Saturday, September 21, 2013

Хоёр Солонгосын ээдрээт харилцаа

Солонгосын дайн ба эхлэл

Солонгосын хойгт 1950-1953 оны хооронд өрнөсөн цуст дайны улмаас Солонгос улс дахин хэзээ ч нэгдэхээргүй Өмнөд болон Умард гэсэн хоёр хэсэгт хуваагдсан билээ. Энэ дайны эхлэл  1945 оны зун тавигдасан гэж үздэг. Учир нь Япон улс дайнд бууж өгсөнөөр Солонгос улс чөлөөлөгдсөний дараа ЗХУ болон АНУ-ын цэргүүд тус улсад байрлаж,  38 - р өргөрөгөөр зааглан өөрсдийн нөлөө бүхий бүсийг тогтоосон юм. Харин 1948 онд БНАСАУ, БНСУ байгуулагдсанаар Зөвлөлт болон Америкийн цэргүүд тус улсыг орхин гарсан байна. Энэ үеэс Өмнөд болон Умардын удирдагчид хоёр Солонгосыг нэгтгэх зорилготой буйгаа илэрхийлж, үүнийгээ ч Үндсэн
хуулиндаа тусгасан гэдэг. Гэвч 1948 онд АНУ, БНСУ-тай Өмнөд Солонгосын армийг үүсгэн байгуулах гэрээг үзэглэж, улмаар 1950 онд батлан хамгаалах гэрээ байгуулсан байна. Харин энэ үед ЗХУ нөгөө талд БНАСАУ-тай хамтран Умард Солонгосын Ардын армийг байгуулсан аж. Ийнхүү Солонгосын хойгийн хоёр жижиг улсад хоёр хүчирхэг арми байгуулагдсанаар 1948 оноос хойш дайн эхлэх хүртэлх хугацаанд 38 - р өргөрөгийн бүсэд янз бүрийн жижиг халдлага, мөргөлдөөн гарах болжээ. Ийнхүү 1949 онд Умардын удирдагч Ким Ир Сен ЗХУ-д хандан Өмнөд Солонгост довтлоход дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байна. ЗХУ-ын зүгээс Умардын армийг давшилт хийхэд бэлэн бус хэмээн татгалзсан ба Кремлийн албаныхан АНУ-тай ил сөргөлдөхийг хүсээгүй аж. Гэвч 1950 оны зургадугаар сарын 25 – ны үүрээр Умардын цэрэг Өмнөдийн нутаг дэвсгэрт нэвтрэн орж, давшиж эхэлжээ. Гэхдээ тэд үүнийгээ Өмнөдийн цэрэг БНАСАУ-ын нутаг дэвсгэрт 2-3 км нэвтрэн орсоны хариу цохилт хэмээн тайлбарласан аж. Ингээд хоёр Солонгосын хооронд цуст дайн эхлэхэд Өмнөдийг АНУ болон өрнөдийнхөн, Умардыг  ЗХУ, БНХАУ зэрэг коммунист орнууд дэмжиж, хүйтэн дайн гурван жил үргэлжилсэн юм. Дайны уршгаар Өмнөд Солонгосын нэг сая орчим, Умардын  мөн нэг сая гаруй иргэн, нийт  2,500,000 гаруй солонгос хүн амь үрэгдсэн байна. Мөн хоёр орны  үйлдвэрлэл, дэд бүтцийн 80% гаруй нь бүрэн устгаж, орон сууцны фондын 50 гаруй хувь нь сүйтгэгдэж, засаг захиргааны байгууламжийн гуравны хоёр нь үгүй болсон аж. Үүнээс гадна Солонгос улс хоёр хуваагдахтай зэрэгцэн эхнэр нь нөхрөөсөө, эцэг, эх нь хүүхдүүдээсээ, хамаатан садангууд бие биенээсээ салж,  хоёр талд хуваагдан, “хашигдаж”, дахин хэзээ ч хамт байхааргүйгээр салсан юм. Хоёр Солонгос 1953 онд гал зогсоох энхийн гэрээг байгуулснаар Солонгосын дайн албан ёсоор дуусгавар болсон юм. 


Умардын үйлдэл дахин дайныг өдөөх шахав

Солонгосын дайнаас хойш 60 орчим жилийн хугацаанд хоёр Солонгос нэг бус удаа нэгдэх гэж оролдсон боловч амжилтанд хүрэлгүй өнөөг хүрсэн юм. Гэвч өнгөрсөн 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд Умард Солонгос тив алгасагч пуужин бүхий хиймэл дагуул хөөргөсөн нь Өмнөд Солонгос төдийгүй дэлхий дахиныг сандрал, айдаст автуулав. “БНАСАУ  пуужин хөөргөлөө” гэх мэдээтэй зэрэгцэн АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Умардыг хиймэл дагуул нэрийн дор алсын тусгалтай баллистик пуужин туршлаа хэмээн хардсан мэдээлэл цацаж байсан юм. Энэ дагуу Япон, Өмнөд Солонгос улсууд хамгаалах арга хэмжээг даруй авч хэрэгжүүлсэн ч байдал хэсэг хугацааны дараа намжсан. Гэвч АНУ тэргүүтэй зарим орон Аюулгүйн зөвлөлд хандан Умардыг пуужин хөөргөснийг НҮБ-аас гаргасан алсын тусгалтай пуужин хөөргөх хоригийг зөрчсөн хэмээн буруутган, “шантаажилсаар”   БНАСАУ-ын эсрэг шинэ хориг тавиулж дөнгөсөн юм. Үүний хариуд Умард Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилт явуулснаар  байдал улам хурцадсан ба дараа сараас нь БНАСАУ-ын эдийн засаг, пипломатуудын эсрэг НҮБ-ын шинэ хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн юм. НҮБ-ын хоригийн эсрэг Умард Солонгос Өмнөдтэй байгуулсан 1953 оны гал зогсоох энхийн гэрээг цуцалж, Солонгосын хойгт дайны цэрэгжилтийн бэлэн байдал тогтоосон байна. Яг үүнтэй зэрэгцэн АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн хээрийн сургуулилт эхлүүлснээр Пхеньяний албаныхан Йонбён дахь цөмийн үйлдвэрээ сэргээж, Өмнөд хөрштэй бүхий л харилцаа холбоогоо таслан, Кесон дахь хамтарсан аж үйлдвэрийн бүсийг хаагаад байгаа билээ. Энэ үед дэлхий дахин хоёр Солонгосын хооронд дахин дайн дэгдэж магадгүй хэмээн түгшин харж байсан юм. 

Хоёр Солонгосын харилцаа дахин сэргэж эхлэв

Солонгосын хойгт юу, юугүй дайн дэгдэхнээ хэмээн харж байтал Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт дууссанаар байдал намжиж эхлэв. Умардын дайсагнагч хоёр орны цэргийн сургуулилт дууссанаар Пхеньян бага зэрэг тайвширч, өлсгөлөн, ядуу зүдүүд нэрвэгдсэн ард түмнийхээ төлөө залуу удирдагч Ким Чен Ун Өмнөдөд буулт хийн, “хэлэлцээ хийхэд бэлэн” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү аажмаар хоёр орны харилцаа сэргэж эхэлсэн ба Өмнөдийн талаас Умардад эд материал, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж аргадсаны ачаар Кесоныг дахин нээж, дайнаар салсан гэр бүлүүдийг уулзуулахаар тохиролцсон юм. 

Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг нээв


Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон Кесон дахь аж үйлдвэрийн цогцолбор өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын хойгт үүссэн улстөрийн түгшүүрт байдлын улмаас хаагдаж, таван сарын хугацаанд үйл ажиллгаа нь зогссоны эцэст энэ сарын 16-нд дахин нээгдэв. Умард Солонгосын 50 мянга гаруй иргэний амин зуулгаа залгуулах ажил, амьдрал болсон Кесоны аж үйлдвэрийн цогцолбор хаагдсанаар БНАСАУ-ын төдийгүй Өмнөдийн тал ч багагүй хохирол амссан юм. Кесонд Өмнөдийн 120 гаруй компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг аж. Умард болон Өмнөд Солонгосын албаныхан Кесоныг дахин нээх талаар яриаг эхлүүлснээс хойш сар гаруйн хугацаанд шат дараатай уулзалт, хэлэлцээ хийсний эцэст зөвшилцөлд хүрсэн юм. Өмнөдийн талаас Кесоныг дахин нээх асуудалд Умардын албаныханд улстөрийн шалтгаанаар дахин аж үйлдвэрийн цогцолборыг хаахгүй байх шаардлагыг чухалчилсан юм. Учир нь Кесонд үйл ажиллагаа явуулж байсан Өмнөд Солонгосын компаниуд аж үйлдвэрийн цогцолбор хаагдсанаас үүдсэн хохирлыг засгийн газраас нэхэж, нөхөн олговор гаргуулсан ба дахин үйл ажиллагаа явуулж эхэлсний дараах жилийн үлдсэн хугацаанд татварын хөнгөлөлт зэрэг бусад урамшуулал эдлэхээр болсон аж. Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүний ашиг өнгөрсөн 2012 онд 470 сая ам.доллар болжээ. Гэхдээ Умард Солонгос Өмнөдийн гол шаардлагыг хүлээн авч тохиролцсон боловч цаашид улстөрийн байдал өнгөрсөндөрөвдүгээр сарын нөхцөл байдалд дахин хүрвэл Кесоныг хаахгүй байх эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч Кесоны хаалга дахин нээгдсэнээр Өмнөд Солонгосын 120-н компанийн 800 гаруй зөвлөх ажилчид аж үйлдвэрийн цогцолбор руу нэвтэрч, үйлдвэрлэл эхлүүлэхэд бэлэн эсэхэд дүгнэлт шижилгээ хийж эхэлжээ. Ийнхүү 2003 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн Кесоны аж үйлдвэрийн цогцолбор албан ёсоор дахин нээлтээ хийлээ. 

Үргэлж бие биенээ санагалзагсад


Солонгосын аймшигт дайнаас үүдсэн харуусал, гомдол одоо ч үргэлжилсээр. Эрх баригчдын хоорондох улстөрийн зөрчлийн “золиос” болсон ард иргэд дайны үеэр хагацсан гэр бүл, хамаатан садангуудтайгаа уулзахыг мөрөөдсөөр. 60 орчим жил бие биенээ санан гансарч буй гэр бүлүүд хоёр Солонгосын харилцаа энх тайван байх цагт үе, үе уулздаг байсан ч сүүлийн жилүүдэд хөрш орнуудын хооронд улстөрийн зөрчил их байснаас уламжлалт уулзалт 2000 оноос хойш цуцлагдсан аж. Харин хөрш орнуудын харилцаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойшхи дайны нөхцөл байдлаас дахин сэргэж эхэлснээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе Пхеньянд хандан дайнаар биенээсээ хагацсан гэр бүлүүдийг уулзуулах санал тавьжээ. Үүнийг Умардын албаныхан таатай хүлээн авч уулзалтыг энэ есдүгээр сард хийхээр товлоод байсан юм. Гэвч Умардын талаас энэ уулзалтыг цуцалснаа өнөөдөр мэдэгдлээ. Шалтгааныг Өмнөдийн тал уулзалт, хэлэлцээрт хүч түрэмгийлсэн, дайсагнасан байдалтай хандсантай холбон тайлбарлалаа. Харин Өмнөдийн албаныхан үүний хариуд ямар нэгэн тайлбар мэдэгдэл хийгээгүй байна.  Хоёр Солонгос дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг энэ есдүгээр сарын 25-30-ны хооронд зохион байгуулахаар товлоод байсан юм. Өмнөд Солонгосын албаныхны мэдээлснээр тус улсад дайнаар гэр бүл, хамаатан садангаасаа хагацсан 72 мянга гаруй иргэн одоо болтол эсэн мэнд амьдарч байгаагийн ихэнхи нь 80 –аас дээш настай ахмадууд байдаг гэнэ. Дайнаар салсан гэр бүлүүд хоёр Солонгосын харилцаа энх тайван байхад ч бие биетэйгээ утас, интернэтээр харилцааж, захиа, ил захидал, зураг солилцох эрхгүй байдаг аж. Тэд зөвхөн хааяа нэг зохиогддог албан ёсны уулзалтуудаар л бие, биенийхээ царайг харж, санаж, гансарсан сэтгэлээ дэвтээдэг юм. 

Б.АНХТУЯА

No comments: