Тарвага цөөрснийг эрдэмтэд цөлжилттэй холбон тайлбарлаж байна. Учир нь тарвага газрын хөрсийг суллаж, сийрэгжүүлэн амьдардаг аж. Тарвага, оготно, зурам зэрэг мэрэгч амьтад ховордсоноос цөлжилт хурдасдаг байна. Мэрэгч амьтдын ялгадас газрын хөрсөнд шим тэжээл өгдөг чухал бордоо байдаг. Тиймдээ ч бордооны ачаар төрөл бүрийн ургамал ногоо сайн ургадаг аж. Харин тарвага ховордсоноос газрын үржил шим муудаж хөрс нь тагтаршин ургамал ургахаа больж цөлжилт үүсээд байгаа юм. Тарвага гэх сонирхолтой, нөгөө талаас хөөрхийлөлтэй энэ амьтанг хайрлан хамгаалахгүй бол удахгүй нэрийг ч мартаж мэдэх нь байна.
Манай оронд 1980-аад оны сүүлчээр 10-13 сая тарвага байна гэсэн судалгаа гарч байжээ. Тухайн үед 2-3 сая тарвага агнаж ангийн бэлтгэлд нийлүүлдэг байж. Харин 1990 оноос хойш тарваганы тоо толгой эрс багассан гэдэг. Тарвага агнахыг 2004 оноос хоёр жилийн хугацаатай хуулиар хориглосон. 2007 онд хориог сунгасан боловч өнөө хүртэл мэдэгдэхүйцээр өсөж үржээгүй байна.
Тарвага 1862 онд дэлхийд анх удаа шинжлэх ухааны нэрээр бүртгэгджээ. Дэлхийд арав гаруй төрлийн тарвага байдгаас манай оронд Алтайн, талын гэх хоёр зүйл тарвага бий. Тарвага амьдралынхаа 87.5 хувийг нүхэнд өнгөрөөдөг төдийгүй жилийн талаас илүүг унтаж өнгөрөөдөг гэсэн сонирхолтой баримт байна. Тарвага бүр 1-2 ичээтэй, 5-6 зусаал нэг муу нүхтэй байдаг ажээ. Харин тарваганы эмийг нь нагай гэнэ. Нагай хээлээ 30-35 хоног тээх ба дунджаар 5-7 зарим үед 10-13 мөндөл гаргадаг байна.
Ц.Хишигдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment