Даяаршлын өнөө үед даяаршуулчихгүй авч үлдэх ганц чухал зүйл маань эх хэл хэмээн ярих бичих болжээ. Ялангуяа техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй тэр их үгсийг хэрхэн монголчилж хэрэглэхээс та бидний хэлний ирээдүй ихэд шалтгаалах болоод байна. Нэр томьёог ингэж орчуулах нь зүйтэй гэсэн онолын өгүүлэл, илтгэл олон
гарсан боловч чухам хэрэглээний түвшинд ийн шийдье гэсэн санал, уриалга тэр бүр хангалттай биш байна.Уриалга, санаа маань гэвэл: Ердөө энэ 10 үгээс л эхэлье. Нэр томьёо судлаачидтай тохиролцоод эдгээрт тохирох монгол үгсийг сонгоё. Энерги – эрчим, элемент – махбод, програм – хөтөлбөр гээд аль хэдийн тогтчихсон үгс ч байна. Ингээд бүх сонин хэвлэл, зурагт радио бүгд чухам энэ 10 үгийг бүтэн нэг сарын хугацаанд яг адил монгол үгээр нэвтрүүлье. Үүний тул сонины эрхлэгч нар, зурагтын дарга нар хамтдаа сууж гэрээ байгуулъя. Үр дүн нь тэр дороо харагдах байх хэмээн найдаж байна. Бүхий л мэдээллийн хэрэгслээр олон дахин тийн гараад байхаар хүмүүсийн дунд ойлголт гээч бий болно. 10 үгээ хэрэгцээнд амжилттай оруулж чадвал цаашаа ахиж болно. Бид нэр томьёог хэрхэн орчуулах вэ хэмээн маргаж, хэлшинжлэлийн онол хэт их ярьж, цаг их алдаж байхаар нэгэнт орчуулчихсан байгаа үгсээ хэрхэн нийтэд хүргэх вэ гэдэгт илүү цаг зарах хэрэгтэй байна.
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, Ph. D. Мягмарын Саруул-Эрдэнэ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment