Wednesday, March 18, 2015

Уран зохиолын хичээл хэрэгтэй юу?

Уран зохиолын хичээл хэрэгтэй юү, хэрэггүй юу, монгол хэлний хичээлтэй нийлүүлсэн нь зөв байсан уу, буруу байсан уу гэхчилэн бидний хэдэн хүн телевизийн дурангийн өмнө ярилцлаа. Тэнд хэлж чадаагүй олон зүйл, өмнө нь сэтгэл эмзэглэн бодож явсан, дараа нь урам хугаран бодсон тэр бүхнээ олон түмний сонорт хүргэхээр шийдэн ийн бичиж байна. Миний бие дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиол гэгчтэй хувь заяа холбоод хэдэн жил болж байгаагийнх энэ талаар судалж үзсэн, бодож эргэцүүлсэн юм бишгүй их бий. Юутай ч ажил хийсэн хүн хэлэх үгтэй болдог юм байна.
 
Нийгэм солигдоод хорь гаруй жил боллоо. Урьд сайн гэдэг байсан олон зүйлээ одоо муу гэх болов. Олон зүйл дээр доороо орон бужигнасан. Одоо ч бужигнаж л байна. Гэхдээ эхний хэдэн жилийнх шиг хоол ундны төлөө биш, эд баялаг, тансаг хэрэглээний төлөө бужигнаж байгааг бодоход нийгэм маань өөдлөөд дэвжээд байгаа ч юм шиг. Хувийн эд хөрөнгө, сууц байр, хэрэглээний хувьд яах аргагүй ардчилагч ах нарын буянд сайжирчээ. Гэхдээ л... Олон үйлдэлтэй гар утас, компьютер хэрэглэснээр бид хөгжиж байна уу? Хөгжил дэвшил гэгч чухам юу вэ? Гадаад хэрэглээ юү, дотоод ухамсар уу? Монгол орон хаашаа явна вэ? Хэн түүнийг залж удирдана вэ?
 
Би 1987 оны дунд сургуулиа төгсөөд Орост сурахаар очихдоо оросоор хичээлээ тэмдэглээд авчих хэмжээний болчихсон байж билээ. Одоо дээд сургууль төгссөн залуус төрөлх монгол хэлээрээ зөв найруулгатай, алдаагүй бичиж чадахгүй байна гэх шүүмж захын хүний амнаас сонстоно. Ямартай ч бид боловсролын хувьд хэдэн алхам ухарчээ.
 
Олон юм нуршилгүй гол сэдэвтээ оръё. Өнгөрсөн жил миний бие сурах бичиг зохиодог нэг эрхэмтэй тааралдсан. Хэдэн арван хүүхдийн зохиол орчуулж байгаагийн хувьд уран зохиолын хөтөлбөрийн талаар, ямар судалгаа шинжилгээн дээр үндэслэдэг, өнөө яриад байдаг Кембридж гэгчийнх нь талаар баахан шалгаалаа. Гэтэл манай хүнд ямар ч судалгаа байгаа шинж алга. Бүр мэргэжлийн хүний хувьд аль нэг сайт ч (мэдээж манай сайтууд биш л дээ) ашигладаггүй юм шиг санагдаад явчихлаа. Миний асуултад ээрэгдэж самгардсан сайхь нөхөр эцэст нь арайхийж дээрээс чиг заавар өгдөг гэсэн шүү аятай юм хэлэв.
 
Эндээс л надад хар төрсөн юм. Улс эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа сэхээтний хувьд би ингэж хардах эрхтэй. Гадныхны хувьд гол сонирхол бол эрх чөлөө, ардчилал гэсэн сайхан нэрээр манай залуу үеийнхний тархийг базах! Бидэнд өөрийн гэсэн үнэт зүйл үлдээхгүйгээр тэд бүхнийг өмчлөн авч байна. Америк маягаар төрсөн өдрөө тэмдэглэж, Валентиний баяр, Сүнсний баяр тэмдэглэж, инээх уйлах маань ч гадныхантай адилхан болж, хөвгүүд охид маань Солонгосын хуулбар боллоо. Гараа бүр цаашаа, лавхан шургуулж байгаа нь алтны орд биш, боловсролын салбар.
Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ гэж!
 
Олон нийтийн санал асуулгаар унших номын жагсаалт гаргаснаа яамны түшмэл сайрхан ярьж сууна. Эд үнэхээр ийм толгой муутай юм уу, эсвэл үнэхээр харийнхны гараар хөдөлдөг юм уу? Хэн манай боловсролын бодлогыг барина вэ? Дээрээс чиг зааварчилгаа өгдөг этгээд хэн бэ? Өөр хийх ажил ер байдаггүй, “Салаавч” гэх зэрэг үг шалгаруулан цаг нөгцөөж суудаг манай эрдэмтэд үү? “Манай Боловсролын яам үгтэй л ажиллана” (Үгтэй ажиллана гэж юу гэсэн үг вэ? Та ямар нэгэн юм ойлгов уу, хуудуугүй дамжуулж байгаа миний бие юу ч ойлгоогүй билээ) гэж муйхарлан зүтгэж байгаа яамны түшмэл үү?
 
Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ гэж... Хэн нэгэн бидний сэтгэлийг хураах гэж асар их эрмэлздэг юм биш байгаа! Кембридж гэдэг үг зүгээр л тэнүүчилж яваад манай мунхаг сайд нарын толгойд орчихоогүй юм биш биз! Баялгийн хараал гэж бид хангалттай их ярьдаг. Ийм уудам нутаг, ийм их баялаг, ийм цөөхөн хүн ам... Дээрээс нь өнөө цөөхөн монголчууд ямар ч боловсролгүй тэнэг, улам их тэнэг л байвал болох нь тэр...
 
 Ардчилал, даяарчлал нэрийн дор гадны ийм их хүсэл шургалан орж ирж байгааг, манай ардчилагч ах нар алгаа ташин хүлээж авч байгааг үгүйсгэх аргагүй. Тэр дундаа манай боловсролын салбарт барьж буй бодлого алхам тутамдаа үүнийг батлах мэт. Хоёр засгийн боловсролын сайдтай (ардчилагч, ардчилагч биш ялгаагүй) уулзахад хоёулаа надад комик номын захиалга өгсөн. Комик ном уншуулна гэдэг залуу үеийнхнээ манкурт боол болгоё л гэсэн үг. Сайд болж байгаа хүн ийм тэнэг байдаг юм уу, эсвэл цаад эзэд нь ийм хэцүүхэн даалгавар өгдөг юм уу, бүү мэд.
 
Ерээд орны дундуур бид үмх талхны төлөө үхэн хатаж байхад манай номын сангууд үүдээ барьж, муулаад байгаа социализмын дүнд бий болсон хэдэн ном маань урд хөршийг зорьсон. Дэлхийн асар том цаас үйлдвэрлэгч орон нойлын цаас хийх эд материалгүй болчихоод л манай хуучин муусайн номуудыг хэрэглэхээс өөр аргагүй болж гэнэ дээ! Үзэл суртлыг үгүй хийж байгаа нэрийн дор гурван удаа ном хураасан байдаг. 
 
Түүн дотор марксизм ленинизмтэй ямар ч хамаагүй уран зохиолын номууд, тэр дундаа хүүхдийн номууд үй олноороо устгагдсан. Зүйтэй, монголчуудад оюуны гэрэл харуулж болохгүй! Монголчуудыг мунхруулахын тулд хийсэн дараачийн том ажил бол уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хассан! Үүнийг хэн нэгэн хөлдүү толгойтой түшмэл хийсэн юм биш ээ, эх орноо худалдагч сайдууд нэг ихээ холоос шидсэн чулууны заавраар хийсэн болж таараад байна. 
 
Тэгээд уран зохиол үзэл суртлын зэвсэг байхаа больсон тул одоо үзээд байх шаарддагагүй гэсэн тайлбар өгсөн юм байх. Бас хөгжингүй орнуудад уран зохиолын хичээл гэж байдаггүй, эх хэлтэйгээ хамт судлагддаг, Америкт тийм байдаг, Германд тийм байдаг гэж хэн нэгэн гадаадад байдаг хүн хэлсэн юм байх аа. Харамсалтай нь тэгж хэлсэн хүн нь эх хэлнийх нь хичээл гурав, дөрөв задарч ордгийг, талаас илүү хувийг нь уншлагын хичээл эзэлдгийг, уран зохиол ямар түлхүү судлагддагийг манай сайчуулд хэлж өгсөнгүй. Өнөө хэд маань ч хэрэг болгон асууж сурсангүй.
 
Уран зохиол бол ер нийгмийн ач холбогдолгүй, аяга шар айрагтай л адил таашаал төрүүлэх төдий зүйл, ардчилсан чөлөөт нийгэмд хэн ч хэнийг ч хүмүүжүүлэх эрхгүй гэж зарлан тунхагласан нь ердөө манай шинэчлэгчид шүү дээ. Гэвч хөөрхий манай шинэчлэгчид бүхнийг мэдэгч бурхад биш. Тэдний үгүйсгэсэн үгүйсгээгүй, муулсан муулаагүй уран зохиол дэлхийн аль ч өнцөг буланд үзэл суртлыг тунхаглах хүчтэй зэвсэг, тухайн үндэстний оюун санаа, бусдыг дагуулах бахархал байж, хүн төрөлхтнийг хүмүүжүүлэх, хүн болгох үүргээ хадгалсаар л байх болно.
 
Уран зохиол ч тэр, үзэл суртал ч тэр асар үнэт зүйлс мөн. Аливаа улс үндэстэн оршин тогтнохын тулд, хөгжин дэвжихийн тулд маш хүчтэй үзэл сурталтай байх ёстой. Тэр Америкийг хар, тэр Японыг хар. Үзэл суртлынхаа хүчээр тэд тийм хүчирхэг болж чадсан. Үзэл суртал хэрэггүй гэдэг чинь ердөө л социализмыг нураах үед хэрэглэсэн барууны үзэл суртал байж шүү дээ. Урьд нь манайд байсан үзэл суртал жаахан өрөөсгөл байгаа л биз, одоо түүнийгээ засаж залруулж, “Би монгол хүн шүү” гэсэн бахархал төрүүлэхүйц үндэсний, зөв, хүчтэй үзэл сурталтай болох хэрэгтэй. Энэ нь бидний тусгаар тогтнолын баталгаа, нөгөө яриад байдаг төрийн хар хайрцагны бодлого мөн!
 
Зөв (өөрөөр хэлбэл монгол хүнд хэрэгтэй) үзэл суртлыг бага балчраас нь дадуулахад уран зохиол тэргүүн зэргийн ач холбогдолтой. Уран зохиолоос өөр юу ч энэ үүргийг ягштал биелүүлж чадахгүй. 21-р зуун гарчихаад байхад мэдээж бид “зөвхөн монголоороо байя” гээд хөмөрсөн тогоон дотор шиг суугаад байж болохгүй. Дэлхийн хөгжилтэй танилцаж, түүнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. 
 
Үүнд бидний гаргасан энэ хэдэн ном чухал хөшүүрэг байх болно. Гэхдээ жинлүүрийн тавагны нөгөө тал дээр үүнтэй тэнцэхүйц хэмжээний монгол уран зохиол, монгол ухаан байх хэрэгтэй. Би уулзаж ярилцдаг хүмүүстээ удаа дараа хэлж байсан, боловсролыг шинэчлэхийн тулд юуны өмнө буган соёлоос эхлээд нүүдэлчдийн соёлын амин чанарыг гарган ирж, түүний үзэл санаан дээр тулгуурласан хүүхдийн зохиолыг хэдэн арваар нь бичүүлэх хэрэгтэй гэж. Ахиухан шиг шагнал өгөөд уралдаан зарлаад бай, зохиолчдод нэг сайн зохиол бичсэнийхээ төлөө байрны мөнгөтэй тэнцэх хэмжээний урамшуулал өг.
 
 Нэг километр замыг тэрбум төгрөгөөр бариулдаг юм бол бүхэл бүтэл улс орны соён гэгээрлийн асуудал ядаж арав, хорин километр замын үнэ хүрэх байлгүй дээ. Гагцхүү боолын ёсыг шүтье гэж байгаа бол зам номоос илүү үнэтэй байж болно.
Ирээдүйн Монголыг авч явах залуу үеийнхний толгойд ямар үзэл суртал суулгаж өгөх вэ гэдэг улс орны тусгаар тогтнолын асуудал. Өнөөдөр бид үр хүүхдүүдийнхээ толгойд юу хийх вэ, эх орон минь маргааш тийшээ явна. Энэ бол Оюу толгой, Таван толгойгоос илүү стратегийн ач холбогдолтой эх орондоо эзэн байх эсэх хүний толгойн асуудал. 
 
Ийм чухал төрийн бодлогыг сайтуудын санал асуулгаар шийдэх гэвэл эрдэмтэд “Салаавч” шалгаруулахаас юуны ялгаа. (Энд жаахан тодруулга хийе. Манай хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд өнгөрч буй 2012 онд хийсэн хамгийн чухал ажил гэвэл арван үгийн шалгаруулалт юм байх. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үзүүлсэн салаавч тэр мундаг 10 үгийнх нь нэг болжээ. Үүнд утга учир гэж байна уу, та минь! Эрдэмтэн гэсэн сайхан нэрийг даруй тэднээс хурааж авбал таарна. Тийм шинжлэх ухааны хүрээлэнтэй байснаас малын саравчтай байсан нь хол дээр).
 
Хүүхдийн тархи толгой хогийн сав биш ээ. “Ногоон нүдэн лам” зэрэг (Санал асуулгаар энэ энэ ном хамгийн түрүүн орж ирсэн байж таарна) тэнэг ном уншуулж, Монголын залуу оюун ухааныг зэрэмдэглэх гэвэл бид огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
 
Шинэ Боловсролын Яам ном уншуулах хөтөлбөр гаргаж байгаа нь нэн сайшаалтай. Гэхдээ ямар ном уншуулах вэ гэдэг ном уншуулахаасаа илүү ач холбогдолтой зүйл. Ном болгонд хэрэгтэй, сайхан зүйл байдаггүй. Бүр хортой ном ч гэж бий. Тийм ном уншуулснаас огт уншуулаагүй нь дээр.
 
Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан”-г эрхлэн гаргагч
Дашийн Оюунчимэг

No comments: