Харь улсад домог болсон Хамаг Монголын гүнж нар тун олон бөгөөд тэдгээрийн анхдагчид нь Чингис хааны Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Толой нарын таван охин бөлгөө. Чингис хаан өөртөө дагаар ирсэн томоохон аймаг ханлигуудтай эв найртай харилцах, олон овог аймгийг өөртөө нэгтгэн захирч байх үүднээс өөрийн сурвалжит гүнж охидыг овог
аймгийн удирдагч нарт хатан болгон өгч байсан нь Монгол төрийн бат найдвартай оршин тогтнох алтан аргамжийн хэлхээс болж байлаа. Харь улсад бэр болж очсон хаан Чингисийн охид “Бэхи” хэмээх эрхэмлэн дууддаг хүндэтгэлийн цолтой байж. Тиймээс Уйгар, Перс болон Европ, Азийг холбосон торгоны замын түүхэнд Хожин бэхи, Алага бэхи, Алалтун бэхи, Цэцэйхэн бэхи, Толой бэхи нар тодрон гарсан түүхтэй бөгөөд Персийн түүхч Рашид Ад-Дин “Чингис хааны охидын тухай домог, өгүүлэл маш олон бий “ гэж өгүүлсэн байдаг. Зарим түүх бичлэгт Чингис хааныг Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Түмэлүн, Толой нарын зургаан охинтой байсан гэж тэмдэглэжээ. “Лу Алтан товчид” өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх дөрвөн хөвгүүн буюу бас Алаха бэхи, Алалтун бэхи, Цэцэйхэн бэхи хэмээх гурван гүнж төрсөн бөлгөө” гэсэн бол Өвөр Монголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Бөртэ хатан Хожин, Алага, Алалтун, Цэцэйхэн, Түмэлүн нарын таван охинтой” гэж тэмдэглэжээ. Энд Толой бэхийг ор тас орхисон байх аж. Энэ тухай нэгэн түүхч өгүүлэхдээ “Бид Чингис хааныг долоо ч юмуу, найм ч юмуу, чухам хэдэн охинтой байсныг нь хүртэл сайн мэдэхгүй үлджээ. Түүх тэдний араас хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна. Монгол хатад дэндүү өвөрмөц, ойлгоход ч, тайлбарлахад ч дэндүү хэцүү хүмүүс байж. Чингис хааны охидын нэр ус үе дамжин бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол алин болох нь мэдэгдэхгүй холилдож толгой эргүүлэм олон дуудлагатай болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд Чингис хаан Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман хүргэнтэй байсан гэж тодорхойлсон байдаг. Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис хааны охидын нэрсийг нэг нэгээр нь гээсээр иржээ.
18-р зууны Буддист түүхчдийн үед Чингис хааны охидын тоо нэг болтолоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм” хэмээжээ. Мөн өөр нэг түүхч “Чингис хаан эзэнт гүрнээ өргөжүүлэхийн тулд шинээр эзэлсэн улс орноо хэн нэгнээр удирдуулах хэрэгтэй байв. Гэвч түүний хөвгүүд архи уухдаа гаргууд, дайн тулаанд тааруу, мэдлэг чадвараар дульхан байсан бөгөөд Чингис хаан хөвгүүдээсээ илүү охидоо удирдах чадвараар давуу болохыг таньж, эзэнт улсаа хилээс чанагш засан тохинуулах илүү чухал үүргийг охиддоо ноогдуулж, тэдэнд эзэнт гүрнийхээ нэлээд чухал хэсгийг үлдээсэн. Чингис хааны үйл хэргийн туршид хөвгүүдийнх нь гүйцэтгэсэн үүрэг нэлээд хязгаарлагдмал, сул зогсонги байсан бол охидынх нь үүрэг тун их, тэдний нас нэмэгдэж, бие нь өсч, мэдлэг туршлага нь арвижих тусам үүрэг нь улам нэмэгдсэн” гэж өгүүлсэн бол “Монголын их хатдын нууц түүх” хэмээх ном бичсэн Америкийн зохиолч Жак Уэтерфорд “Чингис хаан хөвүүдээсээ илүү охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагаадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Тулуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээсээ ч илүү архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. Ахмад хүү Зүчи эцгийгээ амьд ахуйд бие барсан. Чингис хааныг гүр их улсаа байгуулахад хатад, эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа” гэж онцолжээ. Ер нь Чингис хаан өөрийн охид хүүхнээ гадны улс оронд бэр болгох замаар өгч гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан болгон өгч ураг барилдах зэргээр дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байж.
Жишээ нь аливаа асуудлыг үзэсгэлэнт царай төрх, өр нимгэн сэтгэлээрээ зөөллөн уяраах увидас бүхий эмэгтэй хүнийг харь улсад илгээх дипломат аргыг Чингис хаан ухаарсанаар Хэрэйдийн Жаха Хамбугийн охин Сорхогтанийг хүү Тулуйдаа авч өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнийг хүү Өгэдэйдээ авч өгч ураг барилдахын сацуу их охин Хожин бэхийг Ихирэс овогтон Буту ханд, Алага бэхийг Онгуд аймгийн удирдагч Алахуш тегинд, Цэцэйхэн бэхийг Ойрадын Худуга бэхийн хүү Иналчид, Алалтун бэхийг Уйгарын Идүүд ханд, Толой бэхийг Харлагийн Арслан ханд тус тус хатан болгон өгч улс дотроо ялсан, ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж, Монгол гэдэг нэг л үндэстэн байх ёстой гэсэн үзэл санааг Хамаг Монголын нийт ард олонд төлөвшүүлж чадсан байдаг. Түүхэнд урьд өмнө эмэгтэйчүүд хэзээ ч тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн сууж байсангүй. Аль нэг овог аймгийн удирдагч нар Чингис хааны хүргэн болно гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна дарамттай, адаглаад л их, бага хатан авах эрхгүй байж. Чингис хаан ч охидоо тэдэнд бэр болгож өгөхдөө өмнөх эхнэрийг нь хүчээр салгадаг, хэрвээ хүргэн хүү хааны охиныг гомдоож бага хатан авах юмуу, салж сарнихад хүрвэл толгойгоо хяргуулах хэцүүхэн тавилантай байсан бөгөөд энэ нь ертөнцийн талыг эрхшээж асан агуу их эзэн хааны сүр хүч байлаа.
ТЭМҮҮЛЭН ХАТАН ХИЙГЭЭД ЦЭЦЭЙХЭН БЭХИ
Чингис хаан эмэгтэйчүүдийг худалдаж, наймаалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлттэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон бөгөөд аажмаар хэд хэдэн ийм өөрчлөлт хийснээр өөрийн охидын, цаашлаад мандан бадарч буй улс гүрнийхээ хэмжээнд нийт эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилж чадсан байдаг. Харь улсад “Бэхи” болж очсон Чингис хааны охид тухайн улс орныг захирдаг байснаар Европ, Азийг холбож асан торгоны зам нэг үе Чингис хааны охидын гарын аясаар найган ганхаж байсан түүхтэй. Чингис хаан, Бөртэ Үжин нар охидоо хар багаас нь уужим тэнүүн ухаан бодолтой, ёс журамыг сахигч, өвөг дээдэс, эцэг эхийнхээ сургаалийг хүндлэн дагадаг, төрийн хэргийг бүхнээс дээгүүрт тавьдаг болгон хүмүүжүүлсэн байх бөгөөд харь улсад бэр болж очиж буй гүнж нартаа Чингис хаан, “Хатагтай хүнд гурван эр бий Анхны эр нь алтан төр, түүний дараах эр нь ариун нэр, түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужин дагавал Ариун нэр бэлэн болно Ариун нэрийг бэхэлбэл Авсан эр ангид үл одно” гэж сургамжилдаг байж.
1207 онд Чингис хаан Ойрадын Худуга бэхийн хүү Иналчид өөрийн охин Цэцэйхэн бэхийг хатан болгож өгөхдөө, “Эрт босч, орой хэвт, Өдөр шөнө нэгэн сэтгэлээр хатууж, Амны ухаан билгээ тогтоо, Эс сурсан мууг энд тавьж од. Ойрад иргэнээ сэлбэн холбон соёрхогтун” гэж сургамжилсан байдаг. Чингис хааны охидоос харь гүрэнд гүнж болж очоогүй, өөрийнхөө хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн юм. Түүнийг бэхи гэж дуудаагүй нь ийм учиртай. Уг нь түүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд санал тавьж, инжинд нь олон зуун агт бэлэглэхээр тогтсон байв. Гэвч Түмэлүн хаан эцгийнхээ залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан дурлалт хосуудад арга буюу буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан байдаг. Хожим 1221 онд Түмэлүн баатар эр Тогочурынхаа хамт Персийн эсрэг дайнд мордсон байх бөгөөд эр нөхрөө дайны талбарт үрэгдэхэд өөрөө цэргээ удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгож байсан түүхтэй. Чингис хааны дөрөв дэх охин буюу Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон Толойн тухай түүх сударт тун бага тэмдэглэгджээ. Гэхдээ түүний тухай уран зохиолын халил мэр сэр байдаг.
Жишээ нь түүхч Ш.Насанбатын “Харлаг улсыг хазаарлан захирагч Толой бэхи” өгүүлэлд “Толойг хааны шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв. Гэвч тэрбээр их хааны танхил охины хувьд наашаа харсан бүхний өөдөөс олзуурхсан өнгөөр ханддаггүй, дотроо хайр санааг хүндэтгэн үзэж, түүнд баясах сэтгэлийн хүчтэй байсан тул чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, сэтгэлийнхээ гүнд утга санааг бодон, мөрөөдөлд автан явдаг байв. Үлэмжийн ухаалагаар аливааг сэтгэн, байн байн бодолд автан байдаг гэдгэрдүү гоолиг нуруутай Толой охиндоо хаан эцэг, хатан эх нь нэн хайртай болохоор түүнийг аливаа эрдэмд тэгш боловсруулахыг хичээж, анхаарал халамж тавьдаг байв” гэж өгүүлсэн байдаг.
АЮУЛТ ДАЙНЫГ УХААЛАГААР ЗОГСООСОН АЛАГА БЭХИ
Чингис хааны охидоос Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан эрмэг хурц морин дэлэн дээр ирт сэлэм далайгаад харь улсыг төвхнүүлж явсанаараа алдартай. Харин Цэцэйхэн бэхи, Толой бэхи нар ордоны хатан ухаанд бусдаасаа илүү мэргэшиж, хаан язгуурт бүсгүй хүний зүй ёсны байр суурийг чадамгай сахидаг байснаараа онцлогтой. Онгуд аймагт бэр болж очсон Алага бэхи нь Монголын тэгш өндөрлөг нутгаас гарч Хятадын суурин соёл иргэншилд монгол удирдлагыг хэрэгжүүлсэн Боржигон аймгийн анхны хүн гэдгээрээ түүхэнд үлджээ. Алага бэхи нь төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэм хосолсон хаан угсааны эрхэмсэг гүнж байсан бөгөөд “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл” хэмээх бүтээлд түүний тухай “Өдөр бүр ном уншиж, эмэгтэйчүүд хэдэн мянган хүнээр сувилуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг биеэр шийдвэрлэнэ” гэж бичсэн байх аж. Үүгээрээ Алага бэхи “Төр захирагч гүнж” гэж алдаршжээ. Чингис хаан түүнийг 1207 онд Онгуд аймагт гүнж болгон илгээхдээ, “Харайхад минь хөл болж, Хазайхад минь түшиг болж, Халтирахад минь тах болж, Халамж тус хүргэхээ, Хайрт Алага минь мэдтүгэй” гэсэн алдарт сургаалаа хайрласан байдаг.
Үнэхээр ч хожим Алага бэхи эцгийнхээ хурааж цуглуулсан улсад халамж тусаа өгч, басхүү өөрөө халтирахдаа эцгээсээ тусламж хүсч байлаа. Чингис хаан говийн өмнө орших өргөн уудам соёл иргэншилт хаант улсууд руу хаяагаа улам тэлж, энэхүү хүнд хүчир үйлст Алага бэхи монгол цэргийг бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай хүн. Эхийн ухаан, эцгийн сургаалыг баримтлан өсч хүмүүжсэн Алага бэхи Онгуудыг захирах болсоноор монгол цэргийг хоол, хүнс, сэлгээний мориор хангах, өмнө зүгийн овог, аймгийн дайралтаас эцгийнхээ улсыг хамгаалж, улмаар Монгол үндэстэн тал нутгаа Азийн түүхэн дэх хамгийн том газар нутаг болгон өргөжүүлэн тэлсэн их байлдан дагуулалтын анхны алхмыг хийсэн ухаант хатан бөлгөө. Харамсалтай нь түүнийг Онгуд улсад цэрэг удирдан хол ойрыг төвхнүүлэн ид хүчээ авч байх үед эр нөхөр Алахуш тегинийх нь салж сарнисан хатад түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр Алахуш тегин алагдаж, улмаар энэхүү дайн самуунаас Алага бэхи хэсэг албат иргэдээ авч дутаасан байх бөгөөд тариачин хятадуудаар цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү ертөнцийн талыг эрхшээж асан Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрслэх нь тэр. Эцэст нь Алага бэхи хаан эцэгтээ элч илгээж, цэргийн дэмжлэг авсанаар самуун дэгдээсэн онгудууд хэцүүхэн байдалд оржээ. Хамаг Монголын их цэрэг тэднийг орвонгоор нь хүйс тэмтрэх байсан ч ухаант гүнж Алага бэхи уйтаж дүрэлзсэн хаан эцгээ урьханаар ятган сэнхрүүлж цус урсгасан дайн тулааныг зогсоож байсан түүхтэй. Хэрвээ түүний оронд Нишапур хотыг үнсэн товрог болгосон Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байлаа.
Ухаалаг хатан Алага бэхийг гадна дотны түүхчид дүгнэхдээ “Их Монгол улсыг харийн довтолгооноос хамгаалж, харь дайсныг хөөн зайлуулах хаалт болж байснаараа Алага бэхи бол дундад эртний Монголын түүхэнд чухал байр эзлэх хүн билээ. Түүний удирдаж байсан Онгудын нутаг Чингис хааныг Хятадын олон эзэнт улсыг байлдан дагуулахад бааз болж өгөв. Уйгарын хаант улс түүнд Торгоны замд тавьсан хяналтаа чангатгах боломж олгов. Чингис хаан охидоо Монголын эзэнт гүрний алтан цацал мэт дөрвөн зүг, найман зовхист тараасан нь учиртай. Охид нь цацал мэт одож, зорьсон сууринаа хүрмэгц эх монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай болдог байжээ. Тэд Онгуд, Уйгар, Харлаг, Ойрадын хаант улсыг захирч, улсынхаа хилийг тодруулан тэмдэглэж дөрвөн талаас нь хамгаалав. Чухам эндээс л Чингис хаан охидоороо хуяг бамбай хийж дэлхийг байлдан дагуулжээ...” гэж үнэлсэн байх аж. Ер нь эрт цагт зарим улс орон үзэсгэлэнт бүсгүйчүүдийг харь улсад гүнжээр илгээхдээ тэднээр давхар тагнуулын үүрэг гүйцэтгүүлдэг байж. Ялангуяа 11-12-р зууны үеийн Хятадын Сүн, Тан улсын тагнуулчид үйл ажиллагаагаа жинхэнэ урлагийн хэмжээнд хүргэсэн байдаг. “Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг сүйх тэдэнд өгөх хэрэгтэй. Хүслийг нь урвуулахын тулд сайхан сууц, татвар эмс өгөх хэрэгтэй. Тэднийг дагаж иртэл нь ухааныг нь урвуулан эзэн хаан тэднийг дайлж цайлан дарс, хоолоор дайлах хэрэгтэй”. Энэ бол эртний Хятадын таван урхи. Нүүдэлчдийн хүчирхэг гүрнийг эрхшээлдээ оруулахын тулд ямар арга зохистойг Хятадын эзэн хаан Гао Цзу зөвлөх түшмэлээсээ асуухад өөрийн гүнжийг Модунд өгөхийг зөвлөөд “Модун амьд байхдаа таны хүргэн чинь байх болно. Түүнийг үхсэний дараа таны гүнжийн хүү буюу ач хүү чинь Шаньюй болно. Ийм маягаар Хүннүг аажмаар дайн хийлгүй мөхөөж болно” хэмээжээ.
Үнэхээр ч Хан улсын хааны өгсөн гүнжээс төрсөн хүүхдүүд Лю овогт хэмээн Гао Цзу хааны овгоор овоглох болж, яваандаа хаан ширээний төлөө Модуны монгол, хятад хатадын үр удмын хооронд тэмцэл гарах болсон байна. Эртний улс орнууд тухайн цаг үедээ тохирсон олон янзын тагнуулын арга хэрэглэдэг байсан бөгөөд жишээ нь хятадууд итгэлтэй боолынхоо толгой дээр нууц мэдээгээ шивээд үсийг нь ургасны дараа харилцах хүн рүүгээ явуулдаг байж. Эрт цагт амьд цэцгээр чимэглэсэн ганган шляп духдуулсан нэгэн үзэсгэлэн төгөлдөр эмэгтэй Хятад орноос алсыг зорин морджээ. Гэтэл түүний малгайн гоёмсог цэцгэн дотор торго нэхдэг хүр хорхой байсан гэдэг. Ингэж л хятад торгоны нууц задарсан түүхтэй. Манай монголчуудын хувьд “Заншлаач” хэмээх тагнуулын уламжлагдсан арга барил, угсаа намтартай. Ямар ч байсан харийн улс орны хаад ноёдод эхнэр болгон өгч байсан охид хүүхнүүд тагнуулын үүрэг гүйцэтгэдэг байж. Жишээ нь Сүн улсын хаанд Хубилайгаас эхнэр болгон илгээсэн Эсүн гүнж байна. Түүний илгээсэн мэдээллүүд Сүн улсын цэрэг хаашаа хөдөлж буй, ван жанжинууд нь хоорондоо хэр зэрэг эв түнжинтэй эсэх талаарх нарийн нууцуудыг агуулж ирдэг байжээ.
АХАН ДҮҮСИЙНХЭЭ ГАРТ АМЬД ҮРЭГДСЭН АЛАЛТУН БЭХИ
1207 онд Уйгарын Идүүд хан их эзэн Чингис хааны сүр хүчийг эрхгүй биширч, улмаар цаашид улс орноо амар амгалан байлгах үүднээс Чингис хаантай ураг барилдахаар шийдэж өөрийн элчээ илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж явуулжээ. Төдөлгүй тэр Чингис хааны зөвшөөрлөөр түүний Алалтун гүнжийг хатнаа болгож авахаар болж. Тэгэхдээ тэр гар хоосон ирсэнгүй. Хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж, ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “Чамд охиноо өгье. Миний тавдугаар хөвүүн болтугай. Алт, мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй” гэхэд Уйгарын Идүүд “Хаан таны соёрхолыг хүлээж авав” хэмээгээд дараахан нь алт, мөнгө, сувд, тана, хийгээд хоргой торгыг авдар авдраар нь авчирч өгсөн гэдэг билээ. Учир нь Уйгар улс нь тухайн үед алдарт “Торгоны зам”-ыг хянаж байсан улс. Өнөө цагт бол Чингис хааныг үзэсгэлэнт охидоороо бизнес хийдэг сүрхий хүн гэж ойлгож болохоор байна. Түүхч Ш.Насанбат Алалтун гүнжийн тухай өгүүлэхдээ “Алалтун бэхийн захирсан Уйгарын хаант улс Чингис хаанд торгоны замд тавьж буй хяналтаа чангатгах боломж олгожээ. Алалтун бэхийн чармайлтаар монголчууд торгоны замд ийм хяналт тавьж чадсанаараа өөрсөддөө маш их хэрэгтэй байсан худалдааны бааз суурийг бий болгохын зэрэгцээ Хятадад орж гарч буй худалдаанд хяналт тавих цэргийн давуу талыг бас олж авч чадсан байна. Хятадад амьдарч байсан Алага бэхи Иракийн мал, мөн Сибирьт байсан Цэцэйхэн бэхи дүүгийнхээ ангийн арьснаас хувь хүртэж, Алалтун бэхи Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, бас тэд бүгд Алалтун бэхийн эзэмшлийн Уйгарын баян бүрдээс дарс авч байв.
Ийнхүү Чингис хааны охидын удирдсан харилцан хамааралдсан хаант улсуудын ачаар монголчууд бараа таваар, мэдээллийн илүү хурдан эргэлтэнд суурилсан дэлхийн хэмжээний шинэ тогтолцоог бүрдүүлэв” хэмээжээ. Чингис хаан ч ёстой сүрхий охидтой байж дээ. Тэдний тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байжээ. Чингис хаан амьдрал тэмцлийнхээ эхэн үеэс л түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт удаан оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй охиддоо илүү итгэх болсон бөгөөд охид нь Торгоны зам дагуу Хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрласан хаант улсуудыг захирч байлаа” гэж тодотгожээ. Харамсалтай нь Чингис хаан болон Өгөдэй хааныг нас барсаны дараа Чингис хааны сэргэлэн охидод бага сага аюул учирсан байдаг. Юуны түрүүнд Өгөдэйн их хатан Дөргэний талын хүмүүс Чингис хааны охидын нутаг руу дайрч давшилж, цаашлаад энэ нь хаан язгуурт эмэгтэйчүүдийн эсрэг дайн болж нөхцөл байдал сүрхий доройтжээ. Ингэснээр Дөргэний талын хүмүүс Алалтун бэхид “Өгөдэй ахыгаа хорлосон” гэдэг ял тулгаж цаазаар аваачжээ. Дараагийн үед нь тэдний үеэлүүд буюу Чингис хааны ач нар, их хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоо руу, улмаар түүний охидын удам руу давшилсан байх жишээтэй. Энэ тухай нэрт нийтлэлч Б.Номинчимэд “Чингис хааныг тэнгэр болсоны дараахан Алалтун бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Цэцэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Ойрад түмний охид бүсгүйчүүдийг бүгдийг нь хэрцгийлэн хүчирхийлээд эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг тэнгэрт хальсанаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв” гэж өгүүлжээ. Ямартай ч Чингис хааны охид бэр болж очсон улс орноо гардан удирдаж, эр нөхрөөсөө илүү эрх дарх эдэлдэг байсан нь түүхэн үнэн бөгөөд энэ нь “Монголын нууц товчоо”-нд Хэрэйдийн Тоорил хааны хүү Нялха Сэнгүмийн хэлсэн “Миний ураг тэднийд очвол ямагт хатавчинд хоймор харж суух болно. Харин Чингисийн ураг бидэнд ирвэл хойморт сууж хатавч харах болно” гэсэн үгийн бодит биелэл байлаа.
ЭЗЭН ЧИНГИСИЙН ГУЧ ОХИН ЭРГЭНЭ ГҮНЖ
Их Монгол улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн хатад эмсийн дундаас Чингис хааны гуч охин Эргэнэ хатан яах аргагүй онцгойрдог юм. Энэ хатны нэрийг түүхэн сурвалж бичгүүдэд Эргэнэ, Ургана, Уркена, Оркына гэх зэргээр тэмдэглэсэн байдаг бөгөөд тэрбээр Чингис хааны охин Цэцээхэний хүү Барбөхийн охин буюу яах аргагүй эзэн Богд Чингисийн мах цусны тасархай гуч охин нь байв. Эргэнэ үзэмж төгс, гоо үзэсгэлэнт нэгэн байснаас гадна багын цовоо сэргэлэн, эелдэг найрсуу зантай байсан тул Чингисийн хоёрдугаар хүү Цагадай ихэд таалдаг байсан гэдэг. Тийм ч учраас өөрийн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэгт эхнэр болгон авч өгөөд бүх бэрүүдээсээ онцгойлон үзэж “Эргэнэ бэр” хэмээн дотночлон дууддаг байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Цагадай хаан өөрийнхөө дараа Хархүлэгийг хаан ширээнд суулгах ёстой хэмээн амьд ахуйдаа гэрээсэлж угсаа залгамжлагчаараа тодруулж байсан тул 1242 онд Цагадайг нас барахад түүний гэрээслэл ёсоор Эргэнэ хатны нөхөр Хархүлэг Цагадайн улсын эзэн болж суурийг нь залгамжилжээ. Хархүлэг улсаа 1242-1246 он хүртэл дөрвөн жил захираад байтал Өгөдэй хааны хүү Гүюг 1246 онд Их Монгол улсын хаан болмогцоо “Хүү нь байхад ач нь яахин улсаа захирч болох билээ” гээд Хархүлэгийг хаан ширээнээс зайлуулж, Цагадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байдаг. Ингээд Есөнмөнх 1251 он хүртэл Цагадайн улсын төр барьж байлаа. Харин 1251 онд Гүюг тэнгэрт хальж Их Монгол улсын хаан ширээ Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж Мөнх их хаан болсноор Цагадайн улсын хаан бас солигдоход хүрсэн бөгөөд энэ цагаас эхлэн Эргэнэ хатны нэр Их Монгол улсын хатан хаадын түүхэнд зүй ёсоор орж ирсэн байдаг юм.
Мөнх их хаан болмогцоо өөрийн дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг эргүүлэн өгчээ. Гэвч Хархүлэг Цагадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсч, үүний улмаас Мөнх хаан ахин зарлиг гаргаж Хархүлэгийн орыг түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Энэ үед Мубарак шах дэндүү балчир байсан тул засгийн эрхийг Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авахаас өөр аргагүйд хүрч тэрбээр 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд гарч ирсэн түүхтэй. Эргэнэ хатан өөрийн эр нөхрийн үхэлд Есөнмөнхийг буруутгаж байсан учир юуны өмнө нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид болон бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан Алтан ордны хаан Бат руу явуулжээ. Гэвч Бат хаан Есөнмөнхийг хэсэг зуур өөрийн дэргэд байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Тийм бөгөөс Эргэнэ хатан түүнийг ахин хаан ширээний төлөө тэмцэж балчир хүүг нь хөнөөж мэднэ гэж хаширлаж, мөн эр нөхрийнхөө өш хонзонг авах үүднээс хөнөөж орхисон гэдэг. Үүнээс болж Цагадайн улсын ард иргэд Эргэнэ хатанд таагүй хандах болсон бөгөөд тэрбээр нутаг дэвсгэрээ нийтэд нь захирч чадахгүйд хүрсэн учир ихэнхи хэсгийг нь Тулуй болон Зүчийн удмынхан эрхшээх болсон байна. Тэд мөн Өгөдэйн улсын газар нутгийг ч эрхшээж байлаа.
Тулуй болон Зүчийн удмынхан ийнхүү ах дүүгийн газар нутгийг хувааж авсанаар Чингис хааны удмынхан хоорондоо эвдрэлцэх үүд хаалга нээгдсэн ч гэж үздэг юм. Мөнх хаан, Бат хаан хоёр Их Монголын эзэнт гүрний газар нутагт ингэж ноёрхоод зогсохгүй Өгөдэй болон Цагадайн удмын балчир хүүхдүүдийг их хааны ордонд хүмүүжүүлэх нэрээр эцэг өвгөдийнх нь эзэмшил нутгаас салган хүчийг нь сааруулж байсан явдал ч бий. Эдгээр балчир хөвгүүд бүр хожим Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт очиж суух эрхтэй болсон гэдэг. Гэхдээ Эргэнэ хатан Зүчи болон Тулуйн удмынхан дотор нэр хүнд сайтай байжээ. Тийм ч учраас Мөнх эзэнт гүрний хаан ширээнд сууж байх үед буюу 1251-1260 он хүртэл балчир хүүгийнхээ оронд Цагадайн улсыг дангаар захирч эмгэнэлтэй хүндхэн үеийг даван туулж улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байдаг. Чингис хааны гуч охин Эргэнэ хатан хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байсан учраас алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй нэгэн байжээ. Түүнээс гадна түүний эгч нар болох Аригбөхийн хатан Илчигмиш, Хүлэгү хааны хатад болох Кубак, Өлзий нар ч мөн ёсыг сахигч, ухаалаг сэцэн хатад байсан гэдэг. Харамсалтай нь тэдний тухай тоймтой тодорхой зүйл түүхэнд үлдэж хоцорсонгүй ээ.
ХАЙДУ ХААНЫ ОХИН “ХОТОЛ ЦАГААН” ГҮНЖ
Монголын эзэнт гүрний Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн удам угсааны Хутулан буюу “Хотол цагаан” гүнж гоо үзэсгэлэнтэйгээс гадна биерхүү, хүч чадалтай нэгэн байсан тул эрийн гурван наадмын төрөл болох бөх, хурдан морь, нум сум харвах тэмцээнд хүч бяраа үздэг байж. Мөн тэрбээр баатар эрсийн морьт тулааныг ихэд сонирхдог байжээ. Энэ ч утгаараа “Бөх гүнж буюу Хотол цагаан гүнжийн домог” хэмээх эрт цагийн нэгэн бодит явдал түүхийн шарласан хуудаснаа дурайтал үлдсэн байдаг. Хутулан гүнж нэг эхээс цувж төрсөн арав гаруй ахтай байсан бөгөөд тэрбээр хүдэр чийрэг ах нартайгаа ноцолдон өсч, тэднийг хүч бяраар дийлэхийн тулд багаасаа л тэдэнтэй өрсөлдсөөр иржээ. Тэгээд нас биед хүрмэгцээ наадам тэмцээнд оролцож, мөн эцэг Хайду хааныхаа цэргүүдийг удирдан тулаанд орж хэд хэдэн удаа ялалт байгуулсанаар Монголын овог, аймгуудын дунд нэр нь цуурайтах болсон байна. Ер нь ганц Хутулан гэлтгүй эртний монгол охид моринд гарамгай, хар багаасаа л нум сум харвах сургуулилт хийдэг байж. Олон арван баатар эр түүнтэй амьдралаа холбохыг санаархаж байсан ч Хутулан гүнж “Надтай барилдаад намайг давсан хүнтэй л би сууна” гэж ам гарчээ. Гэвч түүнийг давах эр гарч ирсэнгүй. Хайду хааны хувьд Хутулан гүнж хамгийн хайртай хүүхэд нь байжээ. Энэ үүднээс Хутулан гүнжид атаархагчид “Бөх гүнж хаан эцэгтэйгээ эр эмийн ажил хийдэг” гэсэн цуу дэгдээсэн байна. Тиймээс Хутулан гүнж хаан эцгийнхээ нэр төрийг сэвтээхгүйн тулд баатар эрсийн дундаас хамгийн итгэлтэй сайныг нь сонгож гэрлэсэн түүхтэй. Түүний эцэг Хайду хаан Хятадын соёл бүхий тансаг амьдралыг илүүд үзсэн Хубилай хааны бодлоготой төдийлөн санал нийлдэггүй байсан бөгөөд Хутулан гүнж ч эцгийнхээ үзэл бодлын дагуу суурин амьдралыг ойшоодоггүй байж.
Хубилай хааны дэргэд олон жил суусан Италийн жуулчин Марко Поло болон Ираны түүхчид Хутулан гүнжийн талаар дээрхи сурвалж бичгийг үлдээсэнээр 18-р зууны үеэс Европт Азийн нэгэн энгүй хүчтэй бөх гүнжийн тухай яриа дэгдсэн байна. Тиймээс Францын эрдэмтэн зохиолч Франсуа Питис де Ла Крой Хутулан гүнжийн тухай зохиол бичиж, үүндээ түүнийг Алтан хааны 19 настай Турандот хэмээх турк охины дүрээр дүрсэлсэн байдаг. Уг зохиолд Хутулун гүнжийн бөх барилдаж даваад эр нөхрөө сонгох хүсэлтийг гурван янзын оньсого болгож өөрчилжээ. Хутулан гүнжид унасан бөхчүүд мөрийнд тавьсан адуугаа алддаг байсан бол жүжгийн зохиолд Турандоттой суухыг хүссэн эрчүүд гурван оньсогыг тааж чадахгүй бол амиа өгдөг. Уг зохиол мэндэлсэнээс хойш зуу гаруй жилийн дараа Италийн хөгжмийн зохиолч Ж.Пуччини Азийн гүнж гэгддэг “Турандот” хэмээх алдарт дууриа туурвижээ. Гэхдээ уг дуурийн гол дүр Турандот нь эрт цагийн Хутулан гүнж шиг хүч чадалтай, баатарлаг эмэгтэй бус өөрөөсөө дорд гаралтай эр хүнтэй суухаас татгалзаад хайртай хүнээ насан туршдаа хайж яваа бардам эмэгтэй билээ. Нэг ёсондоо Хутулан буюу монголчуудын хэлж заншсанаар Хотол цагаан гүнжийн домог нь хөгшин Европын урлаг соёлд бардам эмэгтэйн түүх болж үлдсэн билээ. Ер нь Хотол цагаан гүнжийн үед манай Монголын их хаадын үр удам болох үзэсгэлэн төгс олон арван гүнж төрөн гарсан байдаг. Тэдний зарим нь харь улсын хаан, вангуудад бэлэг болж очдог байж. Энэ тухай УБИС-ийн багш, БНСУ-ын Данкууг их сургуулийн профессор Р.Чүлтэмсүрэн нэгэн сонирхолтой баримт дэлгэж байсан билээ. Жишээ нь 1219 онд Монголын жанжин Хабжин, Cолонгосын жанжин Жо Чун нарын манлайлсан цэргүүд Cолонгосын нутагт үймээн дэгдээж байсан Киданы хулгай нарыг хамтын хүчээр даран сөнөөжээ. Тэгээд тэд ялалтаа тэмдэглэх үедээ “Бидний хоёр улс үүрд ах дүү байж, үр сад маань энэ өдрийг түмэн үед бүү умартаг” гэж андгай тангараг өргөөд Хабжин жанжин дөчин нэгэн монгол цэргийг солонгос хэл сурагтун хэмээн Солонгост үлдээжээ. Энэхүү ах дүүгийн барилдлага яван явсаар Хубилай хааны гүнж Хутагт бэхи, Хубилай хааны хүү Чингимийн ууган хүү Гамалийн охин Будшилэн, Есөнтөмөр хааны охин Инилжгинбал, Хубилай хааны тав дахь удмын Бортөмөрийн охин Нүнчиг зэрэг үзэсгэлэнт монгол бүсгүйчүүд төр улсын өндөр ёслолын хүрээнд Солонгосын үе үеийн хаад вангуудын хатан болж байсан түүхтэй.
ХОРИ БУРИАДАД ГҮНЖ БОЛЖ ОЧСОН БАЛЖИН ХАТАН
Монголын эртний хатдын дотроос Хори Буриадад гүнж болж очсон Балжин хатны түүх нэлээд өвөрмөц юм. Буриадын домгуудад өгүүлснээр бол өвөг дээдсээ Хиад боржигоны нэгэн адил Бөртэ чоно, Гоо марал гэнэ. Ер нь аль ч түүх судрыг нь сөхөөд харвал “Бөртэ Чоно, Гоо маралаас угшилтай Хоридой мэргэн хэмээх хүү нь Баргажин-гуа гэдэг хатантай байжээ” гээд л цааш хөвөрнө. Монголын нууц товчоонд ч бас “Хорилардай мэргэн Баргажин гуа нэрт хатантай билээ. Тэдний охин Алунгоо болно” гэж бичигджээ. Монгол овог аймгууд нэгдэхээс өмнө Баргажин төхөмд нутагласан Түмэд аймаг нь Хори овгийнхонтой нэгдэн аж төрж байв. Энэ үеэс тэднийг Хори-түмэд гэх болжээ. Баргажин төхөм нь одоогийн Оросын Буриадын нутаг буюу Байгаль нуур орчмын хэсэг бөгөөд энд 12-13-р зуунд Төгөлус, Булгачин, Хэрэмчин аймгууд нутаглаж байгаад 1207 онд ойн иргэдийн хамтаар Монголын их нэгдэлд элсэн оржээ. Гэхдээ зарим нь Чингисийн эсрэг босч явсан удаатай. Чингис хаан Хятадыг дайлаар мордох үед Хори-түмэдүүд хааны ордонд бослого гаргаж, их эзний итгэлт анд Борохулыг хөнөөсөн байлаа. Үүнийг Чингис хаан сонсоод ихэд хилэгнэж Дөрвөдийн Дөрбэй Доншинд Хори-түмэд аймгийг байлдан дагуулахыг зарлиг болгожээ. Ингээд Хори-түмэд иргэдийг эзэлсэний дараа Зүүн түмэдийг нь Борохулын гэр бүлийн мэдэлд өгч, Хори-түмэдийг одоогийн Хөх хотын зүүн хойд тал руу Өвөр Монголын нутагт шилжүүлэн нүүлгэсэн байдаг. Домогт Балжин хатны түүх намтар энэ л үеэс эхэлжээ. Түүний аав ээж нь Ордос, Хөх хот орчмоор нутаглаж байсан байна. Түүхч Тойсомын Галсан Балжин хатны үлгэр мэт сонирхолтой баримт, он тоолол, угсаатны зүйн мэдээллүүдийн мөрөөр мөшгөж судалсаар эцэст нь “Хори Буриадын домогт хатан Балжин нь Монголын Алтан гэгээн хааны охин бөгөөд Батмөнх даян хааны гуч, Мандухай Сэцэн хатны гуч охин болохыг тогтоов” гэсэн байдаг.
Чингис хааны Өвөр Монгол руу шилжүүлэн нүүлгэсэн Хори-түмэд 16-р зууны эхээр эргэн ирж Онон голын доод биеэр нутаглах болжээ. Гэтэл энд эртнээс нутагшсан хамнигадууд дургүйцэж, улмаар тэмцэл тулаан хийх болсоноор Буриадын Бавж баатар тэргүүтэй хүчин хамнигадыг дийлж, хожим нь эвийн хэлэлцээр хийж найрсгаар аж төрөх болсон байна. Батмөнх даян хааны үед Барга, Буриадын зарим хэсэг нь Хянганы уулсаас Эргүнэ гол руу бас нүүсэн байлаа. 1580-аад оны үед буюу Батмөнх даян хааны дөрөвдүгээр үеийн Буянт Сэцэн хааны үед Солонгууд аймгийн захирагч Бүүвэй бэйл өөрийн хүү Дай хунтайжид үзэсгэлэнт бүсгүй Балжинг сүй тавин авч өгсөн байна. Ингэснээр Байгаль нуур орчмын овог аймгууд дотор буриадуудын байр суурь дахин бэхжих нөхцөл бүрджээ. Өөрөөр хэлбэл, арван зургаахан насандаа Дай хунтайжийн эхнэр болсон Балжин хатны инжинд Хөх хот, Шар мөрний хойд талаас Онон гол руу ирээд удаагүй байсан Хори буриадуудыг Түмэдийн мэдлээс салгаж, Байгаль нуур орчмын нутаг руу нь нүүлгэсэн байна. Инжиндээ бүхэл бүтэн үндэстэн ястаныг хамруулж байсныг бодоход Балжин хатан нь харь нутгийнханы харцыг булаасан хосгүй үзэсгэлэнтэй гүнж байсныг илтгэнэ. Балжин хатан тухайн үедээ Монгол угсаатныхаа тусгаар байдал, эрх чөлөөний төлөө Мандухай сэцэн хатан лугаа хурц ширүүн тэмцэл дундуур туучаагүй ч гэсэн овог аймгийнхаа хэмжээнд өөрийн гэсэн дуу хоолойг хадааж явсан нэгэн байжээ. Жишээ нь Балжин хатан өөрийн инж болох Хорийн 11 овгийн буриад зон олноо Байгаль нуурын хойд эрэгт суурьшуулахыг анх санал болгосон байдаг. Тэрбээр энэ тухай айлдахдаа “Эрхэм тайжтан та Хорийн буриад язгууртныг эцэг Бүүвэй бэйлийнхээ мэдлээс гаргаж, өөрийнхөө захиргаанд авч, албатаа болгох бус уу. Тэгсэн цагт би таны итгэлт хатан болно” гэж тулгаж байсан гэдэг. Ингээд бүх зүйл хатныхаар болж Дай хунтайж Балжин хоёрын амьдрал хэсэгтээ л амар тайван байсан байна. Гэвч эхнэр нөхрийн нандин харилцааны дундуур хар цагаан хэл ам, бэлгийн муу үйлийн сэдэл гээд зүсэн бүрийн адал явдал тохиох нь тэр. Дай хунтайжийн эцэг Бүүвэй бэйлийн хатан нас барсанаар хөгшин бэйл үзэсгэлэнт бэр Балжинд сэтгэл алдарч улмаар түүнийг хүүтэйгээ хувааж эдэлж хэрэглэх болсон байна. Энэ талаар Балжин хатны домгуудад янз бүрээр дүрслэгдсэн байх бөгөөд нэгэн домогт “Бүүвэй бэйл өөрийн бэр Балжин хатныг эр эмийн ажилдаа уруу татан ашиглахыг оролдож, хатныг дургүйцэхэд хүчээр эдэлдэг болов.
Үүний хариуд Балжин хатан “Би эцэг хүү хоёрын эдэлбэр байж чадашгүй нь” гээд Бүүвэй бэйлийн эсрэг тэрсэлсэнээр хэрцгийгээр алагдав” хэмээжээ. Тэрбээр ёс бус үйлийн эсрэг амиа золин тэмцэхэд хэзээд бэлэн явсаныг эндээс харж болно. Монгол төрийн оршин тогтнох, бэхжих үндэсийн үндэс нь өрх гэр, овог аймгийн нэгдэл хэмээн Балжин хатан гүн бат ойлгож, үүнд ямагт үнэнч байхыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн гэлтэй. Бардам, дээрэнгүй, өрх гэрийн ёс горимыг умартсан Бүүвэй бэйлийн үнэн нүүр царайг ч тийнхүү илчилжээ. Үүнд нь өширхсөн Бүүвэй бэйл түүнийг цаазаар аваачсан байх бөгөөд үзэсгэлэнт хатныг зүгээр ч нэг цаазалчихсангүй. Домогт өгүүлсэнээр бол бүх биеийг нь мөчилж хуваагаад дөрвөн зүг, найман зовхист тараасан гэх бөгөөд үүний улмаас “Балжин толгой”, “Балжин хөл”, “Балжин гар”, “Балжин нуруу” гэх мэтийн нэртэй газрууд Буриадад бий болж, өдгөө ч эдгээр нэрээрээ нэрлэгдэж байдаг юм байна.
МАНЖИЙН ТӨРИЙГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН СЭЦЭН АМИРЛАНГУЙ
1625 онд Манж Чин улсын хааны угсаа залгамжлах хунтайж Тай Цун 15-хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Тэр охин бол Монголын Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны Хиад Боржигин овогт бэйл Зайсангийн охин Амирлангуй байлаа. Түүнийг Хятадын түүхэнд Хуванхэу буюу Хаш хатан гэж тэмдэглэжээ. Амирлангуй гүнж Манж Чингийн анхны их хаан Нурхайч баатрын удам хаан ширээг залгамжлах ханхүү Тай Цуны ес дэх татвар эм болж очиход хааны ордоны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ. Хүүхэд зангаа огтхон ч гээгээгүй хөгжилтэй сэргэлэн Амирлангуй энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээлэлийг бий болгосон байна. Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг. Энэхүү гүнжийн тухай манай түүхч нарын судлан гаргаж ирсэн материалууд өөр хоорондоо нэлээд зөрүүтэй байдаг. Харин судлаач А.Одмандах чамгүй судалгаа хийсэн нь бахархууштай. Амирлангуй гүнжийг хааны ордонд ирсэний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.
Гэтэл Амирлангуй гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан төдийгүй морин дэл дээр өсч торнисон монгол хүн гэдгээ харуулах мэт хаа сайгүй давхиж явах болсон тул түүгээр бахархсан ханхүү Тай Цун өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна. Гэтэл Амирлангуй гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордоны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ. Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагадаж бай гэсэн үзэл баримтлалыг хатуу дагадаг байсан “Дээд эрдэмт” хэмээх ханхүү Тай Цунд Амирлангуй гүнжийн энэ мэт байдал ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа “Баруун ордоны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Тал нутгийн охин Амирлангуй хааны ордонд ирсэнээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордоны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ. Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Гэтэл бусад хатад, татваруудаас хүү төрсөөр, хааны нуган үрийн тоо өссөөр найм хүрсэн байжээ. Тиймээс Амирлангуй гүнж ганц л зүйлийг хүсэх болсон гэдэг. Тэрбээр хүү төрүүлэх юмсан гэж өдөр шөнөгүй мөрөөддөг байсан бөгөөд нэгэн өдөр бие давхар болсоноо мэдэж “Хүү байгаасай” хэмээн залбирч эхэлсэн байна.
Гэхдээ тэр зүгээр ч нэг залбираад суусангүй. Хүү төрдөг л юм бол хүүгээ хаан ширээ залгамжлагч болгоно гэж бодож, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ хэмээн арга ухаан сийлж эхэлсэн гэдэг. Учир нь тэрбээр хүү төрүүллээ ч өмнө төрсөн наймын найман ханхүүг хааш нь хийх билээ. Хаан суудал алсын од мэт холын холд байх шиг санагдаж байсан боловч тэр “Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой” хэмээн бодож дэндүү эрсдэлтэй алхам хийхээр зориг шулуудсан байна. Тэрбээр юун түрүүнд есөн эрдэнэ дүүрэн шигтгэсэн өөр ямар ч хатанд байхгүй гоёмсог даашинз хийлгэж эхэлжээ. Энэ даашинзыг түүнд үнэнчээр зүтгэхээр эргэлт буцалтгүй шийдсэн ордоны уран дархчууд маш нууц байдалд хамаг л ур чадвараа шавхан бүтээсэн бөгөөд үгээр дүрслэн хэлэхийн аргагүй тэр гоёмсог даашинзыг өмсөхөд Амирлангуй гүнжийн биеэс мянга мянган гэрэл цацарч байх шиг л сүр жавхлантай ганган тансаг харагдаж байсан гэдэг. Есөн эрдэнийн өнгөөр туяаран солонгорох болсон Амирлангуй хэд хоногийн дараа үнэнч шивэгчингүүдээ ашиглан “Амирлангуй хатан есөн эрдэнийн өнгөөр туяарч эхэлсэн нь түүнээс алтан Луу Жинлэн төрөхийн тэмдэг” гэсэн цуу яриаг тараажээ. Энэхүү гайхалтай цуу ярианд хаан эзэн Тай Цун хүртэл итгэж ихэд баяртай байх болжээ. Харин хааны бусад хатад, татвар эмс энэ цуу ярианд эгдүүцэн Амирлангуйг урьд урьдынхаас илүү үзэн ядаж, дайсагнаж эхэлсэн ч хааны зүгээс бас ард олны зүгээс хайр хүндэтгэл, итгэл найдвар хүлээн авсан Амирлангуй гүнж үүнийг огтхон ч тоосонгүй.
Тэрбээр тун удалгүй ахин нэг эрсдэлтэй зүйл хийсэн нь “Одоо төрөх ханхүү бол ирээдүйд дэлхийг захирах ёстой Богд хөвгүүн юм шүү гэж тэнгэрийн хүн зүүдэнд ирж хэлэв” гэсэн цуу үгийг тараасан явдал байлаа. Хаан зүүдний тухай яриа тараасан эзнийг олохоор хөвөрдөн хөөсөөр Амирлангуй гүнжийн шадар шивэгчингүүд дээр тулж нэг бүрчлэн байцаасан агаад тэд энэ үед гүнжийн заасан ёсоор нэг зүйлийг тоть мэт давтан хэлсэн нь “Би тийм зүүд үзсэн” гэх үг байсан гэдэг. Нэг ёсондоо хатны бүх шивэгчин хатантайгаа ижилхэн Богд хөвгүүн төрөх тухай зүүдэлсэн болж таарсан байна. Энэхүү явдлын дараа Амирлангуй хатнаас төрөх хөвгүүн тэнгэрийн хүү гэсэн яриа маш хүчтэй тархаж хаан эзэн ч хүү төрөх өдрийг тэсэн ядан хүлээж эхэлжээ. Төрөх өдөр ойртох тусам Амирлангуй гүнжийн дотор “Хүү төрөхгүй бол яана. Охин төрвөл яах билээ” гэсэн айдас хуралдаж байсан ч тэр огтхон ч барьц алдахгүй байсаар хоног хугацаагаа гүйцээж нэгэн шөнө дуншиж эхэлжээ. Тэнгэрийн хүүг тосч авах гэсэн хаан эзэн ч хатнаа төрөхийг хүлээн холхиж байсан бөгөөд үүр цайх үед Амирлангуй гүнж амаржиж хүсэн хүлээсэн хүүгээ тэврэн авсан гэдэг. Хаан эзэн Тай Цун ч учиргүй баярлан “Хааны ес дэх хүү. Энэ бол гайхалтай сайхан баяр” гэсээр Фу Лин буюу Буян ирэгч хэмээх билэгтэй сайхан нэрийг өгсөн гэдэг. Дуулиантай төрсөн энэ ханхүүгээ хаан тэр дор нь хаан ширээг залгамжлагчаар өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд тэнгэрт хальсан бөгөөд хаан нас барсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай хүү Фу Лин Манж Чин улсын хаан ширээнд сууж “Эеэр засагч” хааны эрин эхэлсэн билээ. Зургаахан настай Фу Линийг хаан ширээнд суулгахгүйн төлөө ил далд өрсөлдөөн өрнөж, аль хэдийнэ нас биед хүрсэн хан хөвгүүд тэдний эхчүүд янз бүрийн хорт явуулга хийж байсан ч энэ болгоны эсрэг арга ухаан төгс Амирлангуй хатан хориг хаалт тавьж, өөрт үнэнч хүмүүсийн хүчээр хүүгийнхээ эсрэг чиглэсэн бүхий л муу муухайг сарниулан бут цохиж байсан гэдэг. Амирлангуй хатанд ордоны ихэс дээдэс байтугай ард олон хүртэл хүндэтгэлтэй ханддаг байсан болохоор ханхүүг эсэргүүцсэн элдэв хорт явуулга ч аяндаа сарнин алга болж монгол хатан зургаан настай хүүгээрээ дамжуулан Манж Чин улсын төрийн алтан жолоог барьж эхэлсэн яруу сайхан түүх бас бий билээ.
АЛШАА ВАНГИЙН АВЪЯАСЛАГ ШҮЛЭГЧ НАСЛАНБУУ
14-р зууны үед Хиад Боржигон аймгаас Хятад газар богтлогдож очсон үзэсгэлэн төгс Агай хатан болбоос элдэв янзын тэмцэл тулаанд оролцож Монголын түүхэнд үндэсний эв нэгдэлийг нэгэн шатаар ахиулсан алдарт шүлэгч бүсгүй байлаа. Жишээ нь “Гуниг хорслын шүлэг”, “Алтан бөлзөгийн дуу” хэмээх шүлгүүд нь өнөө хүртэл бидэнд хадгалагдсаар ирсэн билээ. Атаатан дайсандаа хорлогдсон хайрт нөхөртөө зориулж “Гуниг хорслын шүлэг”-ээ бичиж орхиод амиа хорлосон энэ бүсгүйн шүлгийн хэллэг нь урсгал сайхан мөртөө гүн аястай, уярал эмгэнэлтэй. Тэрбээр хятад шүлгийн ай дотор төрөлх сайхан монгол үгээ эвтэйхэн оруулж, хэм холбоц, айзам зохцилдолгоог нь аятай сайхнаар нийцүүлж чадсанаараа эртний Монголын алдарт эмэгтэй шүлэгч гэдгээр мөнхөрсөн юм. Монголын эртний хатдаас түүн лүгээ шүлэг найргаар “өвчилж” байсан хүн бараг үгүй. Харин 1800-гаад оны үед Ар халхын удам дамжсан ван Алшаа хэмээгчийн охин Насланбуу хэмээх авъяаслаг шүлэгч бүсгүй төрөн гарсан түүхтэй. Түүнийг сурвалжлан гаргаж ирсэн судлаач өгүүлэх нь: “1805 оны зуны нэгэн өдөр тэр үеийн Манж Чин улсын нийслэл Бээжин хотод умраас 20 орчим тэмээ хөсөглөсөн нэлээд чинээлэгхэн жингийн цуваа орж иржээ.
Энэ бол хааны зарлигаар хааны журганд (яаманд) ажиллахаар Ар халхаас гэр бүлийн хамт ирж буй Алшаа вангийн хөсөг байлаа. Бичиг үсгийн өндөр чадвартай, боловсролыг дээдлэгч Ар зүгийн энэ ван ийн ирэхдээ дөрвөн настай бяцхан охиноо дагуулан иржээ. Тэр бол Насланбуу охин байлаа. Эрдэмийг чухалчлан үздэг аав нь Насланбууг долоон настай байхад нь тэр үеийн Чингийн өндөр боловсролтой хүмүүсийн нэг Хүй Ен Бумбад шавь оруулсан байна. Энэхүү Хүй Ен Бумба бол эрдэм мэдлэг хэтийдсэн нэрт яруу найрагч эмэгтэй байсан юм. Түүнчлэн Алшаа вангийн төрсөн эгч болох Жимээ хэмээх эмэгтэй эрдэм мэдлэг өндөр хүн байсныг түүний “Лио Юн Ми вангийн шүлгийн хуулбар” хэмээх шүлгийн түүврээс мэдэж болно. Ингэж л бяцхан охин Насланбуу хар бага наснаасаа багш болон нагац эгчийнхээ нөлөөнд орж бичиг эрдэмд сайтар суралцсанаар тэр үеийн Чингийн өмнөө барьдаг чадварлаг сэхээтэний нэг болж өсч өндийсөн түүхтэй билээ. Бяцхан Насланбууг хэдийдээ хатан болчихов оо гэж гайхах хэрэггүй. Тэрбээр хаан угсаатай хүнтэй ураглаж, тэр үеийн Чингийн хаан Сайшаал ерөөлтөөс “Хатан” хэмээх хүндэт алдрыг хүртэж байжээ. Насланбуу нь шүлэг найрагтай бүх амьдралаа холбож, олон арван шавь нарыг сургаж Чингийн төрд олон сайн боловсон хүчин бэлтгэж өгсөн гавъяатай хүн” гэж онцолжээ. Авъяаслаг найрагч Насланбуугийн маш олон шүлэг монгол хэлэнд хөрвүүлэгдсэн байх бөгөөд тэрбээр,
“Дөрвөн настайдаа нийслэл хотноо нүүдэллэн ирээд би
Дээдсийн нутаг Монгол газраас гучин жил холдов оо
Төрж өссөн уул ус минь хаа байдаг болоо
Тэнгэрийн хаяа, газрын хязгаарт үүл манан үргэлж
Түүх шастираа Чингис хаан тив дэлхийд үлдээж
Тэнгэр уудам дайны талбар нь тэртээд хүрээд алсрав аа” хэмээн Халх Монголоо дурсан санагалзсан байх аж. Мөн тэрбээр,
“Дайчин баатрууд арван түмэн нум сумаа хөвчилж
Даяар алдарт тэнгэрлиг хөвгүүд эрт урьдаас хүчирхэг” гэх мэтээр эрт цагийн баатар эрсээ дурсан санагалзсан нь олонтаа. Түүний зарим шүлэг “Цагийн будангуйд тасхийсэн төмөр шүглийн дуу” болон цуурайтаж байсан нь шууд ойлгогдоно. Жишээ нь тэр Хятад даяар алдартай Күнзийн сургаалийг эсэргүүцэж байсан нь гайхмаар. “Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм болой” гэсэн эртний уламжлалт бурангуй ёсыг цогтойгоор шүүмжилж,
“Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм гэдэг нь чалчаа үг
Эртнээс аваад шүлэгчийн ухаан эмэгтэй хүнд л заяасан юм” гэх мэтээр шүлэглэж байжээ. Мөн тэрбээр нөхрийнхөө хамаатан болох нэгэн залууг тухайн үед цэцэглэн хөгжиж байсан “Хар тамхины дайн”-д мордох гэж байхад нь,
“Сайн эр нэр нүүрээ гутаавал
Санасан үйл хариугүй болно
Эрэлхэг зоригоо бүрэн бадраавал
Эртний үйлээ дахин сэргээнэ” гэх мэтээр ухааруулан сэнхрүүлж байсан байна. Насланбуу найрагчийг тодруулан гаргаж ирсэн судлаач эцэст нь өгүүлэхдээ “Монголчууд бид ухаант хатадынхаа тоогоор дэлхийд тэргүүлнэ. Үүнээс нэг хүнд ноогдох ухаант хатадын тоогоор мөн л дэлхийд өрсөлдөгч үгүй тэргүүлнэ. Энэ сайхан хатдын маань нэг нь Насланбуу хэмээх алтан ургийн цустай авъяас төгөлдөр шүлэгч эмэгтэй мөнөөсөө мөн. Та бүхэн өнө эртний олон арван сайхан хатдынхаа нэрэн дээр Насланбуу хатныг нэмж, түүний арвин баялаг түүхээс суралцаж, энэ сайхан хатныг аливаад жишээлэн ярилцаж, бусад алдарт хатдын адилаар санан дурсч яваарай” гэж захисан байв.
“Дөрвөн настайдаа нийслэл хотноо нүүдэллэн ирээд би
Дээдсийн нутаг Монгол газраас гучин жил холдов оо
Төрж өссөн уул ус минь хаа байдаг болоо
Тэнгэрийн хаяа, газрын хязгаарт үүл манан үргэлж
Түүх шастираа Чингис хаан тив дэлхийд үлдээж
Тэнгэр уудам дайны талбар нь тэртээд хүрээд алсрав аа” хэмээн Халх Монголоо дурсан санагалзсан байх аж. Мөн тэрбээр,
“Дайчин баатрууд арван түмэн нум сумаа хөвчилж
Даяар алдарт тэнгэрлиг хөвгүүд эрт урьдаас хүчирхэг” гэх мэтээр эрт цагийн баатар эрсээ дурсан санагалзсан нь олонтаа. Түүний зарим шүлэг “Цагийн будангуйд тасхийсэн төмөр шүглийн дуу” болон цуурайтаж байсан нь шууд ойлгогдоно. Жишээ нь тэр Хятад даяар алдартай Күнзийн сургаалийг эсэргүүцэж байсан нь гайхмаар. “Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм болой” гэсэн эртний уламжлалт бурангуй ёсыг цогтойгоор шүүмжилж,
“Эмэгтэй хүн эрдэмгүй бол эрхэм гэдэг нь чалчаа үг
Эртнээс аваад шүлэгчийн ухаан эмэгтэй хүнд л заяасан юм” гэх мэтээр шүлэглэж байжээ. Мөн тэрбээр нөхрийнхөө хамаатан болох нэгэн залууг тухайн үед цэцэглэн хөгжиж байсан “Хар тамхины дайн”-д мордох гэж байхад нь,
“Сайн эр нэр нүүрээ гутаавал
Санасан үйл хариугүй болно
Эрэлхэг зоригоо бүрэн бадраавал
Эртний үйлээ дахин сэргээнэ” гэх мэтээр ухааруулан сэнхрүүлж байсан байна. Насланбуу найрагчийг тодруулан гаргаж ирсэн судлаач эцэст нь өгүүлэхдээ “Монголчууд бид ухаант хатадынхаа тоогоор дэлхийд тэргүүлнэ. Үүнээс нэг хүнд ноогдох ухаант хатадын тоогоор мөн л дэлхийд өрсөлдөгч үгүй тэргүүлнэ. Энэ сайхан хатдын маань нэг нь Насланбуу хэмээх алтан ургийн цустай авъяас төгөлдөр шүлэгч эмэгтэй мөнөөсөө мөн. Та бүхэн өнө эртний олон арван сайхан хатдынхаа нэрэн дээр Насланбуу хатныг нэмж, түүний арвин баялаг түүхээс суралцаж, энэ сайхан хатныг аливаад жишээлэн ярилцаж, бусад алдарт хатдын адилаар санан дурсч яваарай” гэж захисан байв.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
http://www.zaluu.com/read/693cgbc
No comments:
Post a Comment