Бид өрөө тасалгаандаа цэцэг тарихдаа юун түрүүнд өнгө үзэмжийг нь чухалчилж, эрүүл мэндэд ач тустай эсэхийг нь тэр бүр бодолцдоггүй.
Тэдгээрийн ихэнх нь өрөө тасалгаанд өнгө үзэмж нэмэхийн хажуугаар бичил уур амьсгалд эерэгээр нөлөөлж, агаарыг тоос шороо, хортой бодисоос цэвэрлэж, өвчин үүсгэгч нян бактерийг устгаж, мэдрэлийг тайвшруулж, сэтгэл санааг сэргээж, дархлааг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.
Гэхдээ аливаа юм хэтрэхээрээ хор болдог болохоор агаарыг цэвэр сайхан болгож байгаа хэдий ч өрөөнийхөө бүх орон зайг ургамлаар дүүргэчихвэл тав тухтай байх нь юу л бол, ялангуяа цонхныхоо тавцан дээр хэтэрхий өндөр цэцэг олныг тарьчихвал гэр чинь гэрэл гэгээгүй уйтгартай дүнсгэр болж мэдэх юм.
Түүнээс гадна эдгээр ургамал нь агаарыг хортой бодисоос цэвэрлэдэг гэдэг утгаараа навч, иш, шүүсэнд нь арьс салстаа хүргэснээс харшил авах, арьсыг гэмтээх аюултай. Ялангуяа бага насны хүүхэд болон гэрийн тэжээвэр нохой муурнаас хол байлгах нь зүйтэй. Цэцгээ арчилж тордохдоо заавал бээлий өмсөж, дараа нь гараа сайтар савандаж угааж байх хэрэгтэй.
Зураг #1 Хүмүүсийн гэртээ тарих дуртай Тарлан цэцэг /герань/- л гэхэд нян, бактери устгагч бодисуудыг агуулдгаас гадна нойргүйдлийг арилгаж, өвлийн улиралд болон бүрхэг өдрүүдэд сэтгэл санааг сэргээн, стресс, бухимдлаас хамгаалж, алжаал ядаргааг тайлж, тайвшруулдаг байна.
Зураг #2 Цонхон дээрээ нимбэгний мод тарьж ургуулснаар зөвхөн жимсийг нь амтлаад зогсохгүй гэнэ. Түүний навчны агаарт ялгаруулдаг хэдэн арван дэгдэмхий нэгдлүүд нь хүний бие организмд сайнаар нөлөөлдөг, ийм агаарт нян үржиж чаддаггүй байна. Ширээн дэрээ таллаж зүссэн нимбэг тавих төдийд хичнээн ядарсан хүн ч эрч хүчээр дүүрэн болж сэргэхийг мэдрэх болно. Өөрийн гараар тарьж ургуулсан нимбэгний амт үнэрийг худалдаж авсан нимбэгнийхтэй яаж зүйрлэхэв. Японы эмч нар нимбэгний үнэр нь харааг хурцалдаг тул компьютерийн ард удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс тасалгаандаа нимбэгний мод тарьж ургуулахыг зөвлөдөг байна.
Зураг #3 Гаа хэдийгээр тасалгааны ургамал биш ч хэрвээ гэртээ тарьж ургуулвал ядаргаа, бухимдлыг тайлж, оюуны ачааллын үед анхаарлаа төвлөрүүлэхэд тусладаг болохоор ялангуяа компьютер дээр их ажилладаг хүмүүсийн хувьд маш ач тустай ургамал юм. Гааны сэнгэнэсэн үнэр нь тайвшруулж, уур бухимдлыг арилгаж, толгойны өвдөлтийг багасгаж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг.
Зураг #4 Агаарт байгаа стрептококк болон өвчин үүсгэгч олон бактериудыг устгадагаараа өрөө тасалгаандаа арц тарьж ургуулахын ач холбогдол их. Гэхдээ арц нь хэт халуун, хуурай агаарт таагүй тул аль болох чийглэг, сэрүүн хэсэгтээ байрлуулах нь зөв.
Зураг #5 Ялангуяа өвлийн улиралд ихэнх байранд хүмүүсийн амьсгалах, ярих, ханиаж найтаах үед өвчин үүсгэгч бичил биетнүүд /савхан хэлбэрт болон спор агуулагч бактериуд, стафилококк, стрептококк г.м/ агаарт ихээр хуримтлагддаг. Эдгээрээс агаарыг цэвэрлэхэд хлорофитумыг зууннасттай хослуулан тарих нь зүйтэй. Тэрнээс гадна зууннаст нь нийлэг гадаргуутай шалны дэвсгэр болон мебель тавилгаас ялгарах хорыг саармагжуулдаг, энэ нь шөнийн цагт бүр ч идэвхждэг тул унтлаганы өрөөнд тарьж ургуулвал зүгээр гэнэ.
Зураг #6 Филодендронууд ч гэсэн формальдегидуудын 70 гаруй хувийг шингээх чадвартай бөгөөд хлорофитум түүнээс ч илүү буюу ганц хоногийн дотор агаарт байгаа хортой бодисуудын 80 %-ийг бууруулж чадна. Энэ цэцгийг суулгасан вааранд идэвхжүүлсэн нүүрс хийх аваас өрөөн дэх агаар бараг л 100 хувь хортой бодисуудаас цэвэрлэгдэх болно.
Зураг #7 Удвал цэцэг гоёмсгоос гадна биеийн тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалж, мэдрэлийн системийг тайвшруулан, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг.
No comments:
Post a Comment