн болгоны амьдрал өөр байдаг. Харин ном уншдаг хүн зөвхөн өөрийн амьдрал туршлага дээр явцуурахгүйгээр маш олон амьдралын туршлагыг өөрөө заавал туулж мэдэхгүйгээр мэдэх боломжтой байдаг.

2. Ном хүний оюун ухааныг задалж логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхоо сонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгоогүй зүйлээ хүн “Яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж амьдралын ухаанд сургадаг. Манай ард түмэн “Ухаан далай номноос эхтэй” гэж үр хүүхэддээ сургаж ирсэн нь дэмий ч нэг үг биш байх. 
3. Ном уншдаг хүн өргөн мэдлэгтэй болдог. Өргөн мэдлэгтэй хүн сонин сайхан зүйл ярьдаг. Уулзаад ярилцаж суухад урамтай хүмүүс байдаг. Тэдний нууц бол ном уншихтай л холбоотой. Юу ч мэддэггүй хүн юугаа хэнтэй хуваалцах билээ дээ. Өргөн мэдлэгтэй хүнийг эрт дээр цагаас хүн болгон л хүндэтгэж ирсэн. Иймд өргөн мэдлэгтэй болсоноор хүмүүсийн хүндлэл хүлээж цаашлаад сайхан амьдрах боломж бий болно гэсэн үг. 
4. Номноос хүн нинжин сэтгэл хүнлэг ёсыг дээдлэх ухаан өөртөө төлөвшүүлдэг. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас номоор дамжуулж хүнлэг нинжин сэтгэл, хүний сайхан сэтгэлийн хүчийг магтан дуулсаар ирсэн. Иймд би ном их уншдаг хүн яав ч атгаг муухай өчүүхэн бодолтой болдоггүй байх гэдэгт бат итгэдэг. 
5. Ном хүнийг соёлтой боловсон ухаалаг яриа хөөрөөтэй болгож төлөвшүүлдэг. Монголчууд ном уншдаггүй боловсролгүй хүнийг “харанхуй цээжтэй хүн” гэж ёгтолж хэлдэг. Харанхуй цээжтэй хүн гэдэг маань дотроо тулга тойрсон өчүүхэн бодолтой, балмад зантай, бүдүүлэг хүнийг хэлдэг байх гэж би ойлгодог. Тэгэхээр ном гэдэг хувь хүний соёл төлөвшилд маш чухал ач тустай.
6. Номоос хүн хэл яриагаар болон бичгээр өөрийгөө бусдад төгс илэрхийлэхэд суралцдаг. Гайхамшигтай ярьдаг цэцэн цэлмэг үгээр өрийгөө бусдад төгс илэрхийлдэг хүмүүс байдаг. Тэд бүгд сайн уншигчид гэдэгтэй би маргахгүй байна. Тэр уран цэцэн үгийн баялагийг хаанаас олж авах вэ. Номноос л олж мэдэж сурч авна шүү дээ. Түүнээс ном уншдаггүй хүний хэл яриа ярианы ойр зуурын хэллэг төдийхнөөр хязгаарлагдсан л байх биз. 
Зарим нэг тэр тусмаа залуу хүмүүсийн сэтгэгдлийг сонсож суухад би жүжигчин, дуучин эсвэл модел, мисс болох дуртай. Надад ер нь ном унших хэрэгцээ байхгүй гэх ухааны юм сонсоод би дотроо харамсдаг. Тэднийг бас өрөвддөг. За жүжигчин боллоо гэж бодоход ном уншиж ухаан санаа чинь задраагүй бол хувилж орох гэж буй дүрийнхээ дотоод мөн чанарыг яаж мэдрэх вэ. Яаж тэр “өөрөө биш” дүрийг гаргаж чадах вэ. Мисс боллоо гэхэд тэр Дэлхийн мисст орох гэж буй охин шиг хэл сайн сурч, ном уншиж хөдөлмөрлөхгүй бол тэр номноос авдаг дотоод гоо сайхныг өөртөө яаж бүрдүүлэх вэ. Тэр оюун ухааны сорилтын асуултад яаж учир утгатай, бусдын сэтгэлд хүрсэн хариулт тайлбар өгч чадах вэ. Манай миссүүд, Монгол бүсгүйчүүд Дэлхийн миссийн тэмцээний тайзан дээр өнгө зүсээрээ нэг их гологдох зүйлгүй ч нэг л биеэ барингуй өрөвдөлтэй харагддагийн учир юу вэ. Гадаад хэл сураагүй, боловсролгүй, дотоод гоо сайхандаа анхаардаггүйтэй нь л холбоотой гэж би боддог. Олон ч хүн үүн дээр санал нийлэх биз. 
Эцэст нь залуусаа өнөөдөр та бүхэн гаднаас нь харахад хөөрхөн царайлаг байна бас их нуруулаг болсон байна. Гэтэл дотоод ертөнц чинь даан ч “жижигхэн” хүмүүс олон болжээ. Энэ юутай холбоотой вэ. Би бол ном их уншдаггүйтэй л хамгийн их холбоотой гэж бодож байна. Иймд та бүхэндээ “Ном сайн унш бас дахин унш” гэж л захимаар байна.




Эх сурвалж: http://erkhembayar.blogspot.kr/