Нойрыг унтаж барахгүй, сэрж барна. Энэ үгийг хэн, хэзээ анх хэлснийг мэдэхгүй. Их л эрт хэлэгдсэн байх. Сургаал үг урт настай байх тусам хүч ихтэй, ач тус нь далай мэт уужим. Хүний амьдралд алтнаас илүү үнэ цэнэтэй алдарт энэ үгийг би их хожуу, оюутан болсон хойноо нэгэн ухаант хүнээс анх сонссон юм. Энэ хүн бол Дондогийн Цэвэгмид гуай байлаа.
Тэр үед хилийн чанадад суралцдаг, зуны амралтаараа эх орондоо ирсэн оюутнуудыг цуглуулан ухаант мэргэдээр сургаал айлдуулдаг байсан юм. Тэр жил ухааны их сангаасаа ухаарлын хур буулгасан ухаантан нь НҮБ-ийн индрээс Монгол хэлээр анх үг хэлсэн Монгол төрийн том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч энэ алдарт хүн байлаа.
Д.Цэвэгмид гуай ухаан далай номноос эхтэй, номтой шадарлан нөхөрлөж байж л ном эрдэмтэй хүн болно гэдгийг сэнхрүүлэн, ном эрдэмтэй болохын тулд нойроо хасах хэрэгтэйг ухааруулсан нь ой тойнд гүн бат шингэжээ. Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг буруу зуршилтай болчихоогүйд маань тэр ухаант хүний ончтой үгийн ид шид нөлөөлсөн нь гарцаагүй. Онож хэлсэн үгийн хүч зүйрлэшгүй. Үг өвтгөх ч хүчтэй, үг эдгээх ч чадалтай. Үгээр үүссэн шархыг эмээр эмчлэх аргагүй. “Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй” гэдэг. Номонд мэргэн болохын нэг уг сурвалж нь нойронд сэргэг байх явдал гэдгийг хүүхэд залуус та нар марталгүй бодож, тасралтгүй санаж яваарай. Гэдсээ цэрийтэл идэж, ухархайгаа ширгэтэл унтсанаас олох олдвор, хожих хожвор гэж үгүй, харин алдах алдаа, хохирох хохирол нь харамсаж халаглам их. Их идэш өвчин дагуулж, эрүүл мэндийг сүйтгэдэг бол их нойр залхууг дагуулж сурч мэдэх, хийж бүтээх хайран цагийг яйран болгон сүйтгэнэ. Идэхдээ ухасхийж, хийхдээ гэдэсхийх идэмхий унтамхай хүнээс их үйл хэргийг хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур хүлээхтэй адил.
Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрээр зургуудийг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй болсноо хэлэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө арван цагаас оройн зургаан цаг хүртэл өөр ажил хийх зайлшгүй шаардлагатайгаа учирлав. Та өглөө дөрвөөс арван цагийн хооронд бүтэн зургаан цаг юу хийдэг вэ гэж асуухад залуу зураач “унтдаг” гэж хариулав.
“Тэгвэл та зураг зурах биш, насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө дөрвөөс есөн цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ. Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний дөрвөөс есөн цагийн хооронд байдаг, би энэ хугацаанд зургаа зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ.
Тэрбумтан Аристотель Онассис “мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэж хэлсэн байна.
“Амьдарч өнгөрүүлсэн өдөр бүхэн шинэ юм шиг байхаар амьдрах хэрэгтэй”.
“Хүний найдвар ба нойрыг нь авчих юм бол тэрээр ертөнц дээрх хамгийн золгүй амьтан болно”. Сайн сайханд, аз жаргал, амжилт бүтээлд хүрэх найдварын галаа үргэлж бадрааж амьдар!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment