Friday, October 17, 2014

Ангараг дээр суурьшсан анхны хүмүүс 68 хоногийн дараа үхэж эхэлнэ

МОСКВА. /RIA Novosti/. Холландын “Mars One” төслөөр Ангараг гарагт очих анхны шилжин суурьшигчид уг гарагт газардсанаасаа хойш 68 хоногийн дараа амьсгал хурааж эхэлнэ. Үүнийг Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгааны дүн харуулжээ. Эрдэмтдийн судалгааг Францын “LeMonde” сонинд нийтэлсэн байна.

Шилжин суурьшсан эхний хүн “ойролцоогоор 68 хоногийн дараа агаар дутагдаж, амьсгал нь боогдсоны улмаас үхэж эхэлнэ” гэж эрдэмтдийн явуулсан судалгааны тайланд дурдсан байна. Эрдэмтэд график болон математик томьёоллын тусламжтайгаар Ангараг руу нислэг үйлдэхэд зориулсан хүчилтөрөгч, хоол хүнс, технологийн нөөцөд дүн шинжилгээ хийжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар, шилжин суурьшигчдын хүнс болох ургамал нь хэт их хүчилтөрөгч ялгаруулах ажээ. Гэтэл агаар мандлыг тэнцвэржүүлэх технологи нь өдгөө “хангалттай хөгжөөгүй” байгаа юм.

Ангараг гарагт шилжин суурьших ажиллагаа амжилттай болно гэдэгт эрдэмтэд эргэлзэж байна. Учир нь өдрөөс өдөрт элдэв сэлбэг хэрэгслийн нөөц нийлүүлэлтээс улам бүр хамааралтай болж эхлэх ажээ. Нөөц нийлүүлэлтийг хамгийн өөдрөгөөр тооцоход 4,5 тэрбум доллар болох гэнэ.

“Mars One” нь Холландын иргэн Бас Лансдорпын санаачилсан хувийн төсөл юм. Тэрбээр 2024 он гэхэд Ангараг гараг руу анхны суурьшигчдыг илгээхээр төлөвлөжээ. Сайн дурын дөрвөн хүнээс бүрдэх баг долоон сар нислэг үйлдэж Ангарагт хүрэх аж.

Д.Жаргал

No comments: