Tuesday, October 18, 2011

Ургамал ус шингээх механизм

Сайн байцгаана уу, оюутнуудаа?

     Та бүхэнд ургамал ус шингээх механизмын талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхийн тулд нэмэлт материал орууллаа. Ойлгосон зүйлээ дэвтэртээ буулгаж авахыг хүсье. 
    Ургамал нь амьдралынхаа туршид тасралтгүй усыг шингээн авч ялгаруулдаг. Ийнхүү усыг шингээн авч ялгаруулсны үр дүнд ургамлын өсөлт хөгжилт хэвийн явагдах боломжтой болдог байна. Усны потенциал нь ихээс багаруу чиглэн шилжин хөдөлдөг. Өөрөөр хэлбэл усны потенциалын ялгавраас хамааран хөрснөөс үндэснийхээ тусламжтай усыг шингээн авч, шингээн авсан усаа дээш болон хажуу тийш дамжуулдаг ба эцэст нь навчны амсраар гадаад орчинд ууршуулдаг.

Үндэсний ус шингээх хэсэг

 Ихэнх ургамлын үндэсний дээд хэсэгт сорох бүс байрлах ба энэ хэсэгт байрлах үндэсний үсэнцэр нь үндэсний хөрстэй харьцах талбайг нэмэгдүүлж өгснөөр усыг ихээр шингээн авах боломжийг бүрдүүлж өгдөг. Үндэсний үзүүр хэсэгт байрлах ургах шовгор(RAM-root apical meristem) агуулсан хуваагдлын бүс болон сунах бүс нь усыг бараг шингээдэггүй. Үндэсний үсэнцэр нь бүрхүүл эд буюу эпидермисийн давхаргаас үүсдэг, 1.3см урттай учир нүдээр ялгах боломжтой, маш хурдан ургадаг. Өдөрт зуун саяаас илүү үндэсний үсэнцэр ургуулдаг ургамал ч байдаг. Үндэсний үсэнцэр нь маш эмзэг тул дундаж наслалт нь 5 өдөр орчим байдаг.

Үндэсний ус шингээх механизм

 Ургамлын ус шингээлт нь хөрсний уусмлын потенциал болон үндэсний дотоод усны потенциалын ялгавраас хамаардаг. Өөрөөр хэлбэл хөрсний уусмалын потенциалаас үндэсний үсэнцэрийн эсийн усны потенциал бага байдаг учраас усыг сорж авах боломжтой бүрддэг. Шингээн авсан ус нь ургамлын бусад эд эрхтнээр дамжин хэрэглэгдэхээс гадна ууршилтын процессоор гадагшилдаг учир усны шингээлт нь ургамалд тасралтгүй явагддаг. Ус шингээх механизмыг идэвхигүй шингээлт(passive absorption) ба идэвхитэй шингээлт(active absorption) гэж хоёр ангилдаг.  

Идэвхигүй шингээлт(passive absorption)

 Хөрсөнд чийг хангалттай, ууршилт хэвийн явагдаж байгаа үед усны потенциалын ялгаврын үр дүнд ус шингээхийг идэвхигүй шингээлт гэдэг. Ууршилтын процесс эрчимтэй явагдаж байвал мезофилл эсийн усны потенциал буурч навчны судалд байрлах дамжуулах багцан дахь усыг татаж эхэлдэг. Навчны судал дахь усны хэмжээ багассанаар усны даралт(tension) нэмэгдэн усны потенциал буурдаг. Навчны дамжуулах багц нь ишний болон үндэсний дамжуулах багцтай шууд холбоотой байдаг учир навчны судалд үүссэн даралт нь усыг доороос дээш татаж эхэлдэг ба энэ үед үндсэнд ч гэсэн даралт үүсдэг. Энэхүү даралтын тусламжтайгаар ургамал хөрснөөс усыг шингээн авдаг. Идэвхигүй шингээлтийн хөдөлгөгч хүч нь ууршилтын процесс бөгөөд усны потенциалын ялгаврыг шийдвэрлэгч нь дамжуулах багцанд үүссэн даралтын потенциал юм.

Идэвхитэй шингээлт(active absorption)

 Үндсээр сорох усны шингээлт ууршилтын процессын оролцоогүйгээр явагдах нь ч байдаг. Дамжуулах багцанд органик биш бодисыг хуримтлуулснаараа усны потенциалыг бууруулж ус шингээхийг идэвхитэй шингээлт гэдэг.
Органик биш бодисыг хуримтлуулахад энерги(ATP) хэрэгтэй байдаг ба үндэсний өвөрмөц бүтэц нь идэвхитэй шингээлтийг явуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл, ургамал дахь энергийг ашиглан органик биш бодисыг шингээн дамжуулах багцад хуримтлуулахад үндэсний эндодермийн давхрагын голоор байрлах каспарын бүс нь хуримтлагдсан органик биш бодисыг гадагш алдагдахаас хамгаалдагт оршино. Ингэж дамжуулах багцанд бодисын хуримтлал бий болсноор усны потенциал буурч хөрснөөс усыг шингээн авдаг. Идэвхитэй шингээлт нь ууршилтын процесс бага үед эрчимжих ба үндэсний даралтыг үүсгэдэг. 


재배식물생리학책

Хүндэтгэсэн Т.Насанжаргал

5 comments:

bayka said...

bayrlalaa

daagii said...

hi bayrlalaa

Түмэн-Өлзий said...

баярлалаа. шалгалтнаас өмнө блог руу чинь ордог байжээ. тэгсэн бол шалгалтан дээр сайн хийхгүй юy :P

zulaa said...

unshsan bol sn hiihkuu yu

Т.Насанжаргал said...

Hi all.
Odoo ch gesen oroitoogui ee. Ireh doloo honogt asuuna sh dee^^