Monday, October 18, 2010

Сайн удирдагч байх 8 алхам

Дарга удирдагч бүр өөр өөрийн онцлог, арга барилтай байдаг ч сайн удирдагч байх ерөнхий стратеги нь адил юм. Та доорхи алхамуудыг хэрэгжүүлж сурсанаар багийнхаа амжилт, чадварыг ч нэмэгдүүлэх болно.
Сайн удирдагч байх 8 алхам:
1. Үүрэг хариуцлагыг тодорхойлох.
Баг хамт олныхоо хүн нэг бүрийн үүрэг хариулцлагыг тодорхой, ойлгомжтой байлгах хэрэгтэй. Үүрэг хариуцлага, ажлын зорилго нь тодорхойгүй байснаас болж цаг дэмий үрэгдэх болно. Мөн тухайн ажилтан идвэхигүй, хамт олны амжилт ч ахихгүй. Ажил үүргийн тодорхойлолт гаргаж, ажилтан нэг бүр юу юу хийх ёстой, тэр ажил нь багийн ажилтай хэрхэн холбогдохыг нарийн заасан жагсаалт гарга.
2. Үүрэг хариуцлагыг идэвхижүүлэх
Үүрэг хариуцлага, зорилго зорилтыг нь нэгэнт тодорхойлсон бол идэвхижүүлэх хэрэгтэй. Таны өгч буй ажил бүхэн биелүүлэх хугацаа, чанарын тодорхой шаардлагатай байх ёстой. Ингэснээр ажилчдын чадвар ч өсөх болно. Гэхдээ тавьж буй шаардлага тань хэтэрхий өндөр байж болохгүй. Бодит чадвар дээр нь жаахан ахиц гаргахаар байхад л болно.
3. Үүрэг даалгаварыг нь ойлгуулах
За чи ингэх ёстой шүү гээд зөвхөн ярилцаад өнгөрөх нь хангалтгүй юм. Иймэрхүү харилцаа ихэнхдээ баталгаагүй байдаг. Тиймээс та өгч буй үүрэг даалгавар, ажил үүргийн тодорхойлолтоо бүгдийг бичгээр үйлдэж байх нь тун чухал.
Та ажилтантайгаа ярилцаж байхдаа “ойлгосон уу?”, “чи итгэлтэй байна уу?” гэх мэт үгээр харьцах нь цаад хүнд тань шууд өөрийгөө хамгаалах рефлэксийг бий болгодог. Тиймээс таны ярьж байгааг сонсохын оронд өөрийгөө хамгаалж юу гэж хэлэх вэ гэж бодсоор байгаад л... үнэндээ таныг сайн ойлгохгүй үлдэх болно.
Харин үүний оронд та өөр уруугаа хандаж ярих хэрэгтэй. Жишээ нь, “би чамд ямар нэгэн юм хэлэхээ мартсан байж магадгүй, надаас асуух асуулт байна уу?” гэх мэт.
4. Олны дунд магт, харин олны дунд хэзээ ч бүү шүүмжил.
Олон нийтийн хурлаар авч хэлэлцдэг арга барил нэгэнтээ хоцрогджээ. Шүүмжилж, засаж залруулах хэрэгтэй бол үргэлж хувьчлан уулзаж бай. Тухайн хүний ямар ч муу зүйлийг хамт олонд нь бүү тараа. Тэгвэл танд итгэх итгэл, үнэлэлт өсөх болно. Харин сайн зүйлсийг нь хамт олонд нь хуваалцаж, магтаж урамшуулж, шагнаж байгаарай.
5. Доорхи хүмүүстээ хүндлэл үзүүлэх.
Та хамгийн сүүлд хэзээ ажилтнууддаа хамтран ажиллаж байгаад нь талархал илэрхийлсэн бэ? Хамгийн сүүлд хэзээ багийнхаа гишүүдэд талархалын мэндчилгээ илгээсэн бэ? Доорхи хүмүүсийнхээ гаргасан санаа, санал бодлыг та хүлээж авдаг уу? Таны тэдэнд үзүүлж буй хүндлэл, өгч буй итгэл бүр маш их үр өгөөжийг буцаан авчрах болно шүү.
6. Үлгэр дууриал болох.
Бусдад сургахыг хүсч буй зүйлээ та өөрөө үлгэрлэн үзүүлж байх хэрэгтэй. Ажилтнууддаа тавьдаг шаардлагаасаа та өөрөө илүү биш юмаа гэхэд ижил байж чаддаг байх нь чухал. Жишээ нь ажилтнуудаа өглөө ажлын цагаасаа 10 минутын өмнө ирсэн байхыг шаарддаг бол өөрөө ч мөн тийм байна гэсэн үг юм.
7. Ажилтнуудынхаа ажлын явцыг хянаж байх.
Та ямар нэгэн зүйл ярьж дуусаад “за ойлгосон уу?” гэж асуухад 10 хүний 9 нь “тийм” гэж толгойгоо дохих болно – юу ч ойлгоогүй байсан ч. Тиймээс үүрэг даалгавар өгөөд орхих биш, хянаж байх хэрэгтэй. Өдөр бүр ажлын ерөнхий тайлан авч бай.
8. Доорхи хүмүүстээ хийж буй ажлаа үнэлэхэд нь туслах.
Хийж буй ажил нь ямар чухал вэ гэдгийг доорхи хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй. Мөн тухайн ажилтны тань хүлээсэн үүрэг хамт олон болон танай байгууллагад хэр чухал хэрэгтэй вэ гэдгийг ч мөн хэлэх нь зүйтэй.
Таны доорхи хүмүүс  үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй бол тэд чадваргүй гэсэн үг биш, харин та чадваргүй байна гэсэн үг шүү дээ.
Сайн удирдагч гэж ямар хүнийг хэлэх вэ?
Сайн удирдагч гэдэг бол гайхалтай чадварлаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг хүнийг хэлдэг. Дэлхий дахины агуу удирдагч нарын түүхийг харах юм бол доорхи хүмүүс нь үнэндээ өөрөөс нь илүү чадварлаг хүмүүс байдаг шүү дээ. Сайн удирдагч байхын алтан дүрэм бол доорхи хүмүүсээсээ илүү чадвартайд оршихгүй, харин чадварлаг хүмүүсийг удирдан хөдөлгөж чаддагт оршдог ажээ.

No comments: