Saturday, December 10, 2011

ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛА

  Үүргээ хатуу ухамсарлах явдал зан араншингийн титэм байдаг гэж нэгэн нийтлэлч онож хэлжээ. Үүрэг хариуцлагаа үнэн голоосоо ухамсарлана гэдэг үнэхээр бахдам, үнэ цэнэтэй зүйл. Үүргээ хатуу ухамсарлах нь хүний дайтай хүн явахын нэг утга учир мөн. Үр хүүхэд нь эцэг эхийнхээ, эцэг эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ гүйцэд ухамсарлах нь эх үрсийн элбэрлийг сахих гол нөхцөл. Хүн бүр төрөл садан, түмэн олон, төр улсынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцсан хариуцлагаа дээд зэргээр ухамсарлаж, гүн
гүнзгий ухаарсан байх ёстой. Ажил албаныхаа үүрэг хариуцлагыг хатуу чанд ухамсарлах нь амжилт ололт, бүтээлч үйлсийнх нь эхлэл. “Үүрэг! Энэ бол товойсон, аугаа их үг. Энэ бол чухамхүү хүнийг өөрийг нь товойлгодог тэр аугаа их зүйл мөн”. Бүх үүрэг хариуцлагын дотроос эх эцгийнхээ өмнө хүлээх үүрэг онцгой. “Хэрэв хүн эх, эцгийнхээ өмнө өөрийн үүргийг биелүүлэхгүй бол, тэр юу ч хийсэн бай, түүний үйл хэрэг бүр хамгаас гайхамшигтай ч бай, ямар ч үнэ цэнэгүй болно”.
Хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болдог, за гэвэл ёогүй хариуцлагатай хүн ямар ч үед итгэл дааж, яв цав найдаж болох эрхэм хүн. Хариуцлагатай хүн ажил төрлөө нүд дүүрэн хийсэн шиг хийх нь урамтай, хүлээсэн үүргээ нүүр бардам хариуцсан шиг хариуцах нь бахархалтай. Хариуцлагатай хүн хаана ч байсан шигшигдэн товойж, шагшигдан үнэлэгдэх хамгаас үнэт эрдэнэс лугаа адил. Хариуцлагатай хүмүүс гар бие оролцсон бүх зүйлдээ сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг учир үр дүн нь бусдаас ялгаран онцгойрч харагдана. Тэд муухай зүйлийг сайхан болгож, бүтээгүйг бүтээж, боломжгүйг цогцлоож чадах суутнууд. “Аугаа их хүмүүс юуг ч дутуу хийдэггүй” юм. Хариуцлагатай хүмүүс туйлын нягт нямбай, цагийн үнэ цэнийг бусдаас давуу мэддэг, соргог мэдрэмж, өндөр чадавхитай, хэрсүү хашир, өөртөө дэндүү итгэлтэй. Хариуцсан ажлаа цаг хугацаанд нь бүрэн гүйцэд, төгс төгөлдөр дуусгаж байж санаа амарч, сэтгэл тэнийх нь хариуцлагатай хүмүүсийн нийтлэг шинж. Худгийн үнэ цэнийг ус нь шавхагдаж дууссан хойно л мэднэ гэдэг. Маш хариуцлагатай хүний суудалд нэн хариуцлагагүй этгээд орлон суусан нөхцөлд хариуцлагатай тэр эрхэм хүнийг аргагүй санагалзан, ариглан үгүйлэх нь гарцаагүй. Хариуцлагатай хүн бол сул дорой нэгэн биш, “Эр зоригийн хүчээр аюмшигтай цагт гайхамшигтай үйлсийг бүтээдэг” эр зоригтон. “Зориг хэмээх үгэнд хамгийн гүн утга багтаж байгаа юм. Хэрэв амьдралын огцом эргэлт, хорвоогийн энхэл донхол дээр эр зориг л дутах юм бол чи шарилж ургасан нүхэнд шууд унах болно”. Дээд зэргийн хариуцлагатай байх шилдэг сайн шинж чанарыг өөртөө төлөвшүүлж байж л дээд зэргийн амжилтад хүрдэг гэдгийг залуу хүн бүр ухаан бодолдоо тод сийлж, бат суулгаж авах хэрэгтэй.

Үүрэг хариуцлагаа умартана гэдэг үнээрээ гутамшиг, үзэшгүй булай явдал. Үүрэг хариуцлагаа огтоос ухамсарлаагүй буюу, ор тас умартсан хүн салхи хааш үлээнэ вэ тэр зүгт хэлбэр дүрсээ өөрчлөн хөвж явдаг хэсэг бусаг хөвөн үүлтэй л адил. Хариуцлагагүй хүмүүс ямар ч ажлыг хайш яйш, нүд хуурч, цаг нөхцөөн оромдоно уу гэхээс сэтгэл зүрхээ зориулан хийнэ гэж санасны гарз. Сэтгэлгүйн гараар орсон бүхэн хариуцлагагүйн замаар урсан одно. Хариуцлагагүй хүмүүс үнэхээр гол гонсойм гомдмоор. Итгэж даатгаад захиж үлдээсэн ажлыг эвлүүлж цэгцлэх нь бүү хэл, эвдэлж сүйтгээд хаях нь энүүхэнд. Хариуцлагагүй хүнд ажил даатгаад орхих нь цоорхой саванд ус хийж орхихтой адил. Тэд хөрөнгө мөнгөний ч дайсан, хүрэх амжилтын ч дайсан. Хариуцлагагүйчүүдийн дутуу дулимаг үйлдлийг нөхөн гүйцээх гэж үйлээ үзэж байснаас хариуцлагатай хүнээр цоо шинээр хийлгэх нь хавьгүй амар. Хариуцлагагүй, дээр нь бүтэлгүй хүн бүр ч хэцүү. Хариуцлагагүй үйлдлээ хаацайлан өмөөрч, зөрөн гөжүүдлэх нь уур хүрч, уушиг сагсайм. Хариуцлагагүйгээсээ болоод бүтэх ажлыг нураачихсан мөртлөө юу ч болоогүй мэт хэнэггүй донгио царайлан хэгжүүрхэх нь дотор бачуурам. Хариуцлагагүй хүмүүсийн тарих хор уршиг даанч харамсмаар их. Хариуцлагагүй этгээд гялалзсан амжилтанд хүрсэн байхыг олж үзэх нь өдрийн од, шөнийн солонго олж үзэхтэй эгээ адил. Хариуцлагагүйчүүдэд хамгийн ихээр дутагддаг зүйл нь сэтгэл. Зүрх сэтгэл дутаж оромдсон үйлдэл бүхэн хариуцлагагүйн занганд өөрөө явж орно. Идэхдээ ухасхийх, хийхдээ гэдэсхийх залхуу хүмүүс ёс юм шиг хариуцлагагүй. Залхуучууд гаднаа түлээгүй, гандаа усгүй, ажил амьдралдаа хариуцлагагүй. Мэлхий хэчнээн дэвхэрлээ ч намгаасаа холдохгүй. Хариуцлагагүй хүн мэлхийтэй төстэй. Ямар нэг зүйлийг үлгэн салган хийгээд, хөдлөөд байгаа хэрнээ үр дүн нь үзэгдэхгүй, ахиц дэвшилгүй. Нэг бол дутуу дулимаг, үгүй бол чанаргүй гологдол. Юуг, яаж хийхээ огт бодолгүй хам хум оромдох нь дээд зэргийн хариуцлагагүй үйлдэл. Толгойгоор дутуу бодсон зүйлийг түрийвчээр гүйцээх нь тодорхой. Хариуцлагагүй хүмүүсийн цаг нартай уралдах, цагийн юмыг цагт нь хийх, бага цагт ихийг амжуулах цагийн сахилга, хугацааны мэдрэмж тун сул. Аажуу залхуу, анзаарган хариуцлагагүй хүн амжилт ололтоос ч, ахиц дэвшлээс ч байнга хоцордог.
Хариуцлага суларвал ажил суларна. Ажил суларвал амжилт холдоно. Хариуцлага тооцох хүнгүй, хариуцлага хүлээх эзэнгүй болсон аль ч газарт өсөх өөдлөх горьдлого тасарч, уруудан доройтох зам руу хальтран гулсан шуудрана. Хариуцлагагүйн зуд нүүрлэсэн газар оронд бүх зүйл зуун задгай, жаран хагархай гэдэг шиг журам цэгцгүй, эмх замбараагүй. Хариуцлагагүйн зуд байгалийн цас зуднаас илүү хортой, давсан хохиролтой. Буруу зөрүү үйлдэл, булай бусармаг үйлээрээ харилцан бие биенээ нээнтэглэсэн хүмүүсийн орогнон байгаа орон зайд хариуцлагын тогтолцоо эрч нь харьсан дээс адил шалдаа буун суларна. Хариуцлагын тогтолцоо үгүй болвол сайн бүхэн хулжин холдож, муу бүхэн бугшин үүрлэнэ.

Хариуцлагагүй байна гэдэг нь заяамал биш, олдмол шинж. Тиймээс түүнийг засч залруулах бүрэн боломжтой. Хариуцлагагүйн усгүй элсэн цөлийг ундаасч харангадалгүй туулах хүч чадал хүн бүрт өөрт нь заяасан байгаа. Юуны урьд хариуцлагагүй байна гэдгээ биеэ өмөөрөлгүй, үг дуугүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хариуцлагагүй байдлаа өөрөө засах, хүний зэрэгтэй хүн явах сэтгэл итгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулах шаардлагатай. Чамд юу дутлаа гэж хэн нэгэнд хариуцлагагүйгээрээ цоллуулж, бусдын амны зугаа болж, муугаа дуудуулж, муухайгаа үзүүлж явах ёстой юм бэ? Хүнд нэр байна, хор байна. Дутуугаа гүйцээж, шинээр эхэл. Чи зайлшгүй чадна. Хариуцлагажина. Хариуцлага алдсан үйлдэл бүхнээ тунгаан бодож, өөрийгөө голж, өөртөө шүүмжлэлтэй хандан, зан араншингийнхаа сайн бүхнээ бататган, муу бүгдийг багасгаж чадвал хариуцлагагүйн элсэн цөл дэх авралын баян бүрдтэй баяр хөөр дүүрэн учрах болно. Аливаа зүйлийг дутуу дулимаг хийх буюу хийх ёстойгоо хийлгүй хариуцлага алдах нь мэдээж сайн зүйл биш. Юу ч хийхгүй сууна гэдэг адаг муу, бүр аюул. “Юу ч хийхгүй суугаа хүн муу юм л хийхэд хүрдэг”-ийг мэд. Гар хумхин зүгээр суусаар хариуцлагаа дээшлүүлнэ гэж өөрийгөө битгий хуураарай. Улам шаргуу ажиллаж, уйгагүй хичээн хөдөлмөрлөж байж хариуцлагажина. “Гунигаа мартах цорын ганц арга бол ажил юм. Уйтгарлан шаналахгүйн тулд ажилла. Гутранги хоосноос ангижруулах зүйл ажлаас өөр үгүй. Амжилт олсон бол улам их ажилла. “Толгой эргэхээс” сэргийлэх түүнээс сайн эм үгүй” хэмээн нэгэн яруу найрагчийн бичиж үлдээсэн хэрэгтэй үгийг дамжуулъя.
Хэн нэгэн үүрэг хариуцлага хүлээсэн л бол түүнийгээ үүрч даах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний ажил албаны үүрэг төдийгүй ёс суртахууны үүрэг. Хариуцлагаас сугарч зайлах, зугатаж бултах нь ёс суртахуунгүй хэрэг. Дэлхийн нэгэн том хотын даргын ширээн дээр “Би хариуцлага хүлээнэ” гэсэн бичээс нүднийх нь өмнө байнга тавиастай байдаг байжээ. Олон сая хүний өмнө хүлээх хариуцлагаа ийнхүү өдөр бүр өөртөө сануулж, мөч хором тутам ухаарч байсан нь үлэмж бахадмаар.
Ажил төрлөө ид бахтай удирддаг, хариуцлагаа гүн гүнзгий ухамсарласан хүн эх орноо агуу их болгохын төлөө зүтгэгч гарамгай хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Ийм ховорхон хүмүүсээрээ зон олон нь гойд бахархаж, хүндэтгэн дээдэлж байдаг билээ. Үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэд ухамсарлах эрүүл бодолтой байцгаая

Эх сурвалж:http://bagabandi.niitlelch.mn

No comments: