Нацагийн Багабанди
Хүн ухаантай сайхан амьтан мөртлөө ухаангүй муухай явдлаар дүүрэн. Ертөнцийн сайхан, муухайг ялгаж салгах цорын ганц ухаант амьтан байтлаа сайхнаас зугтаж, муухай руу зүтгэх нь ухаанд багтамгүй хачирхалтай. Гэнэн хэнэггүй зангаасаа болоод муу муухайд гэнэ сэнэгүй гэнэдэж хутгалдах учир тавилан бий. Муу муухайг нь таньж мэдсээр байж бузар муухай шавар шалбааг мэт зүйл рүү өөрөө хэнэг ч үгүй алхаад орчихдог ухаангүй тэнэг үйлдэлтнүүд цөөн биш.
Муухай явдлыг санамсар болгоомжгүй өдөөгчид байхад санаатай бодлоготойгоор үйлдэгчид бас байна. Тэдний өөртөө болон өрөөл бусдад тарих гай түйтгэр нь гал усны гамшиг мэт хорлол хөнөөлтэй. Ухаангүй муухай явдлын мөн чанар нь хүн чанарын эсрэг үйлдэлтэй, хүний ухаанаар гэхээсээ амьтны зөнгөөр хийгдсэн байх нь түгээмэл. Тэр ч бүү хэл муухай явдлаа бурханлиг төрхөөр халхлан хаацайлахыг оролдогсод газар сайгүй тааралдана. Уг нь “Хүн бурхан ч биш, амьтан ч биш, тэрээр бурхантай адил болохыг хэдий чинээ их эрмэлзэнэ, төдийчинээ амьтан болж хувирдагт л түүний золгүй явдал оршино”. “Хүн амьтан болохын цагт амьтнаас дор болдог” нь гашуун боловч үнэн юм.
Зөвхөн хар толгойгоо бодож муухай явдлыг жигшин, хол явах нь хангалттай бус. Өрөөл бусдыг муухай явдалд түлхэхгүй, тэднээр муу муухайг үйлдүүлэхгүй байхын төлөө сэтгэл гаргаж, санаа тавих нь хүн ёсны үүрэг.
Бардам зан болон залхуурал бүх муухай явдлын эх булаг гэсэн үг бий. Бардам зан ихсэхийн хэрээр сайхан явдал багасна. Ам бардам их амлагчаас асар ихийг хүлээгээд нэмэргүй. Их амлаж, бага хийдэг хүн бусдын хүндлэл хүлээхгүй. Тийм хүмүүсийг монголчууд бардам ам, шалдан гуя гэж егөөддөг юм. Ширгэж хатсан нуур цөөрмөөс шувууд холдон нисдэг шиг бардам дээрэнгүй зантай хүнээс нөхөд дөлөн холдоно. Бардам дээрэнгүй занг өөгшүүлээд байвал балмад танхай явдлыг өдөөн турхирна.
Хийх ёстойг хийлгүй, одоо хийхийг маргаашт үлдээж хойш тавин залхуурагч сайн сайхныг хүсч мөрөөдлөө ч юунд ч хүрч чадалгүй, зэрэглээ мэт хоосонтой учирна. Залхуугаас буян заяа зайлж, бусармаг муухай үүрлэнэ. Залхуучуудыг ядуу зүдүү, дутуу дулимаг ямагт сүүдэр мэт дагана. Бүх залхуугаас сэтгэлийн залхуу илүү хорлонтой. Сэтгэлийн залхууд идэгдсэн хүн хийж чадах зүйлээ хийж эхлээгүй байхдаа чадахгүй гэдэг ганцхан үгээр өөрийгөө хөдөлгөөнгүй хүлж орхино. Хурдан хийчих зүйлээ шалтаг тоочин сунжруулна. Эцэстээ юу ч хийх хүсэлгүй алмай залхуу болж хувирна. Алмай залхуугийн намаг балчигт шигдвэл амьдралд чинь таарч тохиолгүй өнгөрч болох байсан муухай явдлууд ар араасаа цуван ундарч, ноцон зуурч зовоон зүдрээнэ. Хүмүүс амьдралаа өөрсдийн мунхаг үйлдэл, өөдгүй явдлаараа зэрэмдэглэдэг, дараа нь харин гай зовлон дайрлаа гэж тэс хөндлөнгийн эзэн биегүй зүйлээс болсон мэт гоморхоно.
Хар толгойгоо бодож, хар амиа хоохойлох нь сайн явдал биш. Хар амиа хоохойлогчид гурван янз байдаг гэнэ. Өөрийгөө бодож, бусдын амьдралд саад болдоггүй амиа хоохойлогчид. Өөрсдөө л амьдраад бусдад амьдрах бололцоо олгодоггүй амиа хоохойлогчид. Өөрсдөө амьдарч чадахгүй, бусдыг ч зүгээр амьдруулдаггүй амиа хоохойлогчид. Бусдад хэвийн амьдрах бололцоо олгохгүй, өөрсдөө ч зөв амьдарч чадахгүй, бусдыг ч зүгээр амьдруулдаггүй амиа хоохойлогчид атаа хорсол, амиа хичээсэн бүдүүлэг зан, шунахай хомхой сэтгэл, үзэн ядах зэрэг нүгэлт муу явдалд эзэмдүүлэн хорлогдсон байдаг учир тэдэнтэй хавьтаж ойртохгүй, холоос хол байвал өлзийтэй.
Муухай явдлыг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг хэтэрхий хүлцэнгүй байж боломгүй. Тэгвээс муухай явдлыг өөгшүүлэн дэмжиж, өөрөө оролцсоноос өөрцгүй. Муухай явдлыг өөгшүүлж хэрхэвч болохгүй. “Хэтэрхий хүлцэнгүй байдлаас өөр юу ч муухай явдлыг тийнхүү өөгшүүлдэггүй”. Муухай явдлаараа сагсууран гайхуулах нь адгийн тэнэг үйлдэл. Муухай явдлыг өөгшүүлэх биш жигшин цээрлэе. Муухай явдалтан муу нэртэй, нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах адил үзэгдэнэ. Эцэг эхийнхээ чихийг халууцуулж, зүрхийг шимшрүүлнэ. Найз нөхөд нь холдож цөөрнө. Өөрөө зовж, өрөөлийг зовооно. Удам судрынхаа нэр төрийг гутаана. Муухай явдлаа ухааран засч чадсан хүн бусдад итгэгдэнэ, хүн ёсоор үзэгдэж, хүндлэл хайрыг хүртэнэ. Найз нөхөд хүрээлнэ. Муу явахад нөхөр хол, сайн явахад садан ойр гэх монгол үг туйлын үнэн билээ. Залуу хүн бүр муу муухай үгийг амнаасаа унагахгүй хэлээ хазах чадвартай, муу муухай нүгэлт үйлийг үйлдэхгүй ачлал буянтай, өөрийн муу муухай явдлыг түмэнд сонсгож, олонд харуулахгүй сайхан чанар, сайн нэр төртэй байхыг эрмэлз.
Хулгай хийх, худал хэлэх, хуурч мэхлэх, хутгаж ховлох, ууж согтуурах, уурлаж хилэгнэх бүгд л ёрын муухай явдал. Тачаал, хилэнц, шунал бүгд л муухай явдлын эх үүсвэр. Туулайн чинээ муухай явдал уулын чинээ болж сонсогдох нь ч бий. Муу үг модон улаатай гэдэг энэ ажээ. “Их буяныг харлуулахад цөөн муухай явдал хангалттай”.
Хувийн дутагдал ихтэй хүн муухай явдалд орооцолдох эрсдэлд тун ойрхон. “Дутагдлаар дүүрэн байх нь муу хэрэг, дутагдлаар дүүрэн хэрнээ өөрөө түүнийгээ ухаарахыг хүсэхгүй байх нь бүр муу хэрэг, яагаад гэвэл энэ нь дутагдал дээрээ нэмж өөрийгөө хуурч байгаа хэрэг юм”.
“Муухай явдалгүй байх нь сайн хэрэг, харин дур татам зүйлд өртөхгүй бол муу хэрэг” гэсэн үг байдгийг залуус бас санаж явахад илүүдэхгүй болов уу.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment