Friday, October 21, 2011

Эхийн сэтгэл тавгүй бол хүүхэд өвддөг


Эмэгтэйчүүд бие давхар үедээ сэтгэл санааны хувьд тайван бус байх болон төрсөн хүүхэд харшил, багтраа өвчтэй болох магадлал хоорондоо уялдаа холбоотой болохыг тогтоож чадсанаа Америкийн эрдэмтэд мэдэгджээ.

Эхийн бухимдал ба хүүхдийн харшил
Америкийн Харвардын анагаах ухааны сургуулийн мэргэжилтнүүд дээрх нээлтийг хийсэн байна. Тэд шинэ төрсөн 400 орчим хүүхдийн хүйн цусан дахь харшлын урвалыг танигч Е иммуноглобулины /IgE/  хэмжээг тогтоожээ. Үүний зэрэгцээ жирэмсэн байхдаа хэр их бухимдаж байсныг тогтоохоор залуу эхчүүдийн дунд судалгаа явуулсан байна. Бас тэдний орон гэр дэх харшил үүсгэгчдийн түвшнийг тусад нь тогтоожээ.
Ингэснээр эрдэмтэд жирэмсэн байхдаа их бухимдаж байсан болон харшилтай хүүхэд төрөх эрсдэл хоорондоо шууд холбоотой болохыг  тогтоож чадсан гэж үзэж байна. Тухайлбал, өөрийгөө “их” болон “маш их” бухимдаж байсан гэж дүгнэсэн эхчүүдээс хүйн цусандаа IgE-ийн түвшин өндөртэй хүүхдүүд төрснийг тогтоожээ. Тэгэхдээ орон гэр дэх харшлын хүчин зүйл тухайн үзүүлэлтэд бараг нөлөөлөөгүй байна. Харшилтай хүүхдүүд харшил үүсгэх зүйлгүй, цэвэр орон гэрт аж төрдөг боловч их бухимддаг эхчүүдээс ихэвчлэн төрсөн байдаг аж.
Судалгааны удирдагч, доктор Розалинда Райтын хэлснээр, урьд нь амьтан дээр хийсэн судалгаа хээлтэй байх үед гадаад орчин дахь харшил үүсгэгчдийн /жишээ нь, тоостой орчин/ түвшин өндөр байх нь үр зулзага багтраа өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдгийг харуулсан байдаг. Хэрвээ үүн дээр их бухимдал нэмэгдэхээр бие биенээ өдөөх нөлөө үүсдэгийг эрдэмтэн тэмдэглэжээ.
Ганц харшлаар зогсохгүй
“Санхүүгийн асуудал эсвэл гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэлтэй эхийн бухимдал хэвлий дэх ургийн дархлааны бүрэлдэн буй болж буй тогтолцоонд нөлөөлж, улмаар хүүхэд харшилтай болоход хүргэдгийн нотолгоог бид олж авлаа” гэж доктор Райт онцлон тэмдэглэжээ.
Эх нь үрээ хэвлийдээ тээж байхдаа сэтгэл мэдрэлийн хувьд тайван байж чадаагүйгээс болж ганц харшилтай болохгүй гэдгийг энд тэмдэглэсэн байна. Тун саяхан  “Archives of General Psychiatry” /“Ерөнхий сэтгэл судлалын архивууд”/ сэтгүүлд мэдээлснээр, эх болох хүн жирэмсний эхний гурван сард сэтгэл мэдрэлийн хүчтэй цочролд орсон бол хүүхэд нь шизофрени өвчтэй болох эрсдэл нэмэгддэг.
Данийн Орхус их сургуулийн эрдэмтэд 1973-1995 оны хооронд төрсөн 1,38 сая төрөлтийн тухай мэдээллийг судалжээ. Ийм судалгаа явуулахад шинээр мэндлэгсэд болон тэдний гэр бүлийн тухай мэдээллийг зохих журмаар хадгалдаг Үндэсний бүртгэл мэдээлэл сангийн мэдээлэл тус болсон байна. Эдгээр тоо баримтыг ашиглан эрдэмтэд жирэмсэн байхад нь нөхөр эсвэл ойрын хамаатан нь нас барсан 22 мянга орчим эмэгтэй, ойрын хамаатан нь хорт хавдар, зүрхний шигдээс болон цус харвасан жирэмсэн 14 мянган эх болох эмэгтэйг ялгажээ.  Дараа нь эрдэмтэд эдгээр эмэгтэйгээс төрсөн хүүхдүүдийн хувь заяаг судалсан байна.
Ингэхэд жирэмсний эхний гурван сартай байхад ойр дотныхноо алдсан эмэгтэйчүүдийн хүүхдүүд шизофрени өвчнөөр 67 хувиар илүү өвчилсөн байна. Харин жирэмсний хожуу үед тохиолдсон иймэрхүү үйл явдал, тэрчлэн дотно хүнийхээ өвчний тухай авсан мэдээлэл бараг ямар ч нөлөө үзүүлээгүй байв.
Шизофрени өвчтэй болох эрсдэл өссөөр байна
Бие давхар байх үеийн тайван бус байдал болон хүүхэд шизофренитэй болох нь хоорондоо ямар уялдаа холбоотой болохыг хараахан тайлбарлаж чадаагүй байна. Судалгааг санаачлан явуулсан профессор Мортенсений үзэж байгаагаар, тайван бус байдлын хариуд ирээдүйн эхийн бие махбодийн боловсруулж буй гормон ургийн хөгжиж буй тархинд нөлөөлж болзошгүй юм. Энэ нөлөө нь эх болон ураг хоорондын хамгаалалт бүрэн бүрэлдээгүй байх жирэмсний эрт үед ажиглагдаж болох аж.
Нөгөө талаар, шизофренитэй болоход генийн болон хүрээлэн буй орчинтой холбоотой олон хүчин зүйл нөлөөлж болохыг санах хэрэгтэй юм.
Аутизм өвчин ч мөн үүнтэй адил. 2008 онд АНУ-д явуулсан судалгаанаас үзвэл, жирэмсэн байхдаа их гуньж гутарч байсан эмэгтэйчүүдээс аутизмтай хүүхэд төрөх магадлал өндөр байдаг.
Судалгааны явцад 500 гаруй жирэмсэн эмэгтэйн бухимдлын “хүчийг” хэмжсэн байна. Аутизмтай хүүхэд төрүүлсэн 188 эмэгтэйд энэ үзүүлэлт эрүүл хүүхэд төрүүлсэн эхчүүдэд ажиглагданаас бараг хоёр дахин их байв.
Ойр дотны хүний үхэл, ажилгүй болох, оршин суух газар өөрчлөгдөх зэргийг судлаачид хамгийн хүчтэй бухимдал үүсгэгч хүчин зүйл гэж тооцжээ. Жирэмсний 24-28 долоо хоногт сэтгэл санааны хүнд байдал нь ирээдүйд төрөх хүүхдийн тархины үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг учраас чухам энэ үед аутизм өвчин үүсэх эрсдэл бий болох аж.
Эхийн бухимдал эрэгтэй, эмэгтэй хүүхдэд өөр өөрөөр нөлөөлдөг
Аутизм зөвхөн урьд нь бодож байсанчлан гентэй холбоотой төдийгүй хүрээлэн буй орчны хүчин зүйлүүдтэй үлэмж хэмжээгээр холбоотой байдгийг судалгааны дүн харуулж байна.
Аутизм нь бодит зүйлийг сонирхохгүй, ойр орчинд байгаа хүмүүстэй харилцах эрмэлзэлгүй, сэтгэл хөдлөлийн илрэл байхгүй болдог сэтгэцийн хямрал юм.
Тийнхүү эхийн сэтгэл санааны хямрал юуны түрүүнд жирэмсний явц, дараа нь хүүхдэд нөлөөлдөг, гэхдээ хүүхдийн хүйсээс шалтгаалаад үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй байдаг ажээ.
Америкийн эрдэмтэдтэй бараг нэгэн зэрэг хийсэн Берлиний их сургуулийн эрдэмтдийн судалгааны дүнгээс үзвэл, жирэмсэн байх үед бий болсон сэтгэл санааны аливаа хямралаас шалтгаалан үр зулбах эрсдэл үлэмж нэмэгддэг байна.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”

No comments: