Tuesday, November 11, 2014

Аз жаргалтай хүн л аз жаргалыг олж хардаг



Жаргалтай хүний нүдэнд бүх зүйл сайхан харгаддаг. Тэр юмсыг харахдаа ямар гоё юм бэ гэж сэтгэл дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад талархдаг. Хүүхдийг хараад өхөөрддөг.Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг. Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээн авах хандлагтай болчихдог.  Зовлонтой хүний нүдэнд харин бүх зүйлс баргар харагддаг. Тэр дандаа болохгүй бүтэхгүйг л сурамгай гэх чинь олоод харчихдаг. Сайхан зүйлсийг хүртэл саараар харах гээд байдаг. Эсвэл нэг их тоодоггүй. Түүнд сайхан зүйлс нэг их чухал биш байдаг. Саар харин чухал байдаг. Хүнд
ер нь юу чухал байна түүнийгээ л тэр олж харж бас ярьж байдаг. Аз жаргалгүй хүн амнаасаа байнга бусдыг муулж үгүйсгэсэн эсвэл гомдолсон үгсийг урасгадаг. Бусдыг толгой сэгсрэн муулж, хэл шогширон үглэдэг. Би байсан бол ингэх байсан юм гэж өөрийгөө далдуур магтдаг. Аз жаргалгүй хүн аз жаргалтай хүнийг харахаараа өөрөө тийм биш болохоор уур нь хүрдэг. Эсвэл атаарахдаг. Та өөрийн аз жаргалтай юмуу аз жаргалгүй байгаа эсэхээ өөрийн бодол санаа, үг яриа, үйл хөдлөлөөрөө илэрхийлж байдаг.
Аз жаргал хаана байдаг вэ?
Аз жаргалд хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй гэрэл гэгээнд та хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан боловч гадагшаа гэрэл нэвтэрхээргүйгээр аз жаргалын тухай буруу үзэл бодолын хөө буртгаар дагтаршин булагдсанаа санаж тэр хөөг арчиж цэвэрлэхийн нэр юм. Байгаа зүйлээ илрүүлэх, байхгүй зүйлээ олж авах хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь гэрлүүгээ буцах нөгөө нь гэрээсээ явахтай адил. Угаасаа танд байсан юм чинь хайхын хэрэггүй болж байна гэсэн үг. Энэ бол аз жаргалд хүрэх боломжгүй аз жаргалгүйгээс гарах боломжтой гэсэн үг. Аз жаргалд саад болдог мунхаг буруу бодол, уур хилэн, шуналын хир буртаг арилхад л аз жаргалын хурц гэрэл таны дотроос гэрэлтэх болно гэсэн үг. Та аз жаргалыг буруу зүгээс хайгаад байгаа юм биш биз? Таны аз жаргалын тухай үзэл бодол чинь үнэхээр зөв болов уу? Эрэгцүүлээд нэг үзээрэй.
Аз жаргалын шалгуураа багасга.
Хүсэн хүлээж хүлээж амсах жаргал сайхан байдаг ч тэгж их хүлээсэн байж амсах мэдрэмж нь хэдхэн минут бол тэр үнэхээр их үнэ цэнтэй гэж үү? Та аз жаргалдаа тавих шалгуураа өндөр болгох тусам аз жаргал таниас төдий чинээ холдож байдаг. Нээрээ нь ч минутаар хэмживэл таны мэдэрсэн аз жаргалын мэдрэмжийн нийт үргэлжилсэн цаг хугацаа нь бүх амьдралын тань цаг хугацаатай харьцуулбал 0,1 хувь байж ч мэдэх юм. Яагаад ийм бага байна вэ? Та аз жаргалд хэт өндөр шаардлага тавьснаас болжээ. Хэрэв тийм бол энэ чинь зүгээр л тэгж их хүлээж чинэрсэн хүслийн ханамж, хуримтлагдсан энергийг сулрал, шуналын биелэл л юм. Хувирч өөрчлөгдөх нь аль болох бага, тогтмол удаан үргэлжилдэг аз жаргал л илүү үнэ цэнэтэй биш гэж үү? Хүрэхэд их хол тийм аз жаргалын шалгуурыг өөртөө тавиад аз жаргалыг хойшлуулах хэрэг байна уу? Болж өгвөл аз жаргалын шалгуураа багасгаж агшин хором бүрээс аз жаргалыг мэдрэн аз жаргалын мэдрэмжийг ойр ойрхон олон юмуу эсвэл урт удаан болгох хэрэгтэй.
Аз жаргалд цаг гарга
Аз жаргалыг олж харахад, түүнийг мэдэрхэд цаг зав өөртөө гаргаж бай. Аз жаргалыг бүү хойшлуул. Зовлонг л хойшлууж бай. Ирээдүй бол аз жаргалыг хойшлуулах аз жаргалаас зугтах заль юм. Бид чөлөө завгүй ажлаад л байдаг ажлаад л байдаг. Үүнийг дуусгахгүй бол болохгүй. Тэр ажлын ард нь гарч байгаад нэг сайхан амаръя гээд аз жаргалыг байнга хойшлуулдаг. Үнэхээр чухал ч юм уу бүү мэд мөнгийг л эхэнд тавиад байдаг. Аз жаргалтай байх цаг хугцааг, хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг хугацааг, үр хүүхэдтэйгээ тоглож наадах цаг хугацааг, аав ээж ах эгч дүү нараа баярлуулах цаг хугацааг бид данаа хойшлуулж мөнгөний хойно тавьдаг. Мөнгө аз жаргалаас илүү үнэ цэнэтэй юм гэж үү? Хүссэн хэмээжий мөнгөтэй болж байгаад  дараа нь жаргана гэвэл таны нас чинь хүрэхгүй байж ч мэднэ шүү. Аз жаргалд цаг гаргаж бай.
Бид жаргах гэж ирсэн юм
Бид яах гэж энэ хорвоод ирсэн юм бэ? Жаргах гэж үү? Зовох гэж үү? Таныг анх олж байхад аав ээж чинь зовж байсан уу? Жаргаж байсан уу? Жаргаж байсан. Та хайран дундаас мэндэлсэн юм. Та зовох гэж биш жаргах гэж л ирсэн юм. Таны эд эс бүхнийг чинь хайраар бүтээсэн юм. Нэр чинь хүртэл жаргал бэлэгдсэн байдаг юм. Зовлонт, гунигт, өвчит гэдэг нэртэй хүн байдаггүй юм. Бүх аав ээж нар үр хүүхэддээ аз жаргалтай байлгахын төлөө л бүхнээ зориулдаг юм. Таны бие махбод эд эс чинь хүртэл таны сайн сайхны төлөө байнга тэмцэж байдаг юм. Таны зүрх чамайг жаргаасай гэж л өдөр шөнөгүй завсар чөлөөгүй цохилож байдаг юм. Уушги чинь таныг амьдар гэж байнга амьсгалж байдаг юм. Та зүрхээ зогсоож чадахгүй? Та амьсгалахгүй байж ч чадахгүй? Таны эрүүл мэндийн төлөө эд эсийн ширхэг бүхэн чинь таниас хамааралгүй тэмцэж байдаг юм. Танд хайртай бүх хүмүүс чамайг жаргаасай гэж л хүсдэг юм. Тэд таныг зовоосой гэж бодож байгаагүй юм. Бурхан байнга танд аз жаргалыг ерөөж байдаг юм. Бурхан хэнийг ч хараадаггүй юм. Зовлонгоо Бурхан руу битгий чих. Жаргал Бурханы биш таны гарт л байдаг юм. Та зовмоор байна уу? Жаргамаар байна уу? Өөрөө л шийд.
Агшин хором бүрээс аз жаргалыг мэдэр
Амьсгал авахдаа моддын чамд бэлэглэж байгаа амьдралыг хүлээн авч байна гэж бодон аз жаргалтайгаар уушгаа тэлтэл амьсгал. Бүх эд эсээ сэргэж байгааг мэдэр. Тэнгэр лүү хар. Нар луу ширт. Тэгээд модонд талархан амьсгалаа гарга. Алхахдаа толгой гудайн бүү сажил. Анхаарлаа хүүхдийн баяр хөөрлүү хандуулж өөрийгөө сэргээ. Өнгөрсний харуусал ирээдүйн горьдлогоо түр орхи. Яг одоод хэнд ч ямар ч асуудал байдаггүй юм. Тэгээд хэнээс ч ичэлгүй хүүхэд шиг дэгд. Ажил дээрээ хүнд ажил хийж өгч байгаа юм шиг цаг нөхцөөн ажлаа хийсэн болж бүү оромд. Чиний л амьдралын алтан хором урсаж байгааг ухаар. Тэгээд ажилдаа дурлаж уус, дүүлж нис. Гэртээ ирэхдээ байдаг л хэвийн амьдрал гэж бүү уйтгарла. Чиний л сонгосон амьдрал чиний л дотны хүмүүс. Тэдэнд баяр хөөр инээд бэлэглэ. Тэднээс аз жаргал хайрыг хүлээн ав. Агшин хором бүхнийг аз жаргалын мэдрэмжээр өнгөрөө. Зохиомлоор ч байсан үүнийг хий. Удахгүй үнэхээр бодитой болох болно. Галзуу хүн шиг харагдсан ч яадаг юм хий. Аз жаргалын шалтгаан хүлээн ухаантай царайлан дундуур явснаас юуг ч хүлээлгүй жүжиглээд ч хамаагүй аз жаргалтай дүүрэн яв. Сэтгэлээсээ л хийвэл бүх зүйл биелэлээ олдог юм.
Аз жаргал бол мэдрэмж юм
Мэдрэмж гэж юу вэ? Зургаан мэдэрхүйд мэдрэгдэж байгаа зүйлс. Таатай мэдрэмжийг нь бид аз жаргал гэдэг.  Таагүйг нь зовлон гэдэг.  Аз жаргалыг мэдрэх л боломжтой ойлгох боломжгүй.  Энэ бол бодитой туршлага юм. Мэдлэгээс мэдрэмж төрдөггүй.  Мэдрэмжээс л мэдлэг төрдөг.  Аз жаргалыг бүрэн судалж ойлгочихоод дараа нь жаргана гэвэл та ихэнх хугацаагаа аз жаргалгүй өнгөрөөсөн байх болно.  Харин та шууд мэдэрч эхэлсэнээр та өөрийн мэдлэгтэй туршлагатай болдог.  Үүнийг л жинхэнэ мэдлэг гэдэг.  Бусдын мэдэрсэн зүйлс таны хувьд мэдрэмж биш мэдлэг л байдаг. Таны мэдэрсэн зүйлс таны өөрийн чинь л мэдрэмж байдаг.  Та бусдад зааж өглөө гэхэд тэдгээр хүний хувьд мэдлэг л байдаг. Өөрөө мэдрээгүй хийж үзээгүй баахан мэдлэг цуглуулснаар та зүгээр хоосон мэдэмхийрэгч л болж хувирдаг. Одоо хүн төрөлхтөн мэдлэгийн биш мэдрэмжийн боловсрол руу орох цаг болсон. Мэдлэг туйлдаа хүрсэн. Аз жаргалтай байя гэвэл та мэдрэмжийг л чухалчил. Бидны хүсч буй аз жаргал бол таатай мэдрэмж юм, өөр юу ч биш. Мэдрэмжийг дагахдаа нэг зүйлийг л баримтал бусдыг бүү хохироож зовоо.
Мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой
Бид дандаа л ирээдүйд амьдардаг. Хүүхэд байхдаа хурдан том хүн болохыг хүснэ. Сурагч болоод хурдан оюутан болох юмсан гэж бодно. Оюутан болоод бушуухан төгсөөд ажилтай болох юмсан. Хайрттайгаа учрах юмсан, хөгширлөө. Хүүхэдтэй болох юмсан, оройтлоо. Эд хөрөнгөтэй болох юмсан. Ач зээтэй болох юмсан. Бид амьдралынхаа ихэнх хугацааг хүлээж өнгөрөөдөг. Юуг нь мэдэгдэхгүй ямар нэг ид шидийн ч юмуу нэг гайхалтай зүйл ирээдүйд болох юм шиг л хүлээгээд хамаг залуу насаа өнгөрөөдөг. Гэтэл таны амьдралын бүх үйл явдал яг одоод л болж өрнөдөг. Маргааш хэзээ ч ирдэггүй. Өчигдөр хэзээ ч ухрахгүй. Өнөөдөр биш. Цагийн дараа биш. 10 сек дараа биш бүр яг одоо л бүх зүйл болдог. Өнгөрсөн зүйлс өнгөрснийхөө одоод л болсон байдаг. Ирээдүйн зүйлс идээдүйнхээ одоод л болно. Мэдрэмжийг яг одоод л мэдрэх боломжтой. Аз жаргал бол мэдрэмж. Тэр мэдрэмжийг одоо л мэдрэх боломжтой юм бол бид яагаад хойшлуулаад одоогоос зугтаад байдаг юм бол. Хэрэв тийм бол одоогоос зугтана гэдэг аз жаргалаасаа зугтаж байгаатай агаар нэгэн бус уу.


Х.Баасансүрэн

                                               Эрдэнэзуу хийдийн Хамба лам

No comments: