Sunday, March 13, 2016

Эспрессо – Нунтаг кофег машинд хийгээд, өндөр даралттай бага зэрэг буцалсан усаар шахаж амтыг нь гаргасан кофег хэлнэ. Бусад ихэнх кофег эспрессо ашиглаж хийдэг. Тиймээс цаашид эспрессо гээд яриад явчихъя. Хүмүүс эспрессог дангаар нь захиалж уудаг бөгөөд энэ нь бага хэмжээтэй хэдий ч нилээн хүчтэй амттай, гашуун байдаг. Эспрессо машины нэг цоргоноос 1 удаад 30 мл-ээр гарна.


Доппио – Эспрессог 2 дахин хийсэн кофег хэлнэ. 60 мл эспрессо гэсэн үг. Эспрессо машинаас нэг цоргоор 30мл-ээс илүү эспрессо гарах боломжгүй байдаг тул хоёрыг нийлүүлдэг. Заримдаа нэг эспрессог нэг ШОТ ч гэж нэрлэх нь бий.

Ристретто – Эспрессо шиг мөртлөө нунтаг кофег шахах ус нь тал хувиар бага.  Илүү өтгөн мөртлөө бага хэмжээтэй эспрессо гэсэн үг.

Ланго – Ристреттоны эсрэг, нунтаг кофег 2 дахин их усаар шахаж гаргасан эспрессог хэлнэ.
Тэгэхээр илүү шингэвтэр, ус
ихтэй эспрессо гэсэн үг.

Маккиато – Эспрессо дээр нэг халбага хөөсөрсөн сүү хийсэн кофе. Маккиато нь сүү, эспрессо хоёр хосолсон кофенууд дундаас кофе сүүний харьцаагаараа хамгийн
өндөр кофены агууламжтай байдаг.

Кафе Крем – Эспрессо дээр 30 мл цөцгий буюу
крем нэмсэн кофе

Каппучино – Хүмүүсийн харьцангуй сайн мэддэг кофе. 60мл эспрессо шот, 60мл буцалгасан/ууршуулсан сүү, 60мл сүүний хөөс байдаг. Мэдээж хэмжээний хувьд ямар хэмжээтэй аяганд захиалснаас шалтгаална

Хуурай каппучино – 60мл эспрессо дээр
120мл сүүний хөөс хийсэн кофе

Американо – 60мл эспрессо дээр 90мл ус хийсэн кофе. Бидний сайн мэдэх хар кофе гэсэн үг.

Аффогато – Нэг халбага зайрмаган дээр
2 шот (60мл) эспрессо хийнэ. Үүнийг кофе гэхээс илүү бас дессерт маягаар захиалж иддэг.

Мокка (Моча биш) – 60мл эспрессо дээр 60мл шоколад, 30мл буцалгасан сүү. Шоколад нь нунтаг хуурай какао, эсвэл шоколадны сироп гэх зэрэг янз бүрээр орлуулж хийдэг. Мөн хар шоколад эсвэл сүүтэй шоколад ч байсан болно.

Латте – 60мл эспрессо, 100мл буцалгасан/халаасан сүү, хамгийн дээр нь бага зэрэг сүүний хөөс.

Мөстэй кофе – 60мл эспрессо дээр мөс хийж хүйтэн болгоно. Өөр зүйл нэмэхгүй. Мөстэй латтег ч мөн адил эспрессо дээр ХҮЙТЭН СҮҮ, мөс хийдэг. Гэтэл Монголд зарим газрууд халуун сүүн дээр эспрессо хийчихээд дээр нь мөс хийж байсан тохиолдол бий.


http://www.khongi.com/2016/03/blog-post_62.html

No comments: