Sunday, June 7, 2015

“Чөлөөлөх дайн”

1945 оны 8 дугаар сарын 10-нд маршал Чойбалсан  Монголын ард түмэнд  хандан радиогоор БНМАУ нь Японд ариун дайн зарласнаа мэдэгдэж  хэлсэн үгэндээ Монгол Улсын иргэд ээ, Барга, Цахар, Харчин, Өвөр Монголын иргэд ээ, өнөөдөр   манай арми хил давж, Өвөр Монголын нутагт нэвтэрч, маш хурдтай урагш давшлаа. Энэ нь бидний мах цусны тасархай болох Өвөр Монголыг чөлөөлж, эрх чөлөөг олгохын төлөөх үйл хэрэг юм гэжээ.

 
 Дайнд орсоны зорилгыг  тунхагласан БНМАУ-ын Улсын бага хурал, Засгийн газрын  бичигт  нэгдүгээрт, энэ дайн нь “Монгол овогтон нэгэн улс гэр болон нэгдэхийн тулд”, хоёрдугаарт, үүний тулд “Халх, Дөрвөд, Торгууд, Буриад, Барга, Өмнөд Монгол,  Цахар, Ордос, Харчин, Дарьганга, Алашаа, Хөхнуурын Монгол зэрэг монгол овогтон, бас БНМАУ-ын газар нутагт оршин суугчид болон Казак, Урианхай зэрэг монгол овогтоныг империализмын дарлалаас мөнхөд ангижруулан, монголчуудын хэл, үндэсний соёлыг хүндэтгэн хөгжүүлж, үндэсний уламжлал, шашнаа хамгаалж, улс гэрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо батжуулах”-ын төлөө, гуравдугаарт, “ зоригт улаан цэрэгтэй хамтран “1936 оны ЗХУ, БНМАУ-ын харилцан туслах гэрээг хэрэгжүүлэхийн тулд“ хэмээн тодорхойлжээ.  “Үнэн” сонин наадмын дараагаар кирилл үсгээр хэвлэгдэж эхэлсэн боловч   “Монгол овогтон нэгэн улс гэр болон нэгдэх” уриалгыг Өвөр Монголчуудад хүргэх зорилгоор 8 дугаар сарын 10-ны дугаарыг дахин хуучин бичгээр хэвлэн гаргажээ. 
 
 
Зөвлөлтийн ГЯЯ-ны сайд В.Молотов 8 дугаар сарын 8-ны 17 цагт Японы элчин сайд Сато-д (энэ үед Японд 8 дугаар сарын 8-ны 23 цаг байв) 8 дугаар сарын 9-нээс эхлэн ЗХУ Японтой дайны байдалд шилжиж байгааг мэдэгджээ. Цагийн дараа 9-нд шилжсэн тул Сато мэдэгдлийг Токиод дамжуулж амжаагүй бөгөөд Японы тал дайн эхэлсэнийг 8 дугаар сарын 9-ны үүрээр 4.00 цагт Москвагийн радиогийн мэдээнээс л сонсжээ. Гэвч нэгэнт оройтсон 8 дугаар сарын 9-ны 04.30 цагт  Зөвлөлтийн цэрэг давшилтаа эхэлсэн байна. Харин  БНМАУ нь 8 дугаар сарын 10-ны 01 цаг 40 минутад(Москвагийн цагаар 9-ний өдрийн 20 цаг 40 минут)  Японд дайн зарласнаа мэдэгдсэн боловч урд өдөр нь Монголын цэрэг Өвөр Монголын хилийг давсан байсан тул эдүгээ хүртэл өрнөдийн түүх бичлэгт БНМАУ-ыг дайн зарлалгүй цэргээ хөдөлгөсөн гэж бичсээр байдаг болно. 
 
Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлгийн командлагчаар генерал И.Плиев, орлогчоор нь генерал Ж.Лхагвасүрэн нар томилогдсон байна. Осетин үндэстэн болох Плиев нь морьт механикжуулсан бүлгийг командлан Германы фронтыг сэтэлж ар талд нь нэвтрэн ерөнхий бүслэлтийг удаа дараа хангаж туршлагатайд тооцогдож байв. Тэрээр 1936-1938 онд Улаанбаатарт цэргийн ерөнхий сургуулийн ахлах зааварлагч байв. Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг Өвөр Монголын нутагт үндсэн хоёр чиглэлээр үүнд Сүхбаатарын Байшинтаас Долнуурын чиглэлд, Замын-Үдээс Хаалганы чиглэлд тус тус давшсан байна.  Бүлгийн бүрэлдэхүүнд МАХЦ-ийн морьт дөрвөн дивиз, хуягт бригад, танкийн хороо,  Улаан Армийн морьт дивиз нэг, танкийн, механикжуулсан бригад гурав багтаж, 42 мянга хүнтэй байсны хагас нь монголчууд байв. Нэгдүгээр цувраанд Улаан Армийн ангиуд, хоёрдугаар цувраанд МАХЦ-ийн ангиуд явжээ. БНМАУ-ын хувьд цэргийн томоохон бүлгийг хилийн чанадад илгээн үүрэг гүйцэтгүүлэх нь амаргүй ачаа байжээ. Бүлгийн эсрэг талд эдүгээ хүртэл зарим эх сурвалж өгүүлсээр байдаг шиг Квантуны армийн ангиуд төдийгүй Японы цэргийн томоохон бүлэглэл байгаагүй юм. Харин Өвөр Монголын автономит засгийн газрын Дэмчигноровын морьт дивиз хоёр, явган дивиз дөрөв, зарим тусгай бригадын бүрэлдэхүүнтэй арми Хянганы нурууны умард талаар хил хүртэл байрлаж байсан боловч байлдах чадвар сул, сэтгэл санаа нь нэгэнт Японы эсрэг эргэсэн байсан тул   олигтой эсэргүүцэл үзүүлээгүй юм.  Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг Хянганы нуруу хүртэл долоо хоног маршлахдаа Японы ангиудтай тулгараагүй бөгөөд учир нь тэд Хянганы нурууы өмнөд бэлээр л байрлаж байв. Харин МАХЦ-ийн ангиуд элсэн цөл, байгалийн саадыг гатлан шуурхай маневрлаж, гэнэтийн байдлыг хангах нь чухал байсныг амжилттай гүйцэтгэсэн байна. Давшилтын эхний гурван өдөрт Улаан Армийн 80 цэрэг шархадсан бол МАХЦ бараг хохирол амсаагүй юм. Энэхүү давшилтын явцад Жанчхүүгийн давааг гатлах 8 дугаар сарын 19-21-нд явагдсан  цорын ганц,  ширүүн байлдаан болжээ. Жанчхүүгийн бэхлэлтийг “давагдашгүй цайз” мэтээр чимэглэн бид бичдэг боловч энэ нь дайсны батальоны хэмжээний тулгуурт байрлал байв. Хориглолтын эсрэг довтолгоонд  Нянтайсүрэнгийн хуягт бригад, Зөвлөлтийн механикжуулсан бригад хоёр буюу харьцангуй багахан хүч, хэрэгсэл оролцсон байна. Хориглолтод Японы зөвлөхөөр удирдуулсан гол төлөв хятад, өвөрмонгол цэргүүд байсан бөгөөд эсэргүүцэл үзүүлжээ. Энэ байлдаанд Улаан Армийн зөвхөн шархадсан цэрэг 201 болж, харин МАХЦ-ийн 40 гаруй хүн алагдаж, шархаджээ. Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг Цагаан хэрэмээс урагш хөдлөх тушаалгүй байв. Гэвч Зөвлөлтийн бригадын тэргүүний отряд Цагаан хэрэмийг даван Дэ вангийн штаб байрласан  Хаалган хотын захад цөмөрсөн боловч ялагдан ухарсан байна. 8 дугаар сарын 23-24-нд  Улаан Армийн ангиуд Плиевын санаачилгаар Жэхэ хотод байрласан “Монголын гарнизоны Арми”-ийн бүрэлдэхүүнд багтдаг Японы явган дивизийн зэвсгийг хураажээ. БНМАУ-ын дайнд оруулсан хувь нэмрийг харгалзан Японы олзлогдсон 600 гаруй мянган хүнээс 15 мянгыг ажиллах хүчин болгон хувиарласан бөгөөд тэднийг Манжуураас төмөр замаар ЗХУ-аар дамжуулан тээвэрлэж авчирсан бөгөөд тэднийг Монголчууд олзлоогүй юм. 
 
Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг туслах чиглэлд үүрэг гүйцэтгэж,  Өвөр Монголын нутагт гүн нэвтэрсэнээр  Манжуурт явагдсан ерөнхий давшилтыг хангахад хувь нэмрээ оруулжээ. Учир нь Улаан Арми Манжуурт байрласан Квантуны армийн эсрэг үндсэн цохилтыг Владивостокийн зүгээс, БНМАУ-ын дорнод хэсгээс, туслах цохилтыг Зөвлөлтийн нутгаас Хайлаарын чиглэлд, БНМАУ-ын зүүн хэсгээс Халуунрашаан-Солуны чиглэлд тус тус хийжээ. Квантуны армийн эсрэг үндсэн цохилтыг Берлингээс татан ирүүлсэн танкийн 6 дугаар арми, 39 дүгээр арми БНМАУ-ын Тамсагбулгаас  хийж Шар тэнгисийн эрэгт хүчээ. Эдгээр хоёр армийн баруун жигүүрийг Сүхбаатар аймгийн нутгаас Цахарын нутгаар туслах цохилт хийсэн Улаан Армийн 17дугаар арми халхалжээ. Эдгээр бүхий л ажиллагаанд МАХЦ оролцоогүй харин 17 дугаар армийн баруун жигүүрийг Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг халхлах тэрхүү л операцид л оролцсон билээ.  
 
БНМАУ-ыг  дайнд оролцуулсан улс төрийн ач холбогдол нь цэргийнхээс илүүтэй байсныг хэлвэл зохино.  Энэхүү хандлагыг манай түүхчид илүү гүнзгий гаргах хэрэгтэй бизээ. Учир нь Шинжааныг хяналтнаасаа алдсан Сталин Хятадын эсрэг БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс гадна, БНМАУ, Өвөр Монголыг нэгтгэх явдлыг улс төрийн хөзөр болгон ашиглахаар 1944 оны эхнээс шийдвэрлэжээ.   Ийм ч учраас маршал Чойбалсан төдийгүй өмнөх удирдагчдын ойнд байсан монгол овогтон нэгдэх хүсэл эрмэлзлийг хөхиүлэн, Османд зэвсэг нийлүүлэх, зарим сүм хийдийг сэргээх зэргийг дэмжин,  АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийг Улаанбаатарт зочлуулсан байна.   
 
Хятадын Ерөнхий сайд Сун Зывэн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх яриа хэлцээнд оролцсоноор түүний улс төрчийн ажиллагаа зогссон хэмээн үзэж Зөвлөлт-Хятадын яриа хэлцээг үргэлжүүлэхээр 1945 оны 8 дугаар сард Москва явахаас эрс татгалзжээ. Гэвч Хятадад суугаа АНУ-ын элчин сайд Харлейн шахалтаар тэрээр төлөөлөгчдийг тэргүүлэн явахаас аргагүйд хүрсэн байна. 1945 оны 8 дугаар сарын 10-ны шөнө хийсэн уулзалтаар Сталин Сун Зывэнд БНМАУ-ыг  байгаа хил хязгаараар нь хүлээн зөвшөөрөхийг санал болгож, хэрэв түүний саналыг зөвшөөрөхгүй бол  “Өвөр Монголын ах дүү нар нь Ар Монголтой нэгдэж Их Монгол Улс байгуулах болно” хэмээн тулгажээ. Энэ тухай Москвад суугаа АНУ-ын элчин сайд Харриман Вашингтонд мэдээлсэн байна. Иймд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бэрнс яаралтайгаар Харриманд “Өвөр Монголын асуудал дахин сөхөгдөх бол Ялтын хэлэлцээрийн хүрээнд байгуулах хэлэлцээрт Өвөр Монгол ямар ч нөхцлөөр хамрагдах ёсгүй” гэж 1945 оны 8 дугаар сарын 11-нд зааварлажээ.  Харриман энэ тухай Сталинд мэдэгдсэн юм. Зөвлөлт-Хятад хоёр БНМАУ-ын тусгаар тогтнолыг байгаа хил хязгаарын хүрээнд хүлээн зөвшөөрөхөөр 8 дугаар сарын 14-нд тохиролцсон байна. Зөвлөлтийн тал ч АНУ-д “БНМАУ-ын талаарх баримт бичигт тусгаар тогтнохыг хүссэн Ар Монолын ард түмний удаа дараагийн хүсэлтийг харгалзан Япон бууж өгсний дараа, Ар Монголын ард түмний санал хураалт энэхүү хүслийг нотолбол Хятадын Засгийн газар Ар Монголын тусгаар тогтнолыг оршин байгаа хилээр нь хүлээн зөвшөөрнө гэж дурдлаа“ гэж 8 дугаар сарын 17-нд мэдээлсэн байна. Зөвлөлт, Хятадын яриа хэлцээ нь АНУ-ын дэмжлэгээр БНМАУ-ыг байгаа хил хязгаараар нь хүлээн зөвшөөрөх, Өвөр Монголыг Хятадын бүрэлдэхүүнд байхаар тогтжээ. Улмаар Чан Кайши БНМАУ-ын тусгаар тогтнолыг зарим нөхцлийг хангавал хүлээн зөвшөөрөхөд бэлэн буйгаа 8 дугаар сарын 24-нд мэдэгджээ. 
 
Энэхүү завсарт МАХЦ-ийн хүчин 1913 онд эцэг, өвгөдийнхөө явсан замаар мянга гаруй км урт замыг  урам зоригтой, оргилуун туулж, Өвөр Монголын ард түмэн ч баяртай угтжээ. Дэ вангийн арми агаараас дайралт хийсэнгүй, маршийн явцад сунаж цувсан МАХЦ-ийн ангиудын эсрэг отолт зохион байгуулсангүй, чингэвээс үлэмж хохирол амсах байв. Дэ вангийн ангиудын зарим нь зэвсгээ хураалган,зарим нь японы зөвлөхүүдээ хороон буун өгч байв.  Долнуураас Дэ вангийн гэр бүлийнхнийг олзлон нилээд хүндэтгэлтэйгээр нисэх онгоцоор БНМАУ-д авчирчээ. БНМАУ-ын нам, төрийн өндөр албан тушаалын төлөөлөгчдийг нэгтгэх асуудлыг газар дээр нь судлуулахаар Шилийн гол, Хөлөнбуйр аймагт илгээсэн байна. Японы командлал 8 дугаар сарын 16-нд бууж өгөх шийдвэрийг гаргасан боловч, Өвөр Монголын аль болох газар нутагт хяналтаа тогтоохоор МАХЦ-ийн чөлөөлөх марш бараг 8 дугаар сарын 24 хүртэл үргэлжилжээ. Гэвч Зөвлөлт, Хятадын хэлэлцээр байгуулагдсантай холбогдуулан генерал И.Плиев МАХЦ-ийн улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал, түүний орлогч генерал С.Равдан нарт Өвөр Монголчуудад зориулан хэвлэсэн нэгдэхийг уриалсан ухуулах хуудсыг тараахгүй устгахыг тушаасан байна. Эдгээр хуудсыг давшилт эхлэхээс өмнө хэвлэлийн төв үйлдвэрт нууцаар шөнийн цагаар хэвлэн олноор базаасан байжээ. Өвөр Монголын нилээд хошуу, орон нутгийн удирдлага БНМАУ-д нэгдэх хүсэлтээ илэрхийлж, энэ бүхнийг гэрчилж байсан БНМАУ-ын төлөөлөгчид  үнэхээр ч юу юугүй нэгдчих юм шиг бодож байснаа хожим олонтай дурссан байдаг.  Маршал Чойбалсан ч Цахарт Өмнөд Монголын түр засгийн газрын байрласан хошуунд 1945 оны 9 дүгээр сард очиж байв. 
 
Их гүрнүүдийн хавсайдсан шийдвэр нь БНМАУ-ын дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон тэргүүлэх зорилт болох “Монгол овогтныг нэгэн улс гэр болгон нэгтгэх” явдлаас  татгалзахад хүргэж маршал Чойбалсанг нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн Өвөр Монголчуудын өмнө туйлын эвгүй байдалд оруулжээ. Хэдий тийм боловч БНМАУ нь “Монгол овогтныг нэгтгэхээр империализмын дарлалаас тэднийг чөлөөлөх”, ЗХУ-ын өмнө хүлээсэн холбоотны үүргээ нэр тэртэй гүйцэтгэсэн юм. 
 
Улмаар цагийн эрхээр энэхүү дайн Монголын ард түмний сэтгэлд зөвхөн “чөлөөлөх дайн” гэдгээр үлджээ. 
 
Р.БОЛД

http://sonin.mn/news/politics-economy/43885

No comments: