Friday, October 14, 2011

Залуу насаа хайрлаж өөртэйгээ ажиллаж сурцгааяа


    Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Энэ л үедээ бид хайрлаж дурлаж,  бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж, амьдралын бал бурмыг амталдаг. Мөн сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө бид багагүй тэвчээр гарган үе тэнгийн найз нөхөд чинь баардаж, дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгох хэрэгтэй. Ингэж хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй.

Өөрийнхөө сайхан ирээдүйнхээ төлөө өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авчирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгүй л яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд ч захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.
Хүн ихийг уншиж, судалж, ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг. Залуу  насанд олж авсан энэ цэнэг хэзээ ч барагддаггүй бөгөөд тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож авах нь зүйтэй.
Маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө. Энэ үед танд магадгүй хамаг сайхан цагаа уйтгартай хий  дэмий өнгөрүүлж байгаа мэт санагдах боловч энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх болно. 
Залуу насаа мөнхийн юм шиг санаж хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд хэт умбаж эрхэм болговол энэ зугаа цэнгэлийн гайгаар үлдсэн бүх амьдралаа ууж, эсвэл хар залуугаараа эдгэрэшгүй өвчинд нэрвэгдэж, үнэ цэнэгүй дутуу дулимаг амьдалтай болж эхлэнэ. Зарим царайлаг сайхан бүсгүйчүүд ч гэсэн үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө үнэ хүргэн  худалдаж, үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь ч бас бий. 
Тиймээс хэзээ нэг цагт залуу насаа бодож харамсаж суухгүйн тулд үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн тулд өөрийн залуу хүн гэдэг үнэ цэнээ мэдэрч, өөрийн зарим нэг муу зуршлаасаа аажим аажимаар салж, шинэ бие хүнийг бий болгож бүтээх хэрэгтэй. Магадгүй бид сайн эцэг, эх болж чадвал бидний үр хүүхдүүд биднээс үлгэр дуурайлал авч би аав шигээ, ээж шигээ хүн болно гэж хэлэх нь лавтайяа.

Өөрт заяасан авъяас билэг, давуу талаа танин мэдэж, түүнийхээ үр үндсийг ургаж төлжих шимт хөрсөнд найдвартай суулган, байнга санаа тавьж, арчилж, тордон, ургуулж хөгжүүлж чадвал хэн ч зорьж тэмүүлсэн зорилготойгоо зовлон багатай золгох болно. Хүн болгон энэ ертөнцөд өөрийн гэсэн хувь тавилантай ирдэг бөгөөд өөрт заяасан тэр авьяасаа олж таних нь хамгийн чухал юм. Тиймээс юуны өмнө өөрийн давуу, сул талаа танин мэдэж сул талаа давуу тал болгон өөрчлөх, давуу талаа улам хөгжүүлэх арга барилд суралцаж өөрөө өөрийнхөө талаар бүрэн мэдлэгтэй болж өөртэйгөө ажиллаж сурах хэрэгтэй.
Өөртэйгөө ажиллаж сурахын тулд дор хаяж дараах таван зүйлийг хийж хэрэгжүүлж хэвших шаардлагатай.
1. Санаачлагатай хүнээс санаанд хүрэх сайн үйл гарна. Тиймээс өөрийн санаачлагаар ажиллаж сур.
2. Зөрүүд зангаа хязгаарлаж, хүслээ дарж, урам зоригоо зөв чиглүүлж чадвал их амжилтанд эргэлзээгүй хүрч чадна.
3. Шийдвэр гаргахдаа эхлээд сайтар бод. Гаргасан шийдвэрээсээ бүү няц.
4. Зовлон бэрхшээл нь хүнийг нийгэмтэй тулалдах зориг хүчийг өгдөг. Тиймээс ялагдал, амжилтгүй, азгүй тохиолдолд бүү шантар. Тэгээд болж бүтээгүй ажилаа 10 дахин хийхээр төлөвлөж, сэтгэлээсээ чанартай хийх хэрэгтэй.
5. Хэзээ ямагт, аль ч үед хувийн сахилга баттай хүмүүжигтүн. Аливаа хүн хувийн сахилгатай байж л амжилтанд хүрдэг нь маргашгүй үнэн билээ. Энэ тавыг сахиж чадвал өөртэйгөө ажиллах, өөрийгөө хүмүүжүүлэх бүх арга барилын үндэс нь болно. 

1 comment:

agus irawan, said...

wow !! what language it's?