Thursday, January 9, 2014

Англи хэлээр CV яаж бичих вэ?

Аливаа ажил албанд ороход, өргөдөл гаргаж маягт бөглөхөд байгууллага компаниуд хамгийн түрүүнд өөрийн чинь CV-г нэхдэг. Монголд төрийн албан хаагчийн маягт гээд бэлэн албан бланк бөглүүлдгийг санаж байна. CV түүнтэй төстэй, агуулгаараа ойролцоо хэдий ч яг сайн ярьвал маш нарийн хийгдэх ёстой албан баримт юм. Сүүлийн үед гадаад гэлтгүй монгол дахь албан байгууллага, компаниуд хүмүүсийг ажилд авахдаа CV-г англи хэл дээр шаарддаг болсон учир шинээр ажилд орох гэж буй шинэхэн төгсөгчид, ажлаа солих гэж байгаа хүмүүст зориулан Англи хэл дээр CV яаж бичих талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэе…

CV гэж ер нь юу юм бэ?
CV гэдэг нь “curriculum vitae” гэсэн үгний товчлол юм. Энэ үг анх латин хэлнээс гаралтай бөгөөд шууд үгчилбэл “амьдралын намтар” гэсэн утгатай юм байна.
      CV гэдэг чи өөрийгөө бусдад сурталчлах маркетингийн нэг хэрэгсэл юм. Аливаа нэг ажилд ороход тухайн компани байгууллагын аль нэг албан тушаалд чи хэр тохиромжтойг, мөн өөрийн туршлага, ололт амжилтаа маш товчхон харуулах боломжийг CV олгодог. Өөрөөр хэлбэл CV бол ерөөсөө л чиний боловсрол, ажлын туршлага, ур чадварын хураангуй баримт юм. Энэ баримтын зорилго бол чамайг дараагийн алхам болох ярилцлаганд уригдахад оршино.

CV-г анхлан бичихдээ нөгөө хүн чамтай анх удаа танилцаж байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй. Анхны сэтгэгдэл болгон маш чухал байдаг. Тиймээс үүнд ихээхэн ач холбогдол өгөх нь чухал. Чиний CV-г хараад л, хэдхэн хормын дотор чи хэр их анхаарал хандуулж, сэтгэл гаргаж бичсэн байна вэ, мөн ажил хайлтыг хэр чухалчилж байгаа вэ гэдгийг мэдэхэд амархан. Тиймээс CV чинь чамайг хэн болохыг 1-2 нүүрэнд тодорхойлно гэсэн үг. Ажилд авч байгаа хүний нөөцийнхөн бол CV-г үг бүрчлэн уншаад байдаггүй. Олон зуун материал нэг дор харах учраас тэд өнгөцхөн гүйлгэж л харна. Тэр мөчид чиний CV бэлтгэгдсэн байдал болон дотрох агуулгаараа “намайг үзээч” гэсэн үзэмжтэй, анхаарал татаж ялгарах ёстой.

CV-г өөрөөр англи хэл дээр “resume” гэж бас ярьдаг. Энэ хоёрын ялгаа нь агуулга болон хэмжээгээр л өөр байдаг. Resume гэдэг нь нэгээс хоёр хуудас, маш товч, өөрийн чинь тухай гол гол мэдээллийг агуулсан байдаг. Ерөнхийдөө холбоо барих мэдээлэл, боловсрол, ажил гэсэн хэсгүүдээс л бүрдэнэ. Зай багтаамж нь байвал үүн дээр нэмээд “Personal Information” (Хувийн Мэдээлэл), “Additional Skills” (Бусад Ур Чадварууд) гэх мэтчилэн нэмж болно.
            CV нь бол арай урт хэмжээний, илүү олон хэсэгтэй, хоёроос эхлээд хамгийн ихдээ 6 хуудас байж болно. Үүндээ хичээлийн судалгааны талаар дэлгэрэнгүй, авч байсан тэтгэлгүүд, эрхэлж байсан хэвлэлүүд зэргийн талаар арай дэлгэрэнгүй дурьдаж болно. Америкаас гадна зарим орнууд төрсөн он сар, хүйс, гэр бүлийн байдлаа бичсэн байдаг. Миний бодлоор энэ нэг их шаардлагагүй л санагддаг.

Тэгэхээр CV хэрэглэх үү, resume хэрэглэх үү гэж эргэлзэж магадгүй. Тэр бол 100% тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Чи ямар салбарын байгууллагад ажилд орох гэж байгаа, өөрийн чинь ажлын туршлага, болон газарзүйн байрлал гэх мэт олон зүйлийг харгалзаж түүндээ тохирсоныг нь хийнэ. Энэ талаар бүр нарийн зөвлөгөө байгаа боловч хэтэрхий дэлгэрүүлж бичмээргүй байна.

Үүнээс цааш би CV гээд явчихъя.

CV-г бичихдээ формат, агуулга, үзэмж гэсэн гурван зүйл дээр анхаарах ёстой. Чамайг ажилд авах гэж байгаа хүний урд зөвхөн чиний CV байгаа гэж эндүүрч болохгүй. Зуу зуун цаасан дунд чинийх бас адил нэгэн цааш болоод л хэвтэж байгаа. Тиймээс чи тэр дундаас өөрийнхийгөө ялгартал CV-гээ бичих ёстой гэдгийг дахин хэлье.

Агуулга

Агуулга нь чи тэр 1-2 нүүрэн дээр ямар мэдээлэл багтаах гэж байгааг хэлж байгаа юм. Үүнд өмнөх ямар ажлын туршлага, болон бусад мэдээллийг оруулах вэ гэдэгтээ эргэлзэж байвал хамгийн гол нь ажилд орох гэж байгаа байгууллагадаа нийцүүлэх хэрэгтэй гэдгийг сана. Тэгэхээр чи ганцхан төрлийн ажил хайгаагүй бол тухайн байгууллага бүрт тохирсон олон хувилбарын CV-тэй байна гэсэн үг.
CV нь өөрөө олон янз бичигддэг хэдий ч дараах үндсэн 3 мэдээлэл бол зайлшгүй байх ёстой гэж үздэг.

Contact Information (Холбоо барих мэдээлэл):
Зайлшгүй байх:
  • Нэр
  • Одоогийн холбоо барих мэдээлэл болох шуудангийн хаяг, утасны дугаар, имейл хаяг
Нэмэлтээр байж болох:
  • Иргэншил
  • Түр болон байнгын оршин суудаг хаяг
Education (Боловсрол)
Зайлшгүй байх:
  •  Магистрын болон баклаврын боловсрол
  • Авсан зэрэг, хөтөлбөрийн нарийвчлал, судалгааны сэдэв, авч байсан тэтгэлэг, эхэлж дууссан (төгсөөгүй бол дуусах) хугацаа
  • Голч оноо буюу GPA (гэхдээ энэ нь санхүү болон консалтын чиглэлээр ажиллах хүсэлтэй хүмүүст нарийн хардаг бололтой. Ерөнхийдөө ажлын байрны шаардлагаас л хамаарна)
Нэмэлтээр байж болох:
  • Хамрагдаж байсан тусгай сургалт, хөтөлбөрүүд, түүнээс авч байсан сертификат
  • Сургуулийнхаа аль нэг бүлэг, байгууллагад лидершип алба хашиж байсан эсэх
  • Гадаадад сурч байсан эсэх
Experience (Ажлын туршлага)
Зайлшгүй байх:
  • Өмнө нь эрхэлж байсан ажлууд
  • Орох гэж буй ажилтай чинь хамаатай цагийн ажлууд
  • Орох гэж буй ажилтай чинь хамаатай байж болох дадлагын ажлууд
  • Дээрх ажиллаж байсан байгууллагуудын нэр, ажиллаж байсан хугацаа, байршил, ажлын томилгоо болон түүний салбар
  • Тухайн үүрэг бүрт оногдож байсан хариуцлага, түүндээ гаргасан амжилт
Нэмэлтээр байж болох:
  • Хамааралтай хийж байсан сайн дурын ажил
Нэмэлтээр байж болох мэдээлэлийг товч тайлбарлавал:
  • Languages (гадаад хэл мэддэг бол түүнийг хэр хэмжээнд мэддэг гэдгээ. Үүнийг илэрхийлэхдээ native, fluent, proficient, working knowledge гэж товч хэлж болно)
  • Personal (хувийн мэдээлэл-Үүнд иргэншил, болон ажлын зөвшөөрөл, гадаадад ажилласан байсан эсэх)
  • Activities (янз бүрийн лидершип арга хэмжээнд оролцсон, хувь нэмэр оруулсан, ажлыг гардаж хийсэн талаар)
  • Publications (ном хэвлэл эрхэлж гаргаж байсан бол түүнийхээ талаар)
  • Presentations (олон улсын том хурал, чуулганд илтгэл тавьж байсан эсэх)
  • Honors or awards (өрсөлдөөнт тэтгэлэг, шагнал авч байсан эсэх)
  • Community involvement or volunteer positions  (Нийгмийн сайн дурын ажилд оролцож байсан эсэх)
  • Professional activities (мэргэжлийн байгууллага, зөвлөл холбоодын гишүүн бол түүнийгээ)
  • Teaching experience (Багшийн ажилд өрсөлдөж байгаа бол ямар сэдэв, ямар оюутнуудад, хэдий хугацаанд зааж байсан)
  • Research experience (их сургууль, судалгааны ажилд өрсөлдөж байгаа бол өөрийн хийж байсан судалгаа, судалгааны сэдэв, арга барил, судалгаа чинь хэвлэгдсэн бол түүнийхээ талаар)
  • References (чиний талаар асууж холбоо барьж болох 3-5 хүний нэр, холбоо барих имейл жагсаана. Энэ нь ихэвчлэн хамгийн сүүлд ордог эсвэл оруулахгүйгээр хасаад “References provided upon request” гээд орхиж болно)
  • Англи хэл дээр CV бичихийн тулд мэдээж дээд зэргийн мэргэжлийн үг хэллэг байх ёстой. Жишээлбэл чи судалгаа хийсэн бол “I did research on XYZ” гэхгүй “I conducted research on XYZ”. Тиймээс тухайн ажлаа нарийвчлан тайлбарлахын тулд дараах үйл үгнүүдээс тохируулан сонгож болно. Утгыг нь ойлгохгүй бол тольноос харж байгаад оновчтойг нь сонгоорой.


ФОРМАТ:
Формат гэдэг нь чи мэдээлийнхээ дэс дарааг 2 нүүрэн дээр яаж байрлуулж тавихыг хэлж байгаа юм. Чи үүнийг хэрхэн байрлуулснаас чиний уншигчийн авах мэдээлэл их хамаатай. Форматыг үндсэн гурван төрөлд ангилж болно:
  • Chronological буюу чи боловсрол, ажлын туршлагаа цаг хугацааны хувьд хамгийн сүүлээс нь түрүүлж бичнэ. (Энэ формат хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гүйлгэж харахад амар, цэгцтэй байдаг учраас)
  • Функционал буюу чиний ур чадварын давуу талуудыг түрүүлж харуулдаг. Цаг хугацаа нь дээр доор ордог тул энэ баргийн нөхцөлд тохиромжтой биш. Онцгой үед хэрэглэж болох.
  • Дээрх хоёр форматын холимог.
Форматаа сонгосны дараа мэдээлэлээ цэгцтэй бичих хэрэгтэй. Үүнд анхаарах зүйлс:
·      Чамтай холбоо барих мэдээлэл чинь бусад бүх мэдээллээс илт ялгарч, олоход хялбар байх ёстой.
·      CV доторх хэсгүүдийнхээ гарчгийг тод ялгарахаар тавих хэрэгтэй. Мөн гарчиг дотроо түүндээ хамааралтай л мэдээллийг бич. Жишээ нь “Education” гэчихээд ажлынхаа талаар бичээд байж болохгүй.
·      Ажиллаж сурч байсан хугацааг ажлын тайлбарынхаа баруун талд тавих нь тохиромжтой харагддаг бөгөөд он сар өдөртэй нь тийм дэлгэрэнгүй бичих шаардлагагүй. Гэхдээ нэг жилд 2-3 ажил сольсон бол сартай нь тавих нь зүйтэй. Мөн гадаадад ажиллаж, сурсан бол түүнийгээ аль улсын ямар хот гэдгийг тавих нь чухал. Нэн ялангуяа олон улсын байгууллагад ажиллахыг сонирхож байгаа бол.
·      Бүхий л тайлбар бичихдээ байж болох хамгийн товч, цэгцтэй хувилбарыг сонго. Үүнийгээ жагсаахдаа bullet points буюу чирээс хэрэглэвэл илүү цэвэрхэн харагддаг.
·      Бичвэрийнхээ хэв маягийг бүхэл CV-нийхээ турш нэгэн төрлийн байлга. Жишээ нь боловсролын хэсэг дээр он сарыг баруун талд бичсэн бол ажлын хэсгийг ч мөн адил.
·      Үг, үсэг дүрмийн алдаан дээр маш нарийн анхаар. 100% компьютерийн алдаа засагчид найдаж болохгүй. Өөрөө шалгачихаад, өөр бас нэг хүнээр үг үсгийн алдааг нь хянуул. Чиний CV-г барьж аваад харахад аль нэг үгийг буруу бичсэн байхад л чиний хариуцлагагүй болох чинь харагдаж, тухайн хүн цааш унших сонирхол буурна. Муугаар бодвол шууд авч шидээд дараагийн CV-г харна.
ҮЗЭМЖ
CV чинь гүйлгээд харахад л бүх мэдээлэл нь цэгцтэй, дэс дараатай байх ёстой. Ингэхийн тулд чи


  • Bullets
 Тодоор бичих
Доогуур нь зурах
Үсгээ Томосгож Багасгах
ҮГИЙГ ТОМООР БИЧИХ
Ташуу бичих
Гэх зэрэг бичгийн аргуудаас өөрт тохиромжтойг сонгож хэрэглээрэй. Гэхдээ хэрэглэж байна гээд хэтэрхий олон юм холилдуулж эрээн мяраан юм болгох нь бас тохиромжгүй.
Үзэмжийн хувьд дараах зүйлсийг мэдсэн байхад илүүдэхгүй:


  • Нэгээс илүү нүүртэй бол хуудсаа дугаарлах
  • Цагаан, эсвэл цайвар цагаан цаас хэрэглэ. Саарал, дахин боловсруулсан цаас дэмий
  • Цаасны захаас 1.2-2.5 см эргэн тойрон зайтай байлга
  • 10-12 хэмжээстэй үсгээр бич (font)
  • Аль болох түгээмэл хэрэглэгддэг фонт ашигла (Arial, Times New Roman)
Түгээмэл асуугддаг асуултууд:

Ø  Би CV-гээ хэдэн хуудас бичих вэ?
- Ерөнхийдөө таван жилээс доош хугацаанд ажилласан туршлагатай хүмүүс цэгцтэй нэг нүүр resume бичиж чадах ёстой. Үүнээс олон жилийн туршлагатай хүн хоёр нүүр болон нэмэлт мэдээлэлтэй CV бичиж болно. Мөн CV-ны хэмжээ салбар салбарын байгууллагуудаас шалтгаалж өөр өөр байдаг тал бий.

Ø  Төрсөн он, сар, өдөр, гэр бүлийн байдал, хүүхдийн тооны талаар мэдээлэл нэмэх хэрэгтэй юу? Зургаа хавсаргах уу?

- Ажилд орох гэж байгаа байгууллага компани чинь Америк бол эдгээр мэдээлэл аль нь ч хэрэггүй. Америкийн хуулиар ажлын байранд шаардагдахгүй хувийн мэдээллийг албан байгууллагууд нэхэх эрхгүй байдаг. Мөн өөрийн зургийг нэмэх хэрэггүй.

Ø  Улс төрийн холбоотой ажлын талаар оруулах хэрэгтэй юу?
- Үүнд хариулахын тулд эхлээд “энэ мэдээлэл үнэхээр хэрэгтэй юу?” гэдгийг өөрөөсөө асуу. Уншигчид чинь энэ мэдээлэл хамааралтай бол нэмэх нь зүйтэй.

Ø  Хэзээнээс эхэлж мэдээллийг оруулах хэрэгтэй вэ?
- Ерөнхийдөө баклаврын зэрэг авснаас хойших бүх мэргэжлийн ажлын байрыг хамруулдаг. Гэхдээ их удаан хугацааны туршлагатай хүмүүс сүүлийн үеийн ажлыг дэлгэрэнгүй бичээд дээр үеийнхээ ажлын талаар товч дурьдаж болно.

Ø  CV-г имейлдээр явуулж болох уу?

- Өнөө цагт CV-г имейлээр авах болон онлайн цуглуулдаг цахим хувилбарууд бий. Тиймэрхүү юманд өгөхдөө анхнаас нь зааврын дагуу хийх нь зүйтэй. Монголчууд ихэвчлэн Microsoft Word програм дээр л ажиллаж чаддаг. CV-гээ явуулахдаа PDF формат руу оруулж явуулах нь илүү тохиромжтой. Ингэснээр өөр хүн мэдээллийг чинь өөрчлөх боломжгүй, фонт танигдахгүй гэх мэт олон асуудлаас таныг аварна.

Ингээд дараах жишээ загваруудаас харж санаа авахын зэрэгцээ өөртөө тохирсон хувилбаруудыг ашиглаж болно. Эдгээр загваруудыг өөрийн Fletcher Сургуулийн “Professional Development Program” хөтөлбөр болон Харвард Кенниди Сургуулийн Office of Career Advancement-ээс гаргасан гарын авлага, материалаас авсан болно.

1) Хуучин CV-ны хувилбар

Шинээр зассан хувилбар

2) Цаг хугацаагаар нь дэс дарааллан байрлуулсан загвар

3) Арваас дээш жилийн ажлын туршлагатай хүний CV загвар
   

4) Урт хэмжээний CV












5)

6)



7) 




8)




Илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол дараах хуудсуудаар ороод үзээрэй:

•   http://career-advice.monster.com/resumescover-letters/resume-writing-tips/jobs.aspx
•   http://www.rockportinstitute.com/resumes.html
•   http://www.jobweb.com/resumes.aspx?folderid=142
•   http://jobstar.org/tools/resume/index.php
•   http://careerplanning.about.com/od/resumewriting/Resume_Writing.html
•   http://www.cvtips.com/

Эх сурвалж:http://www.khongi.com/2014/01/cv.html

No comments: