Эрдэм номд шамдан түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян хүн билээ. Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараагийн олон арван жилд цогцлуулах оюуны сац суварганыхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу, үзэсгэлэн төгөлдөр байх болно.
Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцахдаа түүнээс залгаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж чадвал мэдлэг мэдээллийн эрин зуун, оюун ухааны ширүүн өрсөлдөөнд сайн сайхан, тэгш дүүрэн амьдрах болно.
Амьдралд хэрэг болох зүйлийг нэн түрүүнд сурахыг хичээх хэрэгтэй. Сурсан эрдмийг хэн ч булааж чаддаггүй юм. Сурснаа ажил амьдралдаа хэрэглэ, аливаа зүйлийг сурсан шиг сур.Та тогоочийн мэргэжлээр сурч байлаа гэж бодье. Хоол иддэггүй хүн гэж байхгүй, амттай сайхан хоолонд дургүй хүн гэж байхгүй. Тэгвэл та сайн тогооч болчихвол ажил олох гэж дугаарлан зогсох биш, таныг авч ажиллуулахаар ажил олгогчид өрсөлдөн дугаарлах болно.
Гэвч сургууль төгсмөгц шууд сайн мэргэжилтэн болчихгүй ээ. Эхлээд ажилд нухлуулна, өөрсдөө хичээнэ ингэж чадвал алтан гартай ажилчин болж лавтайяа чадна. Алтан гартай ажилчин аль ч нийгэмд, хаана ч эрэлт хэрэгцээтэй. Цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж нь ч харьцангуй өндөр байх болно. Гэр бүлдээ нэртэй хүндтэй, нийгэмд хэрэгтэй алдартай сайн хүн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү өөрсдөө хичээх хэрэгтэй.
No comments:
Post a Comment