Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?
Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?
• Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.
• Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өгч өдөр бүр өөр өөр хоол өгөх.
• Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн /сүү, цагаан
идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа/ оролцуулсан хоол өгөх.
• Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоол өгөх нь зүйтэй.
• Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх.
• Хүүхдэд нэг удаад 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох
• Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй туслаж аяга халбагаар зөв хооллож сургах.
Хүүхдийг нэмэгдэл хоолонд
оруулахад юуг анхаарах вэ?
Нэмэгдэл хоолыг эхний өдөрт хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дассаны дараа дараагийн шинэ хооыг дасгаж өгнө.
Та хүүхдээ өдөрт ямар хоолоор
хэдэн удаа хооллох вэ?
Жишээ болгож нэг өдрийн хоолыг үзүүлбэл:
6 сартайгаас 12 сартайд 3-4 удаа хооллох
9 цагт Хүүхдийн будааны агшаамал
12 цагт 2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл
Алимны цэвэр шүүсийг 1/3-д
Буцалсан усаар шингэлэн 50 мл
16 цагт Ногооны зутан 200 мл
20 цагт Тараг /Ургамлын тос, чихэртэй/
хооллолтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх
1-3 настайд 5 удаа хооллох
9 цагт Тэжээллэг зутан 1 аяга, 1 ширхэг жигнэмэг
12 цагт Элэгний нухаш ½ аяга,
төмс, луувангийн нухаш 4-5
амны хоолны халбага
алимны /жимсний/ шүүс 6-8 амны
хоолны халбагаар өгнө
15 цагт Хярам нэг аяга, боов, боорцог,
50 гр орчим жимсний нухаш
18 цагт Гэрийн хоолноос 1 аяга /гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чаадхуйцаар аяганд
жижиглэж/ өгнө
21 цагт Тараг, аарц, сүүний аль нэгийг 1 аяга өгнө
Нэмэгдэл хоолыг гэрийн нөхцөлд бэлтгэх арга
Нэмэгдэл хоолыг гэрийн
нөхцөлд бэлтгэх арга
1.Тараг
Орц:
Хөөрүүлсэн сүү шаазан аягаар 1
Хөрөнгө (тараг) хоолны халбагаар 1
Ургамлын тос хоолны халбагаар 1
Элсэн чихэр цайны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар: уураг 5.6 гр, тослог 16.3 гр,
нүүрс ус 13.1 гр,
Илчлэг 222.7 ккал
Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 градус (хуруу дүрэхэд халуун бүлээн) хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж, жигдэртэл нь сайн хутгаж өгнө. (Бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө)
2. Хүүхдийн будааны агшаамал
Орц:
Хүүхдийн будаа хоолны халбагаар 1
Сүү шаазан аяганы 2/3
Ус шаазан аяганы 1/2
Элсэн чихэр цайны халбагаар 1
Цөцгийн тос эсвэл
ургамлын тос цайны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар: уураг 6.7 гр, тослог 9.5 гр,
нүүрс ус 30.7 гр,
Илчлэг 235.2 ккал
Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэд болгоно. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
3. Тэжээллэг зутан
Орц:
Шар сүү шаазан аягаар 2/3
Ээдэм хоолны халбагаар 1
Хүүхдийн будаа хоолны халбагаар 1
Төмсний гурил цайны халбагаар 1/3
Элсэн чихэр цайны халбагаар 1
Цөцгийн тос эсвэл
ургамлын тос цайны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар: уураг 5.7 гр, тослог 10.7 гр,
нүүрс ус 26.9 гр,
Илчлэг 226.8 ккал
Бэлтгэх арга: Зутанг бэлтгэхдээ сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж аваад гарсан шар сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааг цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө.
/Шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна/. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
4. Ээдэмтэй сүүн зутан
Орц:
Сүү шаазан аяганы 2/3
Ус шаазан аяганы 1/2
Элсэн чихэр цайны халбагаар 1
Цөцгийн тос эсвэл
ургамлын тос хоолны халбагаар 1
Гурил цайны халбагаар 1
Ээдэм хоолны халбагаар 1
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар: уураг 8.7 гр, тослог 15.8 гр,
нүүрс ус 16.6 гр,
Илчлэг 243.4 ккал
Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
5. Сүүтэй төмсний зутан
Орц:
Сүү шаазан аягаар 1 бүтэн 1/4
Төмс дунд зэргийн 2 ширхэг төмс
Цөцгийн тос эсвэл
ургамлын тос хоолны халбагаар 1
цайны халбагаар 1
Өндөг ¼ ш
Гурил цайны халбагаар 1
Гарц: 400 мл
Тэжээллэг чанар: уураг 15.8 гр, тослог 24.2 гр,
нүүрс ус 65.3 гр,
Илчлэг 542.2 ккал
Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж, өндөг (өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна), давс, цөцгийн тос эсвэл ургамлын тосыг нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
6. Цагаан будааны зутан
Орц:
Цагаан будаа хоолны халбагаар 1
Цөцгийн тос эсвэл
ургамлын тос хоолны халбагаар 1
цайны халбагаар 1
Гурил цайны халбагаар 1
Сүү шаазан аягаар 1
Ус шаазан аяганы 1/2
Элсэн чихэр цайны халбагаар 1
Давс бага зэргийн /чимх/
Гарц: 400 мл
Тэжээллэг чанар: уураг 18.2 гр, тослог 22.8 гр,
нүүрс ус 77.5 гр,
Илчлэг 588.3 ккал
Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амтлан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
7. Ногооны зутан
Орц:
Лууван дунд зэргийн 1/8
Төмс дунд зэргийн 1/2
Манжин дээрхи луувангийн хиртэй
Улаан лооль дунд зэргийн 1/2
Яс буюу махын шөл шаазан аягаар 1
Ургамлын тос хоолны халбагаар 1
Цөцгий хоолны халбагаар 2
Гурил цайны халбагаар 1
Гарц: 250 гр
Тэжээллэг чанар: уураг 2.3 гр, тослог 14.3 гр,
нүүрс ус 9.7 гр,
Илчлэг 176.6 ккал
Бэлтгэх арга: Ногоогоо (улаан лоолиос бусад) сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгий нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.
8. Махны шөлийг бэлтгэх
Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1-ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана. Чанах явцад шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.
9. Ээдэм гаргаж авах
Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэсэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна. Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага тараг хийхээр тооцно. Тарагны оронд 10%-ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дунджаар 100 гр ээдэм унана гэж тооцдог.
10. Бяслаг хатаамжийн дэвтээмэл
Орц:
Талхны хатаамж хатаасан талх 5 хэрчим
Цөцгий цайны халбагаар 1
Ээдэм эсвэл
шинэ бяслаг 20 гр (шаазан аяганы 2/3 хэмжээний сүүг ээдүүлэн ээдмийг авна)
Элсэн чихэр цайны халбагаар 1
Буцалсан халуун ус шаазан аяганы 2/3
Гарц: 200 мл
Тэжээллэг чанар: уураг 5.9 гр, тослог 10.4 гр,
нүүрс ус 28.6 гр,
Илчлэг 230.8 ккал
Бэлтгэх арга: Жорын дагуу хэмжиж авсан цөцгий, ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.
Талхны хатаамжийг бэлтгэхдээ: талхыг 5-7 мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах пийшэнд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоол болгон өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн, уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө.
11. Ээдэм жимсний холимог
Орц:
Ээдэм 3 аяга сүүг ээдүүлэн ээдмийг нь авна. (100 гр)
Элсэн чихэр цайны халбагаар 1
Гурил цайны халбагаар 1 бүтэн, 1/2
Өндөг ¼ ш
Цөцгийн тос цайны халбагаар 2
Хатаасан жимс (үзэм) хоолны халбагаар 2
Гарц: 185 гр
Тэжээллэг чанар: уураг 20.4 гр, тослог 10.2 гр,
нүүрс ус 36.1 гр,
Илчлэг 246.8 ккал
Бэлтгэх арга: Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр, өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж, дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна. Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхрүүлж шарна. Хүүхдэд 10-11 сартайгаас нэмэгдэл хоол болгож өгнө.
Эх сурвалж: НЭМХ-ийн Хоол Судлалын Төв, World Vision
No comments:
Post a Comment